Saturday, May 11, 2013




Консерватив Наваз Шариф эрх мэдэлд буцаж ирлээ

1980-аад онд Пакистаны Засгийн газрыг хоёр ч удаа тэргүүлж байсан Наваз Шарифын Лалын Наваз нэгдэл нам Пакистаны парламентын сонгуульд илт давуу ялалт байгууллаа. Тус нам хамгийн их санал авч 64 настай Н.Шариф гурав дахь удаагаа Ерөнхий сайд болох нь тодорхой болоод байна. Лалын Наваз нэгдэл одоогоор парламентын 272 суудлын 114-ыг аваад байна. Санал хураалтын дүн эцэслэн гарахад тус нам дангаараа Засгийн газраа байгуулахад хангалттай 172 суудлыг авч магадгүй байгаа юм. Крикетийн нэрт тамирчин асан Имран Каны Шударга ёсны нам 38, Бхуттогийн гэр бүлийн Пакистаны Ардын нам 35 суудал авчээ. Наваз Шариф шөнө дундын үед намын гишүүд дэмжигчдийнхээ өмнө гарч ялалтын баяраа тэмдэглэхдээ улс оронд тулгарч буй аюул бэрхшээлийг онцолсон юм. 180 сая хүнтэй, цөмийн зэвсэгтэй энэ гүрэн эдийн засгийн хүнд бэрхшээлийг даван гарах шаардлагатай болсныг тэрээр цохон тэмдэглэсэн байна. Эдийн засгийн хажуугаар АНУ-тай харилцах харилцаа сонгуулийн кампанийн гол сэдэв байлаа. Тэрээр Америкийн нисгэгчгүй онгоцууд омог, аймгийн газар нутгийг бөмбөгдөж байгааг хатуу шүүмжилж байсан билээ.
Имран Каны нам ялагчаас хол зайтай хоцорсон ч парламентад хүч түрэн орж ирж, шинэ Пакистаны улс төрийн чухал тоглогчоор тодорч байна. Пакистан улс түүхэндээ анх удаа цэргийн эргэлтийн замаар бус, иргэний шилжилтийн замаар Засгийн газраа сольж буй нь энэ ажээ. Пакистаны крикетийн шигшээ багийн ахлагч асан Имран Каны нам сүүлийн таван жилд улс орныг удирдахдаа ард иргэдийн итгэлийг алдаад байсан Пакистаны Ардын намаас илүү санал авчээ. Энэ нь Пакистаны Ардын намын лидер, өнөөгийн Ерөнхийлөгч Асиф Али Зардарид томоохон сануулга болж өгчээ. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлчээр дуусах юм.
Пакистаны иргэд энэ удаагийн сонгуульд 60 хувийн ирцтэй оролцсон нь 1977 оноос хойшх хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Сонгогчид саналаа өгөхөөр халуун наран дор урт дараалал үүсгэн зогсож байсны улмаас санал хураалт сунжирч, ихэнх хэсгүүд санал авах хугацааг нэг цагаар, олон хэсэг гурван цагаар сунгажээ. Пакистаны санхүүгийн нийслэл гэгддэг Карачи хотод будлиан, луйвар хамгийн ихээр бүртгэгдлээ. Харин лалын босогчдын “Техрик и Талибан” бүлэг сонгогчдыг айлган сүрдүүлж байсан ч сонгуулийн ирцэнд нөлөөлж чадсангүй.
Сонгуулийн кампанийн үеэр цөөнгүй халдлага үйлдэгдэж 110 хүний амь нас хохирчээ. Сонгуулийн санал авах өдөр гэхэд л Карачи хотод бөмбөг дэлбэрч 11 орчим хүн амь насаа алдаад байна.Энэ хотод сонгуулийн будилаан, зөрчил хамгийн их гарсныг Сонгуулийн хороо тэмдэглээд “Бид Карачи хотод шударга, чөлөөт сонгуулийг явуулж чадсангүй” хэмээн мэдэгдэл гаргасан байна.
Сонгуульд ялалт байгуулаад байгаа Наваз Шариф 1999 онд хоёр дахь удаагаа Засгийн газрыг тэргүүлж байхад армийн гегерал Первез Мушарраф цэргийн эргэлт хийн эрх мэдэлд гарч ирсэн юм. Улмаар Наваз Шарифыг гэрийн хорионд байлгаж байгаад Саудын Араб руу цөлсөн юм. Шариф 2007 онд Пакистанд буцаж иржээ. 2008 оны сонгуульд оролцож Пунжаб мужийн Засгийн газрыг ах Шахбазын хамтаар бүрдүүлж байжээ.

No comments:

Post a Comment