Wednesday, May 29, 2013




Нам бус улстөрч Болгарын Ерөнхий сайд боллоо

Болгарын парламент нам бус улстөрч Пламен Орешарскийг Ерөнхий сайдаар томилов. Орешарски Сангийн сайдын албыг хашиж байсан юм. Шинэ Ерөнхий сайд эдийн засгийг сэргээж, улс төрийн хуваагдмал байдлыг төгсгөл болгоно хэмээн амлажээ. Мөн үндэстний цөөнх цыгануудын асуудлыг даруй шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Улс төрийн хямралтай байсан Болгар улс Ерөнхий сайдаа томилж чадалгүй гурван сар болоод байсан юм.

Б.Асад дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад 2014 он хүртэл албаа хашиж байгаад дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муалем мэдэгдлээ. Стамбулд уулзсан Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид, зөвхөн Б.Асад Ерөнхийлөгчийн суудлыг орхисон тохиолдолд энхийн гэрээ хэлэлцээнд оролцоно гэсэн тогтоол гаргасан билээ. Сөрөг хүчнийхэн хэд хоногийн дотор дараагийн уулзалтаа Швейцарийн Женев хотод хийхээр төлөвлөж байна. Сири улсыг төлөөлж Гадаад хэргийн сайд Муалем оролцох ажээ.

Улаан загалмайн нийгэмлэг халдлагад өртлөө

Афганистаны Нангархар мужид үйл ажиллагаа явуулдаг Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчийн газрын тэргүүн босогчдын террорист довтолгоонд өртөн амиа алджээ. Нэг террорист Улаан загалмайн нийгэмлэгийн байрны хаалганы өмнө амиа золиослон бөмбөг дэлбэлсэн байна. Үүний дараа бусад босогч байр руу нэвтрэн оржээ. Хоёр цагийн турш харилцан буудалцсаны эцэст зургаан босогчийг устгасан байна. Амиа алдсан нийгэмлэгийн тэргүүн нь Питер гэдэг нэртэй хэмээн Нангархар мужийн цагдаагийн газрын дарга Мохамед Шариф мэдэгдлээ.

Б.Обамагийн хүзүүн дээр хэн үнсэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цамцных нь захан дээр гэрэлтэн харагдах ягаан будгийг тайлбарлан “өдрийн онигоо” болов. Тэрээр “Ази-Америкийн өв уламжлалын сар”-ыг тэмдэглэх ажиллагаан дээр “Намайг итгэмээргүй халуун дотноор хүлээн авсан хүмүүст талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Үүний нэг баталгаа бол миний цамцны захан дээрх уруулын мөр юм” хэмээн түүнийгээ гараараа заан чангаар хөхөрчээ.
“Хэн ингэснийг би хэлэх ёстой. Жессика Санчес (“Америкийн шүтээн” нэвтрүүлгээс төрсөн од) хаана байна? Жессика биш л дээ. Түүний эгч намайг үнссэн юм” хэмээн Цагаан ордны тэргүүн наргисан байна. “Бүгд гэрч болоосой гэж хүсч байна. Учир нь би Мишельтэй муудалцахыг хүсэхгүй байна” хэмээн Обама цугласан олныг инээлгэжээ.


Пакистанд талибуудын удирдагчийг устгажээ

Америкийн нисгэгчгүй онгоц Пакистаны өмнөд нутагт цохилт өгөх үеэр талибуудын лидер Вали Рехман өртөн амь насаа алджээ. Энэ тухай “Талибан” хөдөлгөөний өндөр албаны төлөөлөгч “ВВС”-д мэдэгдсэн байна. Вали Рехман нь Пакистан дахь талибуудын хоёр дахь том удирдагч байжээ. Пакистаны эрх баригчид ч түүний үхлийн талаарх мэдээллийг баталж байгаа юм. Нисгэгчгүй онгоц өмнөд нутгийн Мираншах хотын нэгэн барилгыг бөмбөгдсөн аж. Босогчдын үүр болсон энэ байшинд Вали Рехман байжээ.

Скарлетт Иоханнсон Хиллари Клинтоны дүрийг бүтээнэ

Жүжигчин Скарлетт Иоханнсон АНУ-ын тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны залуу насыг өгүүлэх “Родхэм” киноны гол дүрд тоглохоор сонгогдлоо. Экс тэргүүн хатагтай нөхөрт гараагүй байхдаа Вашингтонд өмгөөлөгчөөр ажиллаж байсан 1974 оны үйл явдлыг энэ кинонд харуулах юм. Найруулагчаар Жеймс Понсолт ажиллах ажээ. Хилларийн дүрд Жессика Чэстейн, Аманда Зифрид, Рийс Уизерспун нар өрсөлдсөн ч найруулагч Скарлетт Иоханнсоныг сонгож авсан байна. “Родхэм” киноны зураг авалт энэ оны эцсээр эхлэх ажээ.

No comments:

Post a Comment