Лалын босогчид шорон руу довтолжээ
Лалын “Боко Харам” бүлгийнхэн Нигерийн Бама хотын
шоронд хоригдож буй босогчдыг суллах зорилгоор дайрчээ. Ширүүн тулалдааны явцад
22 цагдаа, шоронгийн 14 ажилтан, хоёр цэрэг алуулжээ. Босогчид 13 хүнээ алдсан
байна. “Боко Харам” бүлэг шоронгоос 105 гишүүнээ суллаад явахдаа цагдаагийн
хэсэг, цэргийн хуаран болон Засгийн газрын хэд хэдэн барилгыг шатаажээ. Шоронг
дайрахад хэдэн босогч оролцсон нь тодорхойгүй байна.
Нигери улс даяар шариатын хуулийг хэрэгжүүлэхийн
төлөө тэмцдэг “Боко Харам” бүлэг 2002 онд байгуулагдсан юм. Тэд 2009 онд
Нигерийн хойд хэсэгт лалын улс байгуулснаа зарласнаас хойш Засгийн газрын эсрэг
зэвсэгт тэмцэл өрнүүлэх болжээ.
Борис Березовскийг Лондонд оршууллаа
Их Британид улс төрийн орогнолоор амьдарч байгаад
нас барсан Оросын бизнесмэн Борис Березовскийг өчигдөр Лондонд оршуулжээ.
Түүнийг Сюррей гүнлэгт оршуулна хэмээн Темз-Вэлли тойргийн цагдаагийн газраас
сэтгүүлчдэд мэдээлж байсан юм. Хэвлэлд бичиж буйгаар, орос бизнесмэнийг Лондоны
Ганнерсбери оршуулгын газар нутаглуулсан бололтой.
Б.Березовский өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд
Беркшир гүнлэгийн Аскот тосгон дахь гэртээ нас барсан байхыг хамгаалагч нь
олсон юм. Задлан шинжилгээгээр, бизнесмэн өөрийгөө дүүжилж амиа хорлосон байж
магадгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Засгийн газрын гишүүд гадаадад данстай байхыг
хориглов
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын
гишүүд гадаадын банкинд данстай байх, үнэт цаас эзэмшихийг хориглосон хууль
баталлаа. Мөн сайд, түшмэлүүдийг гадаадын санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэхийг
хориглосон байна. Дээр дурдсан хориг нь ОХУ-ын Засгийн газрын гишүүдийн гэр бүл
болон насанд хүрээгүй хүүхдүүдэд нь бас хамаатай ажээ. Үүнд хяналт тавих журмыг
Ерөнхийлөгч мөдхөн батлах юм.
Интернэт-дэлгүүрт татвар оноох бодолтой байна
АНУ-ын Сенат Amazon, eBay, Bestbuy, Walmart зэрэг интернэт-дэлгүүрийн
худалдаанаас татвар авах боломжийг мужуудад олгох хуулийн төслийг хэлэлцэж байна.
Сенатчид Худалдааны шударга байдлын баримт бичиг хэмээн нэрлэсэн хуулийн
төслийг боловсруулсныг Б.Обамагийн засаг захиргаа дэмжиж байгаа аж.
Америкийн олон муж ийм хууль батлахыг олон жилийн
турш оролдсоор ирсэн юм. Эрх баригчдын тооцоолж буйгаар, ийм хуульгүй байснаар
татварт орох олон тэрбумын орлогыг алдаж байгаа ажээ. Өнгөрсөн онд гэхэд л онлайн
худалдаанаас 11 тэрбум долларын татварыг цуглуулах боломжтой байжээ.
Хунтайж Чарльз ногооны дэлгүүрээ хаалаа
Их Британийн хунтайж Чарльз улс орон дахь эдийн
засгийн тааруу нөхцөл байдлын улмаас ногооны дэлгүүрээ хаажээ. Түүний The Veg
Shed дэлгүүрт экологийн цэвэр ногоо болон фермүүдэд тариалсан гажиг хэлбэртэй
жимс зардаг байжээ. “Хэрэглэгчдийн эрэлт хүсэлт буурсны улмаас дэлгүүрээ хааж
байна” хэмээн хунтайжийн хэвлэлийн албанаас мэдээлэв. The Veg Shed дэлгүүрийн
бүтээгдэхүүн орон нутгийн супермаркетуудынхаас үнэтэй байдаг. Гэвч The Veg Shed-ийн
жимс, ногоог онлайнаар хайрцгаар нь захиалж авч болох ажээ.
Төв Африкийн заан аюулд оржээ
Төв Африкийн бүгд найрамдах улсын дархан цаазат
газар руу зэвсэглэсэн дайчид зааныг олноор нь хядах зорилгоор нэвтэрч орлоо
хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдэгдэв. Саяхан төрийн эргэлт хийж
засгийн эрхийг авсан “Селек” хөдөлгөөн түр Засгийн газар байгуулсан билээ.
Дархан цаазат газрын амьтдын хувь заяа бидний мэдэлд байгаа хэмээн тус
хөдөлгөөний төлөөлөгч ярьжээ. Зэвсэглэсэн хүмүүс жил бүр 200 заан цугладаг баян
бүрдийн газар нутаг руу нэвтэрч ороод байна. Тэндээс буун дуу сонсогдож байгааг
Дэлхийн байгаль хамгаалах сангаас уламжиллаа.
No comments:
Post a Comment