Хятадад хархны махыг үхрийн мах болгож байна
Хятадад томоохон шуугиан дэгдэв. Увайгүй
худалдаачид харх, үнэгний махыг үхрийн, хонины мах хэмээн зарж байсан нь илрээд
байна. Одоогоор энэхүү хууль бус бизнест хутгалдсан 904 хүнийг баривчлан
саатуулаад байна хэмээн “Синхуа” агентлаг Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын
яамны эх сурвалжаас иш татан мэдээллээ. Цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгах
явцад олон зүй бус үйлдлийг илрүүлэв. Цзянсу мужид гэхэд л үнэг, булга, хархны
маханд химийн бодис нэмж хонины мах болгоод зах дээр гарган борлуулдаг байсан
аж. Хуурамч махны худалдаачид энэхүү наймаанаас нийтдээ 10 сая юанийн (1.62 сая доллар) ашиг олоод байжээ.
Хуурамч махыг анх нэгдүгээр сард илрүүлсэн юм.
Гэмт этгээдүүд махыг химийн бодисоор “бордоод” зогсохгүй мөн усаар тарьж
хөөлгөн жинг нь нэмэгдүүлдэг байв. Үхсэн амьтны махыг ашигласан тохиолдол
цөөнгүй гарчээ. Одоогоор 20 тн гаруй “хулхи” мах хурааж, 382 эрүүгийн хэрэг
үүсгэн шалгаж байна. Хуурамч махны хэргийг илрүүлэн шалгаж буй нь өргөн
хэмжээний кампанит ажлын зөвхөн эхлэл нь хэмээн Олон нийтийн аюулгүй байдлын
яамнаас мэдээлэв. Дараагийн ээлжинд сүүн бүтээгдэхүүний нөхцөл байдлыг
шалгахаар болжээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт “гүнзгий дархлагдчихаад”
байгаа олон асуудал байгааг цагдаагийн газар хүлээн зөвшөөрсөн ч өөр нарийн
ширийн зүйл дэлгэсэнгүй.
Дээрх шуугиантай холбогдуулан дэлхийн улс орнууд
Хятадад аялж явахдаа мах идэхгүй байхыг анхааруулж байна. “Үхэр, хонины маханд
холилдсон байж магадгүй үнэг, хархны мах нь галзуу өвчин, тахал, хижиг,
сальмонеллез зэрэг олон аюултай өвчнийг өдөөгч вирусыг хадгалж байдаг. Тиймээс
Хятадад байхдаа мах идэхгүй байвал өлзийтэй” хэмээн улс орнууд сэрэмжлүүлж байгаа
юм.
2008 онд Хятадад меламинтэй холбоотой шуугиан
дэгдэж дэлхий нийтийг цочроож байсан билээ. Зарим компани сүүн бүтээгдэхүүн,
тэр тусмаа хүүхдийн хоол тэжээлд меламин хэмээх үхэлд ч хүргэж болох хортой
бодисыг нэмсэн байсан. Албан ёсны мэдээллээр, меламинд 300 мянган хүн хордож,
54 мянган хүүхэд эмнэлэгт хүргэгдсэнээс зургаан хүүхэд нас барсан юм.
Меламинтэй, эрүүл мэндэд аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн компанийн эздийг
баривчилж шүүхэд шилжүүлсэн бөгөөд тэдний хоёрыг нь цаазаар авсан байна. Сүүн
бүтээгдэхүүнд меламин байгааг эрх баригчдад анх мэдээлж байсан иргэн Зян Вэйсо
2012 онд учир битүүлэг шалтгаанаар амиа алджээ.
No comments:
Post a Comment