Төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ
Чадын тусгай албаныхан Ерөнхийлөгч Идрис Дебиг
эсэргүүцэгчдийн хэдэн сарын өмнөөс бэлдэж байсан төрийн эргэлт хийх оролдлогыг
таслан зогсоожээ. Дэглэмийг эсэргүүцэгчид тусгай албаны мэргэжлийн ур чадварыг
дутуу үнэлсний улмаас санаа нь бүтэлгүйтсэн хэмээн Мэдээллийн сайд Силла Бакари
ярилаа. Тусгай албаныхан 2012 оны арванхоёрдугаар сараас хойш тэднийг ажиглаж
байгаад өчигдөр баривчилсан аж. Саатуулагдсан хүмүүсийн дотор цэргийн хэд хэдэн
офицер, мөн парламентын нэг гишүүн байгаа юм. Чадын армийн цэргүүд Мали дахь
цэргийн ажиллагаанд оролцож байгаа. Төрийн эргэлт хийх оролдлого үүнтэй
холбоотой байж магадгүй байна.
Хар арьст сайдыг саpмагчин хэмээн нэрлэсэн
хүмүүсийг эрэн сурвалжилж байна
Италийн Засгийн газар улс орны анхны хар арьст
сайдыг доромжилсон хэргийг мөрдөн шалгахаар болжээ. Ардчилсан намын Энрико Леттагийн
бүрдүүлсэн Засгийн газарт Сесиль Киенге хэмээх хар арьст бүсгүй Нэгдэл, хамтын
ажиллагааны сайдаар томилогдсон юм. Конгод төрсөн тэрээр шинэ Засгийн газрын
долоон эмэгтэй сайдын нэг ажээ. Сесиль Киенге сайдаар томилогдсоны дараа
түүнийг интернэт сайтуудаар “Конгын сармагчин”, “Хар шавар” зэргээр нэрлэж дормжилжээ.
Тэгш байдлын сайд Жозефа Идемийн санаачилгаар хар арьст сайдыг доромжилсон
хүмүүсийг саатууллан шалгах ажлыг эхлүүлсэн байна. Конго гаралтай Сесиль, герман
гаралтай Жозефа нар итали хүнтэй гэрлэж Италийн иргэн болсон ажээ.
Ирак дахь дэлбэрэлт 12 хүний аминд хүрлээ
Иракт хэд хэдэн дэлбэрэлт болж 12 хүн амь насаа
алдаад байна. Багдад хотоос 65 км-ийн зайд орших Фаллужа хотод амиа золиослогч
этгээд цагдаагийн хэсэг дээр бөмбөг дэлбэлж таван хүний аминд хүрсний дотор
өндөр тушаалын нэг офицер байна. Багдад хотод автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч
гурван хүн амь үрэгджээ. Мөн Иракийн нийслэлээс хойд зүгт 180 км-т явж байсан
цагдаагийн цуваанд халдаж дөрвөн цагдаагийн аминд хүрчээ.
Б.Обама Гуантанамогийн шоронг хаахыг хүсч байна
Гуантанамо дахь Америкийн цэргийн баазын шоронд
өлслгөлөг зарласан хоригдлуудыг хүчээр хооллож байгааг НҮБ шүүмжиллээ. Эдүгээ
тус шоронд 166 хоригдол байгаагаас 100 нь өлсгөлөн зарлаад байна. Тэдний
заримыг нь хүчээр хооллож байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама
Гуантанамогийн шоронг үр өгөөж багатай, улс орны нэр хүндэд сөргөөг нөлөөлж
байна хэмээн үзэж хаах бодолтой байгаагаа дахин мэдэгджээ. Тэрээр 2009 онд уг
шоронг хаах талаар мэдэгдэж байсан ч Конгресс үүнийг эсэргүүцсэнээр шорон
хаагдсангүй өнөөг хүртэл ажилласаар байна.
Хойд Солонгост америк эр 15 жилийн ял сонслоо
Солонгос гаралтай Америкийн иргэн Кеннет Бэй Хойд
Солонгосын шүүхээс 15 жил засан хүмүүжүүлэх ажил хийх ял сонслоо. Түүнийг
Пхеньяны дэглэмийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэхээс өөр дэлгэрэнгүй зүйл
мэдээлсэнгүй. 44 настай Кеннет Бэй өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хойд
Солонгост жуулчилж явахдаа баривчлагдсан юм.
Хойд Солонгост шийтгүүлсэн америк иргэд ял
сонссоноос хэдэн сарын дараа суллагддаг болоод байгаа юм. АНУ-ын экс
Ерөнхийлөгч Жимми Картер, Билл Клинтон нар Пхеньянд очиж Хойд Солонгосын
удирдлагатай уулзсаны дараа шийтгүүлсэн иргэдээ суллаж байсан юм.
Тайваньд барби-кафе нээгдлээ
No comments:
Post a Comment