Шуурганд
амиа алдсан хүний тоо 51-д хүрлээ
АНУ-ын
Оклахома мужид хүчтэй шуурганд амиа алдсан хүний тоо 51-д хүрлээ хэмээн CNN телевиз мэдээлэв. Тэдний долоо нь хүүхэд
ажээ. Шуурганы үеэр салхины хурд 320км/цагт хүрч байв. Олон зуун орон сууц
газрын хөрснөөс арчигдаж, дунд сургууль нурсан байна. Сургууль нурах үед тэнд 75
хүн байсан ч амь насанд нь аюул учирсангүй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама
байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслана хэмээн амлалаа. Аврах ажиллагаа үргэлжилж
байна.
Хойд
Солонгост шувууны ханиад гарчээ
Хойд
Солонгост H5N1 шувууны ханиад гарсныг эрх баригчид хүлээн зөвшөөрөв. Пхеньян
дахь галууны фермд энэ вирус илэрч, тархалтыг нь зогсоохын тулд 160 мянган
галууг устгажээ. Хойд Солонгосын тал шувууны ханиад гарсан талаар НҮБ-ын зохих
байгууллагуудад мэдэгдэж, хөл хорио тогтоож, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч
байна.
Үүний
зэрэгцээ хөрш Хятад улсад H7N9 шувууны ханиад нэмэгдсээр байна. Одоогоор 130
хүн энэ вирусээр халдварлаж, 35 хүн амь насаа алдаад байгаа юм. Иргэд шувууны
ханиадаар халдварласан тохиолдол Хятадын арван мужид гараад байна.
Apple компани олон тэрбумын
татвараас зайлсхийсэн үү
Apple компани АНУ-ын татварын
хуулийн “цоорхой”-г ашиглаж хэдэн тэрбум долларын татвараас зайлсхийсэн байж
болзошгүй хэмээн Сенатын Мөрдөн шалгалтын хорооноос мэдэгдлээ. Сенатчид тус
компанийн татварын стратегийн талаар хэлэлцүүлэг явуулахаар болж Apple компанийн тэргүүн Тим Кук болон Сангийн яамны
түшмэлүүдийг дуудаад байна.
Apple компани гадаадад гурван офшор
компани байгуулсан нь Ирландад ч, АНУ-д бүртгэлгүй байжээ. Эдгээр компаниуд
сүүлийн таван жилд хаана ч, ямар ч татвар төлөөгүй болохыг Сенатын хороо олж
мэдсэн аж. Apple компани татварын хуулийн “цоорхой”-г
ашиглаж дөрвөн жилийн дотор 44 тэрбум долларын татвар төлөхөөс зайлсхийсэн
хэмээн сэжиглэж байгаа юм.
Цуврал
халдлагад 95 хүний амь үрэгджээ
Иракт
уржигдар болсон цуврал халдлага, дэлбэрэлтийн улмаас 95 хүн амь насаа алджээ.
Багдадын зах дээр гэхэд л тэсрэх бөмбөгтэй арван машин дэлбэрсэн байна. Мөн
Эль-Хилла, Басра хотод дэлбэрэлт болжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь шийт
шашинтнууд байна. Шийт шашинтнууд давамгайлсан Ерөнхий сайд Нури Маликийн
Засгийн газрын бодлогод сэтгэл дундуур байдаг суннитууд халдлага үйлдэх нь эрс
нэмэгджээ. Улмаар Иракт шашин хоорондын мөргөлдөөн газар авч байгааг бүгд
хүлээн зөвшөөрч байгаа юм.
Хакерууд
Гуантанамогийн баазыг сүрдүүлэв
Олон
улсын хакеруудын Anonymous бүлэг хэд хоногийн өмнө
Америкийн цэргийн баазуудын сүлжээг эвдэлнэ хэмээн сүрдүүлсэн юм. Тэр тусмаа
хакерууд Гуантанамод өлсгөлөн зарлаж буй хоригдлуудыг дэмжиж, тэднийг муу
нөхцөлд хугацаагүйгээр хорьж буйг эсэргүүцжээ. Үүний улмаас Гуантанамо дахь
АНУ-ын цэргийн бааз хакеруудын довтолгооноос сэргийлж интернэтээ салгасан
байна.
Террорист
үйл ажиллагаанд сэжиглэгдсэн хүмүүсийг хорьдог энэ шоронг хаах ёстой гэдгийг
Ерөнхийлөгч Барак Обама дахин сануулсан билээ. Гуантанамо нь хэтэрхий их
зардал, чирэгдэлтэй, ийм их мөнгө үрж байгаа нь утгагүй явдал хэмээн Б.Обама
үзэж байгаа аж. Тус шоронгийн нэг хоригдолд жилд 900 мянган доллар зарцуулдаг
байна.
Ferrari худалдаагаа багасгана
Автомашин
үйлдвэрлэгч Ferrari компани бүтээгдэхүүнийхээ онцгой,
тансаг байдлыг хадгалан үлдэхийн тулд энэ онд худалдааныхаа хэмжээг бууруулж,
долоон мянгаас илүүгүй автомашин борлуулахаар болжээ. Өнгөрсөн онд тус компани
7318 автомашин борлуулсан юм. “Тоонд бус, чанарт ач холбогдол өгч байгааг
дилерүүд ойлгох биз” хэмээн Ferrari-ийн захирал Лука Кордеро
хэллээ.
Энэ
оны эхний улиралд Ferrari-ийн борлуулалт 43 хувиар
өсчээ. Цэвэр ашиг найман хувиар өсч 551 сая еврод хүрсэн байна.
No comments:
Post a Comment