Saturday, May 18, 2013






Гадаад харилцааны дэд сайдын эцгийг хулгайлжээ

Сирийн Гадаад харгийн дэд сайд Фейсал Мекдадагийн эцгийг өмнөд хэсгийн Даръя мужид зэвсэгтэй этгээдүүд хулгайлжээ. Үл мэдэгдэх этгээдүүд Фейсалийн 80 настай эцгийнх нь гэрт дайран орж хаашаа ч юм авч явсан байна хэмээн “Синхуа” агентлаг мэдээлэв. Сирид Засгийн газрын гишүүд болон тэдний гэр бүлийн хүмүүсийг хулгайлах үзэгдэл улам дэлгэрсээр байна. Гурван жилийн өмнөөс иргэний дайны байдалд байгаа тус улсад хүн хулгайлах үзэгдлийг арилгах ямар ч боломж байхгүй байгааг ажиглагчид онцолж байна.

Пакистанд сөрөг хүчний лидер алуулав

Пакистанд сөрөг хүчний “Шударга ёсны төлөөх хөдөлгөөн” намын дэд ерөнхийлөгч, хатагтай Захра Шахидыг хөнөөжээ. Түүнийг Карачи хот дахь гэрээсээ гарч ирэхэд нь мотоцикл хөлөглөсөн гурван этгээд довтлон буудсан байна. Гэмт этгээдүүд бүсгүйг дээрэмдэх гэж байгаад амь насанд нь халдсан хэмээн цагдаагийн газраас мэдэгджээ. Гэвч “Шударга ёсны төлөөх хөдөлгөөн” намын тэргүүн Имран Хан үүнийг эсэргүүцэж, сонгуульд ялалт байгуулсан Наваз Шарифын “Лалын нэгдэл” нам энэ аллагын ард байгаа хэмээн ярьжээ. Имран Ханы нам Пакистаны сонгуульд амжилттай оролцож, хоёр дахь том хүчин болсон юм.

Энрико Леттагийн бодлогыг эсэргүүцэн жагслаа

Италийн Ром хотод Засгийн газрын шинэ тэргүүн Энрико Леттагийн бодлогыг эсэргүүцсэн үйлдвэрчний холбоодын жагсаал боллоо. Жагсагчид Леттаг төсвийг хасаж танахад гол анхаарлаа хандуулж байна хэмээн шүүмжлээд, шинэ ажлын байр бий болгохыг шаардав. Эсэргүүцлийн жагсаалд  хэдэн мянган хүн оролцжээ. Итали улс сүүлийн 40 жилд байгаагүй эдийн засгийн ухралтад ороод байгаа билээ.

Шууданч 400 кг захидлыг түгээхээ “мартжээ”

Италийн Сардини арлын нэгэн тосгоны шууданчийн гараашаас эзэндээ очоогүй 400 кг захидал, илгээмж гарч иржээ. AFP агентлаг мэдээлж буйгаар, шууданч эр үүргээ биелүүлээгүйн төлөө гурав хүртэл жил шоронд хоригдож магадгүй байна.
Олон жилийн турш захидал, илгээмж хүлээж аваагүй тосгоны иргэд гомдол гаргасны эцэст “задарсан” шууданчийг олж илрүүлсэн байна. Цагдаагийн газрын шалгалтаар, шууданч эр 2009 оноос хойш захидал, илгээмжийг эзэнд нь хүргэлгүй гарааштаа овоолсоор байсан нь тогтоогджээ.

Афганистаны парламент эмэгтэйчүүдийн эрхийн хуулийг баталсангүй

Афганистаны парламент эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг батлахаас татгалзжээ. Хуулийн төслийн дор хаяж найман заалт консервитив улстөрчдийн таалад нийцсэнгүй. Эхнэрийн тоог хоёроос илүүгүй байлгах, охидын гэрлэх насыг 16-гаар тогтоох, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах төвүүдийг байгуулах зэрэг заалтын улмаас эл хуулийн төсөл буцаагджээ. “Эмэгтэйчүүдийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн ололт амжилтын эсрэг зогсдог хүмүүс өнөөдөр үнэх дүр төрхөө харуулаа” хэмээн парламентын эмэгтэйчүүдийн хорооны тэргүүн Фаузиа Куфи мэдэгдлээ.

Эверестэд гарсан Саудын Арабын анхны эмэгтэй

Саудын Араб улсаас анх удаа эмэгтэй хүн дэлхийн хамгийн өндөр уул Эверестийн оргилд гарчээ. Тэрээр дөрвөн хүнтэй багийн бүрэлдэхүүнд багтаж оргилд хөл тавьсан байна. “Миний замнал Саудын Арабын олон эмэгтэйг шинэ ололт амжилт руу уриалж, хөтлөнө гэдэгт найдаж байна” хэмээн Раха Мохаррак ярилаа. Мохаррак бүсгүй Эверестэд гарахын тулд нийгмийн багагүй саад бэрхшээлийг давах хэрэгтэй болсон хэмээн багийн нөхөд нь онцоллоо.

No comments:

Post a Comment