Saturday, May 25, 2013







Маоистууд улстөрчид рүү довтолжээ

Энэтхэгийн Чхаттисгарх мужид маоист дайчид Энэтхэгийн Үндэсний конгресс намын орон нутгийн төлөөлөгчдийг довтолж 17 хүний аминд хүрчээ. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар, амиа алдсан хүмүүсийн тав нь цагдаа, 12 нь улстөрчид аж. Үүнээс гадна, намын орон нутгийн лидер Нанда Кумарыг хүүгийнх нь хамт бартцаалан авч явсан байна. Улстөрчид нэгэн уулзалтад оролцоод эзгүй цөл газраар буцан явж байхад нь маоистууд отолтод оруулан довтолжээ. Тэд эхлээд бөмбөг дэлбэлж, араас нь гал нээсэн байна.
Амиа алдсан хүмүүсийн дотор улстөрч Махендер Карма байсан бөгөөд босогчид түүнийг устгах гол зорилготой байсан хэмээн хэвлэлүүд бичиж байна. Карма маоист хөдөлгөөний эсрэг тэмцлийг санаачлагчдын нэг юм.

Францад ихээхэн хэмжээний хуурамч аспиринийг хураалаа

Францын гаалийн алба Хятадаас орж ирсэн ихээхэн хэмжээний хуурамч аспиринийг хурааж авлаа хэмээн ВВС мэдээлэв. Гавр хотын боомтод Хятадаас ирсэн хөлөг онгоцноос 1.2 сая хуурамч аспирин илрүүлэн хураасан нь Европын холбооны газар нутаг дээрх хураагдсан хамгийн их хуурамч эм бэлдмэл болж байна. Хуурамч эмийг цай хэмээн гаалийн мэдүүлэгт бөглөсөн байв. Аспиринийг Балеарын арал дээр байрладаг Испанийн эмийн компанийн хаягаар илгээсэн байжээ.

Неймар энэ зун “Барса”-д ирнэ

Бразилийн хөлбөмбөгч Неймар Испанийн “Барселона” клубт энэ зун ирэхээр болж, таван жилийн гэрээнд гарын үсэг зуржээ. “Барса” түүнийг 50 сая еврогоор “Сантос” клубээс худалдан авчээ. Неймар “Барса”-д жилд долоон сая еврогийн цалин авах бөгөөд өөрийн нэрээр олох худалдааны ашгаа 100 хувь халааслах юм. “Реал Мадрид” клуб Неймарт жилийн 11 сая еврогийн цалин амласан ч 21 настай бразил довтлогч “Барса”-г сонгожээ. “Реал” Неймарын худалдааны эрхийн 50 хувийг эзэмшинэ гэж байсан юм.

Кристина Фернандес: Би мөнх биш

Аргентины Ерөнхийлөгч, хатагтай Кристина Фернандес де Киршнер нас барсан нөхөр Нестор Киршнерийнхээ Ерөнхийлөгч болсны арван жилийн ойгоор ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Би Ерөнхийлөгчийн суудалд мөнх биш ээ. Би олон жил энэ албыг хашихыг хүсээгүй. Өнгөрсөн арван жил бол ялалтын он жилүүд байлаа. Энэ арван жил ард түмэн ялалтад хүрсэн юм” хэмээн онцолжээ.
Хатагтай Киршнер Аргентины хөдөө тосгодын болон бага орлоготой иргэдийн дунд асар их нэр хүндтэй хэвээр байна. Харин эдийн засгийн өсөлт буурч, үнэ өссөний улмаас дунд ангийнхны дунд нэр хүндээ алдаад байгаа юм.

Өөр рүү нь довтолсон байвгайн толгойг тасджээ

Сербийн 48 настай малчин Блажо Гркович рүү баавгай дайрчээ. Гэвч тэрээр бууж өгсөнгүй, жуулчдын авч явдаг сүхээр араатны толгой руу хэд хэдэн буулгасан аж. Черногор, Босни Герцоговины хил орчмын Волуяк ууланд энэ явдал болжээ.
“Яг юу болсныг тод санахгүй байна. Баавгай над руу дайрч, би түүнийг хэд хэдэн удаа сүхээр цохисноо л санаж байна. Би бараг баавгайн толгойг тасдаж орхисон хэмээн хүмүүс ярьж байна” хэмээн малчин эр өгүүлэв. Гркович бүх хонио аварсан ч гар, мөр, толгойдоо хазуулж эмнэлэгт хүргэгджээ. Гэвч түүний амь нас аюулгүй хэмээн эмч нар ярилаа.

83 насандаа бодибилдингийн тэмцээнд оролцов

Австралийн 83 настай өвөө Рэй Мун саяхан Мельбурн хотод болсон бодибилдингийн тэмцээнд оролцжээ. Тэрээр хорт хавдраа ялан дийлж, зүрхний өвчнөөс ангижирсны дараа бодибилдингийн тэмцээнд өрсөлдөхөөр шийдсэн байна. Дэлхийн хамгийн настай булчинлаг эр ялалт байгуулж чадаагүй ч сэтгэлээрээ залуу, борлосон биеийнх нь цаана дүүрэн хүч байгааг өрсөлдөгч нартаа мэдрүүлж чаджээ. Мун өвөө хамгийн хөгшин насандаа бодибилдингийн тэмцээнд оролцсон гэсэн батламж авч, бас ч хоосонгүй гэртээ харьжээ.

No comments:

Post a Comment