Sunday, May 19, 2013




Гарри Каспаров: Зөвхөн эсэргүүцлийн хөдөлгөөнөөр дэглэмийг унагаж чадна

Бүх цаг үеийн шилдэг шатарчин байж болох Гарри Каспаров өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний дэглэмийг эсэргүүцэгчдээс олон улсад хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн нүүр царай болжээ. Тиймээс ч тэрээр Оросын Ерөнхийлөгчийн өрсөлдөгч нараас хамгийн бага “хэлмэгдсэн” улстөрчөөр нэрлэгддэг. Бусад нь шоронд орж, эсвэл улс орноо орхин гарахаас өөр аргагүй болсон билээ. Орос улс дарангуйлал руу яаран орж буйг Каспаров сануулж байна. Каспаров хүний эрхийн асуудлыг голчлон хөнддөг. Тэрээр “El Pais”-т өгсөн ярилцлагадаа, Путиний Орост болон дэлхий нийтэд учруулж буй аюулыг дахин анхааруулж байна.

-Путин дахин Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаад юу өөрчлөгдөв өө?

-Орос улс нэг намын дарангуйллаас нэг хүний дарангуйлал руу шилжээд дуусч байна. Энэ бол муу ч, нөгөө талаараа сайн мэдээ. Учир нь эрх баригч дэглэм уян хатан бус болж, маневр хийх чадвар нь багасч эцсийн шатандаа орж байна гэсэн үг. Энэ нь удаан үргэлжлэхгүй гэж бодож байна. Ирэх хоёроос гурван жилд Оросын нийгэмд тэсрэлт болно, гэхдээ улс оронд их үнэтэй тусна. Путин гашуун төгсгөл хүртэл эрх мэдлээ хадгалж үлдэнэ. Орос улс тайван замаар эрх мэдлийг шилжүүлэх үеэсээ өнгөрөөд явчихсан.

-Путиний төлөвлөгөө юу юм бэ?

-Аль болох удаан хугацаагаар эрх мэдэлд үлдэх.

-Орос оронд хууль дүрэм, Үндсэн хууль гэж байгаа биз дээ?

-Тийм ээ, гэхдээ эрх мэдэлд байхын тулд хүслээрээ өөрчилж байх нөхцөлийг бүрдүүлчихсэн. Түүний Засгийн газар хууль бус. Тэр техникийн хувьд гурав дахь бүрэн эрхийнхээ хугацаанд байгаа ч Үндсэн хууль түүний хувьд зүгээр л таалалдаа ашигладаг цаас гэдгийг харуулсан.

-Тэгвэл Путинийг зогсоох ямар арга байна вэ?

-Орос улс, Оросын ард түмэн энэ  бүхнийг өөрчлөх агуу боломжоо 90-ээд онд алдчихсан юм. Путин бол их азтай. Оросын насанд хүрсэн хүмүүс түүнийг эмх замбараагүй, аюултай 90-ээд оны үеэс хамаагүй дээр нийгмийг бий болгосон хэмээн хардаг.

-Хоёр жилийн өмнө Оросын хавар хэмээн нэрлэсэн эсэргүүцлийн хөдөлгөөн Орост болж байлаа. Тэрнээс юу үлдэв ээ?

-Зарим үр дүн гарсан. Эрх баригчдад ард иргэдийн санаа бодол ямар ч хамаагүй, Путиний Засгийн газар хууль бус гэдгийг энэ хөдөлгөөн харуулсан. Эсэргүүцэл үзүүлж байсан хүмүүс алга болсон гэж хэлж болохгүй. 2011 оны арванхоёрдугаар сар хүртэл эсэргүүцлийн хөдөлгөөнд дөрвөн мянга хүрэхгүй хүн оролцдог байлаа. Өнөөдөр дор хаяж 25 мянган хүн цуглаж байна. Өвлийн хүйтэнд 150 мянган хүн жагсаж л байна. Гэхдээ энэ бол хангалтгүй тоо. Илүү олон зуун мянган хүнтэй жагсаал хийх хэрэгтэй.

-Гудамжны эсэргүүцэл нь таны Путиний эсрэг стратеги юм уу?

-Зөвхөн эсэргүүцлийн хөдөлгөөнөөр дэглэмийг унагаж чадна. Путин Үндсэн хуулийн тайван замаар эрх мэдлийг шилжүүлж өгөхгүй.

-Путинийг унагах үйл явцад та ямар үүрэг гүйцэтгэх вэ. Дараа нь та юу хийх вэ?

-Хувийн төлөвлөгөө боловсруулаад сууж байдаг цаг биш ээ. Дэглэмийг нураахад юу хэрэгтэй байна, түүнийг хийх болно. Эх орон маань чөлөөтэй болчихвол янз бүрийн сонголт гарч ирнэ. Гэвч би амьдралдаа хангалттай суу алдарт хүрсэн хүн. Тэгэхээр надад хувийн том зорилго алга. Оросын хувьд, магадгүй дэлхийн хувьд Путинийг унагах нь хамгийн чухал юм. Тэр тэнд байж байвал бусад улсад, Орос улсад нөлөөлсөөр байх болно.

-Путин Венесуэль болон Латин Америкт юунд санаархаад байна аа?

-Энэ дэлхийд байгаа дарангуйлагчид бүгд нягт холбоотой. Путин, Чавист Засгийн газар, Иран, Хойд Солонгос, Сири гээд... Тэд хамтарч бизнес хийхийн хажуугаар бие биенээ дэмжиж тэтгэж суудаг. Яагаад гэвэл тэд өөрчлөлтийг хүсдэггүй, даалуу шиг бие биенээ дэрлэж унахаас айдаг юм.

-Путин Оросын эзэнт гүрнийг сэргээн босгохыг зорьж байна уу?

-Үгүй ээ. Зүгээр л мафийн сүлжээ юм. Бүх зүйл мөнгөн дээр, эрх мэдэл дээр үндэслэсэн. Үзэл суртал дээр биш.

-Путин Сирийн хямрал дээр ямар байр суурь баримталж байна?

-Тэр Башар Асадыг эцсээ хүртэл дэмжих болно. Учир нь Асад унавал Путин ч унаж магадгүй. Энэ бол дарангуйлагчдын ах дүүгийн харилцаа. Тэд эцсээ хүртэл бие биенээ хамгаалах болно. Путин Ойрхи Дорнодод ямар ч нааштай шийдвэрийг санал болгохгүй. Учир нь түүний ашиг сонирхол огт өөр. Бид нефтийн үнэ хямдраасай, дэлхийн эдийн засаг тогтворжоосой гэж хүсдэг. Харин Путин өсөөсэй гэж хүсдэг. Энэ нь эрх мэдэлд хадагдаж байх нэг арга юм.

-Тэгвэл Барак Обамагийн засаг захиргаа түүнтэй яриа хэлэлцээ хийгээд байгаа нь дэмий гэж үү?

-Мэдэхгүй. 75 жилийн өмнө дэлхий нийт Гитлерийг номхотгох гэж оролдож байсан. Өнөөдөр Путинийг зогсоох гэж бас л нөгөө бодлогоо баримталж байна. Дарангуйлагч нартай хэлэлцээ хийж болохгүй. 75 жилийн өмнө хэлэлцээ хийгээд нэмэр болоогүй. Өнөөдөр ч нэмэр болохгүй.

No comments:

Post a Comment