Monday, May 13, 2013





Чэн Гуаншен: Эх орондоо буцаж очих цаг холгүй гэдэгт итгэж байна

Хятадын хөдөө нутаг дахь хүний эрхийн төлөө олон жил тэмцсэн хараагүй өмгөөлөгч Чэн Гуаншен 2012 оны дөрөвдүгээр сард гэрийн хорионоосоо зугтан Бээжин дахь АНУ-ын ЭСЯ-нд орж бүгсэнээр дэлхий нийтийн танил болсон билээ. Америк, Хятадын тал амаргүй дипломат хэлэлцээ хийсний эцэст Чэн эдүгээ Нью-Йорк хотод амьдарч байна. Багадаа хараагүй хоцорсон Чэн Гуаншен өөрийн хчиээл зүтгэлээр өмгөөлөгч болж, “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийг хүчээр үргүй болгож байгаа коммунист дэглэмийн бодлогыг эсэргүүцэн тэмцсэнийхээ төлөө олон нийтийн эмх журам алдагдуулсан хэмээн гэрийн хорионд орж байсан юм. Эдүгээ тэрээр (42 настай) Нью-Йоркийн их сургуулийн хуулийн танхимд урилгаар багшлахын зэрэгцээ Хятад дахь нөхцөл байдлыг илчлэн, тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Чэн Осло хотноо ирж дарангуйлагч дэглэмийн эсрэг идэвхтнүүдийг цуглуулдаг Oslo Freedom Forum-д оролцох үеэр El Pais сонин уулзаж ярилцсан байна.

-Гэрийн хорионоос зугтаж, Америкийн ЭСЯ-нд орж нуугдсан үеэ хэрхэн дурсдаг вэ?

-Аймшигтай бөгөөд сэтгэл хөдөлгөм зүйл байлаа. Гэвч өнөөдөр үүнийг сэтгэл хөдөлгөм дүрээр нь л дурсдаг.

-Тэр явдал таны сэтгэлийг өвтгөдөг үү?

-Одоо энэ талаар ярихыг хүсдэггүй юм аа.

-Америкт ямар байна?

-Их сайн байгаа. Энэ бол их өөр нийгэм.

-Яаж мөнгө олж байна даа?

-Бичиж буй зарим номныхоо урьдчилгааг авч байгаа. Дурсамж, намтраа бичиж байгаа юм.

-Таны эрүүл мэнд сайнгүй байсан байх аа. Одоо гайгүй юу?

-Зарим өвчин хууч байж л байна. Гэхдээ намайг сайн халамжилж байгаа аа.

-Хятадын Засгийн газар таныг заналхийлсээр байгаа юу?

-Манай гэр бүлийг заналхийлсэн хэвээр байна. Миний үеэлийг саяхан хорьсон байна лээ. Тэр халдварт өвчин туссан ч эмнэлэгт аваачихаас татгалзсан. Ахыг зодсон байна лээ. Гэрт минь орж, гэр бүлийн эд зүйлсийг маань эвдэлж сүйтгэсэн. Төрөл төрөгсдийг минь айлгаж дарамтлах явдал байсаар байна.

-Танд ч бас дарамттай байгаа биз?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ ийм үйлдлийг зогсоохын төлөө тэмцэх хэрэгтэйг надад сануулж байна.

-Та зөв зүйл хийсэн гэдэгтээ итгэлтэй байдаг уу? Зарим хүн, нэг-хүүхэд бодлого нь хэт их хүн амаас зайлсхийх арга, үүнийг заавал биелүүлэх нь зүй ёсны хэмээн хэлдэг...

-Бүсгүйчүүдийг хүчээр үр хөндүүлж, үргүй болгох нь хууль бус зүйл. Тэр гажуудлыг эсэргүүцэх ёстой гэдэгтээ би эргэлздэггүй.

-Энэ байр суурь таны шашны үзэл бодолтой хамаатай юу?

-Үгүй ээ, би ямар ч шашин шүтдэггүй.

-Таныг гарч явснаас хойш Хятадад ямар нэг өөрчлөлт гарч байна уу?

-Олон өөрчлөлт гарч байна, тэр тусмаа нийгэмд. Иргэний нийгэм аажим аажмаар сэрж байна. Засгийн газарт мөрдөгдөж, хавчигдана гэдэг айдас арилж байна. Хүмүүс эрхээ хамгаалах ёстой гэдгийг ойлгож эхэлж байна.

-Засгийн газрын зүгээс ямар нэг өөрчлөлт байна уу?

-Шинэ лидерүүд улам илүү хяналт тавихыг хичээж байна. Тэд хэвлэлээр ч, нам дотор ч ярьж болохгүй долоон зүйлийг бий болгосон. Нийтлэг үнэ цэнэ, хэвлэлийн эрх чөлөө, иргэний нийгэм, иргэний эрх, коммунист намын алдаа, аристократ капитализм. Учир нь намын лидерүүд аристократын нэг зүйл, төрөл хэмээн харагдах болсон юм. Долоо дахь нь, хараат бус шүүх эрх мэдэл.

-Дэлхий нийт хүний эрхийн асуудлаар Хятадад улам их шахалт үзүүлэх ёстой юу?

-Дэлхий нийт олон арван жилийн өмнөөс шахалт үзүүлэх гэж хичээж ирсэн. Энэ талаар хаалттай хаалганы цаана олон удаа ярилцсан. Ямар ч үр дүн гараагүй. Стратегиа өөрчлөх цаг болсон л доо.

-Хэзээ нэгэн цагт эх орондоо буцаж очно биз дээ?

-Тийм ээ, эх орондоо буцаж очих цаг холгүй гэдэгт итгэж байна. Ирээдүйд манай улс нэг намын системээс хагацах биз. Цөөн хэдэн нөхөр хэн нутгаасаа гарч, хэн буцаж ирэхийг шийддэг байж болохгүй. Би нээлттэй нийгэмд буцаж очно гэдэгтээ итгэж байна. Гэвч Хятадад буцаж очих боломж бус, харин хэн нэг нь дуртай цагтаа орж, гарч байх эрх хамгийн чухал юм.

No comments:

Post a Comment