Хамгийн
жаргалтай хүмүүс Австралид амьдардаг
Эдийн
засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас явуулсан судалгаагаар, манай
дэлхийн хамгийн жаргалтай хүмүүсээр австраличууд тодорчээ. Ажлын хамт олны
харилцаа, чөлөөт цаг, дундаж наслалт зэрэг 11 хүчин зүйлс дээр үндэслэн
судалгаа явуулахад ийм дүн гарсан байна. Австрали иргэдийн 84 хувь нь амьдралдаа
сэтгэл хангалуун, жаргалтай байдаг ажээ. Тус тивд дундаж наслалт 82, ажил
хөдөлмөр эрхлэлтийн түвшин 73 хувьтай байгаа аж. Швед, Канад, Норвеги, АНУ
жагсаалтын эхний тавд багтлаа. Араас нь Дани, Голланд, Исланд, Их Британи
оржээ.
Чангаар
хөгжим тавьбал торгуулна
Туркийн
эрх баригчид зугаа цэнгээний газарт, тэр тусмаа зочид буудалд чангаар хөгжим
тавьбал торгож байх хуулийг баталлаа. Энэ хууль зургадугаар сараас эхлэн
хэрэгжих юм. “Зугаа цэнгээний газарт зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү чангаар
хөгжим тавьбал тухайн иргэн, компанийг 20 мянган лирээр (11 мянган доллар) торгоно” хэмээн Хүрээлэнбуй орчин, хотын
төлөвлөлтийн яамны мэдэгдэлд онцолсон байна. Хуулийг зөрчсөн компани, зочид
буудлыг хаах хүртэл арга хэмжээ авах ажээ.
Бирмэд
лал, буддын шашинтнуудын хооронд мөргөлдөөн гарчээ
Бирмийн
зүүн хойд нутагт лал, буддын шашинтнуудын хооронд мөргөлдөөн гарч цөөнгүй хүн
гэмтэж бэртээд байна. Лашо хотод нэгэн лал шашинтан бензин түгээгүүрийн газарт
буддын шашинтай нэгэн эмэгтэй рүү бензин цацаж шатаасны дараа дээрх мөргөлдөөн
гарсан аж. Хүчтэй түлэгдсэн эмэгтэйг эмнэлэгт хүргэж, балмад этгээдийг
баривчлан саатуулжээ. Лашо хотын эрх баригчид шинэ мөргөлдөөн, хүчирхийлэл
дэгдэхээс сэргийлж аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаад байна.
Кубад
интернэт-кафе нээгдэнэ
Кубын
эрх баригчид ирэх долоо хоногт улс орон даяар 118 интернэт-кафе нээнэ хэмээн
амлалаа. Хэрэглэгчид интернэт-кафегаар нэг цаг үйлчлүүлээд 4.5 доллар төлөх аж.
Эрх чөлөөний арлын иргэдийн сарын дундаж цалин 20 доллар байдаг. Тиймээс
кубуудын дийлэнх нь зөвхөн ажил, эсвэл сургууль дээрээ интернэтэд холбогддог
ажээ. Хүн амын интернэт хэрэглээний түвшнээр Куба улс дэлхийд хамгийн сүүлчийн
байранд ордог.
Ийнхүү
Кубад анх удаа интернэт-кафе нээгдэж байгаа ч гэрийн интернэт хориотой хэвээр
байна. Тус арал дээр өндөр хурдны интернэт энэ оны эхээр орж ирсэн юм. Төрийн
мэдлийн Etecsa компани Венесуэлээс орж
ирсэн шилэн кабелаар дамжуулан улс оронд өндөр хурдны интернэтийг нэвтрүүлснээ
нэгдүгээр сарын 25-нд зарласан билээ. Гэвч одоогоор өндөр хурдны интернэтийг зөвхөн
төрийн байгууллагууд, эрдэм шинжилгээний төвүүд хэрэглэж байна. Дэд бүтцийн
доголдлын улмаас энгийн иргэдэд хүрээгүй байгаа юм. Иргэд хиймэл дагуулын
системээр дамжуулан интернэтэд холбогддог ч энэ нь үнэтэйгээс гадна дэндүү
удаан байдаг аж. Кубын тал Венесуэлээс шилэн кабель татахдаа 70 сая доллар
зарцуулжээ.
No comments:
Post a Comment