Wednesday, May 15, 2013


Зургийн тайлбар: Ричард Френч. 1950-аад он.


Чөлөөнд гарсан хурандаа харь гаригийнхантай учирч явжээ

АНУ-ын нисэх хүчний чөлөөнд гарсан дэд хурандаа Ричард Френч хагас зууны өмнө үл мэдэгдэх нисдэг биет болон харь гаригийн хүмүүстэй учирч явсан түүхээ хуучлав. Эдүгээ 83 настай Френч 1950-аад онд ийм зүйлтэй учирч, гэрч болж явснаа “The Huffington Post” сонинд ярьсан байна. Дэд хурандаа тухайн үед үл мэдэгдэх нисдэг биетийн талаарх мэдээллийг цуглуулж, дүгнэлт судалгаа хийдэг “Хөх ном” хэмээх төсөл дээр хамтран ажиллаж байжээ. Ричард Френч харь гаригийнхны тухай худал мэдээллийг таслан зогсоох, үл мэдэгдэх нисдэг биетүүд гарч ирсэн гэх газарт очиж шалгалт хийх үүрэг хүлээдэг байв.
1970 онд “Хөх ном” төсөл хаагдаж, санаачлагчид нь ямар ч харь гаригийнхан, нисдэг таваг байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин энэ урт хугацаанд Ричард Френч нэгэн явдлыг хэнд ч хэлэлгүй зөвхөн өөртөө хадгалж иржээ. Чөлөөнд гарсан настай офицер саяхан Вашингтон хотод болсон нэгэн сонсгол дээр 1950-аад онд үзэж харсан зүйлийнхээ талаар өгүүлсэн байна.
1950-аад оны эхээр Канадын Сент-Жонс хотын иргэд Атлантын далайн эрэг орчимд хэд хэдэн үл мэдэгдэх биетийг харсан тухай эрх мэдэлтэй хүмүүст дуулгажээ. Энэ мэдээллийг нягтлан шалгах үүргийг офицер Френчэд даалгасан байна. Хоёр нэн сэжигтэй биет 150 км/цаг хурдтайгаар ус руу шумбаж орсон гэсэн мэдээлэл түүнд иржээ. Ричард Френч эрэг дээр хүрч ирээд ангайж хоцорсон олон хүнтэй тааралдав. Тэдний дотор цагдаа нар хүртэл байсан гэдэг. Тэнд байсан хүмүүс тунгалаг уснаа 5.5 метрийн диаметртэй, нэг метр орчим өндөртэй хоёр “Нисдэг таваг”-ийг хараад “ухаангүй” байсан аж. Тэдгээр биет эргээс хэдхэн метрийн зайд, мөн хоорондоо их ойрхон усны мандал дээгүүр явж байжээ. Үүний дараа офицер Ричард харь гаригийн хүмүүсийг олж харсан байна.
“Тэд хагас метрээс метр орчим өндөртэй байсан. Гэрэлтэй, цайвар өнгөтэй, хоёр юм уу, гурван хуруутай их нарийхан, урт гартай байсан. Толгойны дээд талын хэсэг нь эрүүний хэсгээсээ хамаагүй өргөн, нүд нь хүүхэн хараагүй сөлөрдүү байсан . Тэд яг л кинон дээр гардаг харь гаригийнхантай адилхан байсан” хэмээн Френч ярьжээ.
Дараа нь нэг хөлөг нь уснаас тасран дээшээ ниссэн ч буцаж ирсэн хэмээн чөлөөнд гарсан хурандаа өгүүлж байна. “Нисдэг тавагнууд” ямар нэг юм хийж байгаад 20 минутын дараа Атлантын далайг орхин хөөрч тэр даруйдаа хараа бараагүй алга болсон аж. Дээрээс тусгай даалгавартай байсан Ричард Френч хуурамч илтгэл бичиж өгчээ. Мань эр тэр үед мөлгөр хэлбэртэй ямар нэг тээврийн хэрэгсэл харсан гэдгээ батлан өгүүлж байна. Чөлөөнд гарсан нисэгч харь гаригийн хүмүүсийг харсан, тэд “Нисдэг таваг”-аа засч, найдвартай байдлыг нь шалгаж байхад нь таарсан гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.

No comments:

Post a Comment