Wednesday, September 28, 2016



Суданд энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн үү

Судан улсад хэдэн арван хүүхэд Засгийн газрын зүгээс Дарфур мужид хэрэглэсэн химийн зэвсгийн улмаас тарчлан нас барлаа хэмээн хүний эрхийн Amnesty International байгууллагаас мэдэгдлээ. Энэ оны нэгдүгээр сараас хойш Дарфурт хориотой зэвсэг хэрэглэсний улмаас 200 орчим хүн амь насаа алдаад байгаа юм. Хорт утаанд өртсөн хүмүүс амьсгалж чадахгүй цус алдаж, арьсан дээгүүр нь цэврүү гарч байгаа аж. Химийн зэвсгийг дор хаяж 30 удаа хэрэглэснийг гэрчлэх 56 хүн гарч ирснийг Amnesty International илтгэлдээ онцолжээ. Суданы Засгийг газар энэ талаар ямар нэг тайлбар хийсэнгүй. Хачин үнэртэй утаа гарсан хэмээн Дарфурын иргэд мэдэгдсэний дараа хүмүүс бөөлжиж, гүйлгэж эхэлсэн байна. Зарим хүний нүд нь бүлтрэх шахаж өнгө нь өөрчлөгдөж байгаа аж.

Турк дахь онц байдлыг сунгахыг уриалав

Туркт долдугаар сарын 15-нд төрийн эргэлт хийх оролдлого гарч бүтэлгүйтсэний дараа эрх баригчид хэдэн мянган хүнийг баривчилж, долдугаар сарын 20-ноос эхлэн улс орон даяар онц байдал зарласан билээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл онц байдлыг дахин сунгахыг уриалав. Улс орон дахь ардчиллыг хамгаалж, хууль ёсыг сэргээж, Туркийн иргэдийн бүрэн эрх, эрх чөлөөг хангахын тулд онц байдлыг сунгах ёстой гэж үзжээ. Анкарад болсон үндэсний аюулгүй байдлын хуралд Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоган оролцсон байна.
Онц байдлын дэглэмийг гурван сараар сунгах боломжтой. Төрийн эргэлт гарснаас хойш 32 мянган хүнийг энэ хэрэгт холбогдуулан саатуулсан юм. Онц байдал тогтоосноор цагдаа, хууллийнхан сэжигтэй хүнийг шууд баривчлах эрхтэй болжээ. 70 мянган хүнийг төрийн эргэлт хийх гэсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс долдугаар сарын 15-ныг Ардчилал, эрх чөлөөний өдөр болгон зарлах санал гаргалаа. Турк улс онц байдал зарласнаар ард иргэдээ хууль бусаар мөрдөн мөшгих вий хэмээн АНУ, Европын санаа зовниж буйгаар илэрхийлжээ. Туркийн эрх баригчид АНУ-д амьдарч буй санваартан Фетхулла Гюленийг төрийн эргэлт хийх оролдлогод буруутгаж байгаа юм.

С.Берлускони 80 хүрлээ

Италийн Ерөнхий сайд асан Силвио Берлускони өчигдөр 80 насны босгыг давжээ. Тэрэн насан баяраа тохиолдуулан Италийн Chi сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би дотоодын ч, гадаадын ч улс төрд хэзээ алдаа гаргаж байгаагүй. Хэрвээ би ялагдсан бол миний алдаанаас болоогүй” хэмээн онцолсон юм. Тэрээр ач, зээ нартайгаа зургаа авахуулж сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Эд нар бол миний ирээдүй” гэсэн байна. Берлускони улс төрд хэзээ ч дурлаж байгаагүй хэмээн өгүүлсэн юм. “Нэг их дуртай биш улс төрд асар их цаг хугацаа, эрч хүч зарцуулах хэрэгтэй болсон. Үүндээ их харамсдаг. Тэгээд яагаад улс төрд орсон юм бэ гэж үү? 1945 оноос хойш Италид эрх барьж байсан коммунистууд дахин гарч ирэхээс сэргийлсэн юм” хэмээн өгүүлжээ.


Вашингтон курдуудыг, тэд нартай байлдаж буй Анкараг ч дэмжиж байна

Сирийн курд үндэстнүүд АНУ-аас тал бүрийн тусламж авч байгаа ч Вашингтон үнэн сэтгэлээсээ тусалж, Сирийн хойд хэсэгт хоёр тасарсан курдуудыг нэгтгэж нэгдмэл холбооны бүс нутаг болгох санаатай байгаа эсэх дээр эргэлзээ төрөх болжээ. “Америкууд бидэнд тусалж байна. Гэхдээ тэд цаанаа өөр бодлоготой байх шиг байна. Нэг талаас, курдуудыг “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэхэд нь дэмжиж байна гэж хэлдэг. Нөгөө талаар, Туркийн цэрэг Жараблус хот руу нэвтрэн ороход америкууд хараагүй юм шиг өнгөрсөн. Энэ явдлыг курдууд таагүй хүлээж авсан. АНУ ямар зорилго агуулж байгааг цаг хугацаа харуулах биз. Гэвч ямар ч тохиолдолд, Сирийн хойд нутагт холбооны улс байгуулах курдуудын эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байж Вашингтон курдуудыг террористуудын эсрэг ашиглахыг бид хүсэхгүй. Сирид хоёр тасарсан курд үндэстнүүд нийлж хүчээ нэгтгэх ёстой” хэмээн курдуудын үндэсний-соёлын автономийн зөвлөлийн тэргүүн Фархат Патиев “Известия”-д ярилаа.
Хэд хоногийн өмнө Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Bloomberg телевизэд ярилцлага өгөхдөө, АНУ Сири дахь курд террористуудад зэвсэг нийлүүлж байна хэмээн буруутгасан юм. “Америкууд Кобани хотод хоёр нисэх онгоцоор зэвсэг хүргэж өгсөн. Хэнд вэ? Тэд Ардчилсан холбоо нам болон Ардын хамгаалалтын отрядад зэвсэг нийлүүлсэн. Тэд дэлхийн нүдэн дээр том алдаа гаргаж байна. Ардчилсан холбоо нам, Ардын хамгаалалтын отряд нь Туркт террорист ажиллагаа явуулдаг Курдистаны Ажилчны намын үр хөврөлүүд” хэмээн Анкарагийн лидер хэлжээ. Туркийн арми наймдугаар сарын 24-нд Сирийн Жараблус хот болон эргэн тойрны бүс нутагт цэргээ оруулсан юм. Энэ нь “Исламын улс” бүлэг болон курдын зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг ажиллагаа хэмээн Туркийн эрх баригчид мэдэгджээ. Курдын отрядууд наймдугаар сарын 12-нд Манбиж хотыг лалын террористуудаас чөлөөлсний дараа Анкара ийм алхам хийсэн байна. Курдуудын Адчилсан холбоо намын төлөөлөгч Салам Али “Террористуудад хил хязгаарыг хаахын тулд Манбиж хотыг эзэлж авлаа. Одоо курдууд баруун зүгт давшиж Африн хотыг хянаж байгаа курдуудын Ардын хамгаалалтын отрядтай нэгдэх боломжтой боллоо ” хэмээн мэдэгдэж байв.

Гэвч Туркийн цэрэг Сири рүү нэвтрэн орсноор курдуудын төлөвлөгөөнд саад болжээ. Тэр тусмаа Анкарагийн үйлдлийг Америкийн байлдааны онгоцууд дэмжиж байгаа аж. Үүнийг Пентагон ч баталж байсан. Ийнхүү америкууд НАТО-гаар дамжуулан Туркийн холбоотон болоод зогсохгүй Сирийн курдуудад зэвсэг нийлүүлж байна. Зарим ажиглагч, тоймчийн үзэж буйгаар, Вашингтон Сири дахь зорилгоо биелүүлж, харин холбооны бүс нутгийг байгуулж, өөрийн гэсэн төр улстай болно хэмээн тооцоолж байгаа курд үндэстнүүд зөвхөн АНУ-ын нэг арга хэрэгсэл болж байгаа аж. “АНУ хэзээ ч Турктай арцалдахыг хүсэхгүй. Курдуудыг өөрийн төр улсаа байгуулахад туслана гэж хэлдэг ч цагаа болохоор тусладаггүй. Курдууд төр улсаа байгуулах үйлсэд америкууд туслана гэж хүлээж байдаг ч эцсийн эцэст Дамаскийн удирдлагыг унагааж, Сирид тогтворгүй байдал бий болгох зорилготой Вашингтоны гар хөл болоод дуусч байна” хэмээн улс төр судлаач Вячеслав Матузов ярилаа. 

Tuesday, September 27, 2016




Шарлиз Терон шинэ дүрийнхээ төлөө 16 кг нэмжээ

Холливудын оддын нэг, жүжигчин Шарлиз Терон шинэ дүр бүтээхийн тулд 16 кг жин нэмээд байна хэмээн Daily Mail-д бичжээ. Тэрээр эдүгээ Канадын Ванкувер хотноо “Tully” хэмээх киноны зураг авалтад оролцож байгаа юм. Зургийн талбайд байхдаа авахуулсан гэрэл зурагнаас үзэхэд жүжигчин бүсгүй ихэд жин нэмсэн нь илт харагдаж байв. Шарлиз Терон 2003 онд “Monster кинонд цуврал алуурчны дүр бүтээхдээ гадаад төрхөө эрс өөрчилж байсан билээ. Тэрээр энэ дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний Оскар авч байсан аж. “Tully” киноны найруулагчаар Жейсон Райтман ажиллаж байна. Райтманы “Ядуу баян охин” кинонд Шарлиз Терон тоглож байсан юм. 
Шимон Перес 93 насандаа өөд болов

Израилийн Ерөнхийлөгч асан Шимон Перес өвчний улмаас 93 насандаа өөд болжээ. Тэрээр бие нь муудаж энэ сарын 13-нд Тель-Авивийн эмнэлэгт хүргэгдээд байсан юм. Израилийн улс төрийн нэрт зүтгэлтэн Шимон Перес Израилийн төрийн бүх л чухал албыг хашиж байв. Тэрээр Ерөнхий сайдаар хоёр удаа, Батлан хамгаалах яам, Сангийн яамны тэргүүнээр хэд хэдэн удаа сонгогдон ажиллаж байв. Тэрээр 2007-2014 онд улс орны Ерөнхийлөгчийн албыг хашжээ. Шимон Перес 1994 онд Израилийн Ерөнхий сайд Ицхак Рабин, Палестины лидер Ясир Арафат нарын хамт Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. Палестины эрх мэдлийг Палестины иргэний эрх баригчдад шилжүүлж өгөх үйл явцын эхлэлийг тавьсан Ослогийн гэрээнд чухал үүрэг гүйцэтгэснийхээ төлөө энэ шагналын эзэн болжээ.


Бранжелинагийн бас нэг тулаан. Хэн нь их орлого олсон бэ?

Бранжелинагийн салалтын талаарх шуугиан мөддөө тасрахгүй бололтой. Холливудын хамгийн зартай төдийгүй хамгийн баян хосын тухай яриа өрнөж байна. Тэд анх дурлалцан амьдралаа холбоход Брэд Питт 22.3 сая, Анжелина Жоли 24 сая долларын хөрөнгө цуглуулаад байжээ. Тэр цагаас хойш орлого, зарлага нь дээш, доош савласаар 2014 онд хуримаа хийж, хэдхэн хоногийн өмнө хоёр тийш болох хүртлээ Бранжелина хамтдаа 105 сая доллартай болжээ. Брэд 68 саяыг нь олсон аж.
Гэвч кино урлагт зүтгэсэн замналынхаа туршид хэн нь илүү амжилт олсон бэ? Box Office Mojo уламжилж буйгаар, зартай хоёр жүжигчин хамтдаа тоглож, бие биедээ дурласан “Ноён болон хатагтай Смит” (2005) кино 186 сая долларын орлого авчирсан юм. Б.Питт гол дүрд нь тоглосон “Дэлхийн дайн Z” (2013) 202.3 сая доллар авчирч байсан билээ. Тэгвэл Анжелина Жолигийн тоглосон “Kung Fu Panda” (2008) 215.4 сая, “Maleficent” (2014) 241.4 сая долларын орлого олсон.
Харин эцсийн дүнгээр Брэд Питт илүү гарч байна. Жоли 1995 оноос хойш 32 кинонд тоглосон ба эдгээр киноны нийт орлого хоёр тэрбум 179 сая доллар. Питт 40 кинонд тоглосон нь нийт хоёр тэрбум 680 сая долларын орлого авчирч байжээ. “Тельма, Луиз хоёр” кинонд тоглож жүжигчний гараагаа эхэлсэн Брэд Питтийн эхний арваннэгэн киноны орлого 100 саяд хүрсэн бол, Жолигийн эхний арван кино 100 сая долларын босго давж байлаа. Брэд Питт 2007 онд нэг кинонд тоглоод 31.3 сая долларын цалин авч байсан бол, Анжелина Жоли 2013 онд нэг кинонд тоглосныхоо төлөө 30 сая доллар халааслаж байв. Тэдний тоглосон кино ямар орлого цуглуулж байсныг сонирхуулъя.

Брэд Питт (Нийт:  Хоёр тэрбум 680,9 доллар)


1. “Дэлхийн дайн Z” (2013): 202,3 сая доллар

2. “Ноён болон хатагтай Смит” (2005): 186,3

3. “Ocean's Eleven” (2001): 183,4

4. “Megamind” (2010): 148,4

5. “Troy” (2004): 133,3

6. “Бенжамины хачирхалтай хэрэг” (2008): 127,5

7. “Ocean's Twelve” (2004): 125,5

8. “Inglourious Bastаrds” (2009): 120,5

9. “Ocean's Thirteen” (2007): 117,1

10. “Цус сорогчтой ярилцсан нь” (1994): 105,2

11. “Seven” (1995): 100,1

12. “Ган зүрх” (2014): 85,8

13. “Moneyball” (2011): 75,6

14. “Том бооцоо” (2015): 70,2

15. “The Mexican” (2001): 66,8

16. “Legends of the Fall” (1994): 66,6

17. “Happy Feet 2” (2011): 64

18. “Тагнуулчдын тоглоом” (2001): 62,3

19. “Уншаад шатаа” (2008): 60,3

20. “12 сармагчин” (1995): 57,1

21. “Боолчлолд 12 жил” (2013): 56,6

22. “Sleepers” (1996): 53,3

23. “Thelma y Louise” (1991): 45,3

24. “Жо Блэкийг таних уу?” (1998): 44,6

25. “Амьдралын гол” (1992): 43,4

26. “Чөтгөрийн сүүдэр” (1997): 42,8

27. “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” (1997): 37,9

28. “Тэмцлийн клуб” (1999): 37

29. “Babel” (2006): 34,3

30. “Гахай болон алмааз” (2000): 30,3

31. “Долоон тэнгисийн домог” (2003): 26,4

32. “El consejero” (2013): 16,9

33. “Зөөлхөн устга” (2012): 15

34. “Cool World” (1992): 14,1

35. “Амьдралын мод” (2011): 13,3

36. “Жессийг хороосон нь” (2007): 3,9

37. “Тус” (1994): 3,1

38. “Kalifornia” (1993): 2,3

39. “Тэнгисийн өмнө” (2015): 0,5

40. “Johnny Suede” (1991): 0,09


Анжелина Жоли (Нийт: Хоёр тэрбум 179,4)


1. “Maleficent” (2014): 241,4 сая доллар

2. “Kung Fu Panda” (2008): 215,4

3. “Ноён болон хатагтай Смит” (2005): 186,3

4. “Kung Fu Panda -2” (2011): 165,2

5. “Аварга загасны ангууч” (2004): 160,8

6. “Kung Fu Panda-3” (2016): 143,5

7. “Wanted” (2008): 134,5

8. “Lara Croft: Tomb Raider” (2001): 131,1

9. “Salt” (2010): 118,3

10. “60 хором” (2000): 101,6

11. “Beowulf” (2007): 82,2

12. “The Tourist” (2010): 67,6

13. “Яс цуглуулагч” (1999) 66,5

14. “Lara Croft Tomb Raider-2” (2003): 65,6

15. “Сайн малчин” (2006): 59,9

16. “Sky Captain” (2004): 37,7

17. “Солилцоо” (2008): 35,7

18. “Aгуу Александр” (2004): 34,2

19. “Харь амьдрал” (2004): 32,6

20. “Girl Interrupted” (1999): 28,9

21. “Анхны нүгэл” (2001): 16,5

22. “Долоон өдөр, нэг амьдрал” (2002): 14,4

23. “Ялагдашгүй зүрх” (2007): 9,1

24. “Хяналтаас гадуур” (1999): 8,4

25. “Hacker” (2014): 7,5

26. “Аюултай хайр” (2003): 4,4

27. “Үхэлтэй наадсан нь” (1997): 4,1

28. “Зүрхээр наадагч” (1999): 3,9

29. “Тэнгисийн өмнө” (2015): 0,5

30. “Ойлгомжгүй залуус” (1996): 0.26

31. “Зөвхөн хайр”” (1996): 0.61


32. “Тамын гал тогоо” (1998): 0.11
3218 сая америк иргэн хортой ус хэрэглэж байна

АНУ-ын 218 сая иргэний гэрийн цоргоны усанд хром-6 хэмээх бодис аюултай түвшинд хүрээд байна хэмээн хараат бус судалгаа явуулдаг Environmental Working Group фирм америк айлуудын гэрийн усанд шинжилгээ явуулсны дараа мэдэгдлээ. Энэ бодис нь ходоодны хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг аж. 218 сая иргэний долоон сая нь цоргоноосоо хэт их бохирдолтой ус хэрэглэж байна. Хамгийн бохир, эрүүл мэндэд хортой ус хэрэглэж байгаа муж нь Калифорни ажээ. 2013-2015 онд шинжилгээнд хамрагдсан айлуудын 75 хувьд нь хром-6 бодисын хэмжээ 0.03 хувьтай байсан юм. Хром-6 нь үйлдвэрлэлийн явцад, тухайлбал, ган төмрийн болон оёдлын үйлдвэрлэлд үүсдэг бодис. Энэ бодисын агаарт байхад нь амьсгалвал уушигны хавдар тусах магадлалтай ажээ.

Х.Клинтон, Д.Трампын мэтгэлцээн рекорд тогтоов

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Ардчилсан намын Хиллари Клинтон, бүгднайрамдахч Дональд Трамп нарын эхний халз мэтгэлцээнийг цэнхэр дэлгэцээр 84 сая хүн үзсэн нь 1980 оноос хойшх хамгийн дээд үзүүлэлт боллоо хэмээн социологийн судалгааны Nielsen компани мэдэгдэв. 1980 онд Цагаан ордны эзний суудалд өрсөлдөж байсан Рональд Рейган, Жимми Картерийн хооронд болсон мэтгэлцээнийг 80.6 сая хүн үзэж байжээ. Энэ удаа зурагт болон нийгмийн сүлжээ, онлайнаар халз мэтгэлцээнийг үзсэн хүмүүсийг нийтэд нь тоолж гаргажээ.

АНУ-аас Кубад суух элчин сайд томилогдлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сүүлийн хагас зуунд анх удаа АНУ-аас Кубад суух бүрэн эрхт элчин сайдыг томилжээ. Цагаан ордноос мэдэгдэж буйгаар, Жеффри Делорентис Гаванад АНУ-ыг төлөөлөн суухаар болов. Делорентис эдүгээ Куба дахь АНУ-ын үйл хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Ерөнхийлөгчийн томилгоог АНУ Сенат дэмжин батлах ёстой. Хэд хоногийн өмнө Б.Обама Кубын эсрэг худалдааны хориг арга хэмжээг нэг жилээр сунгасан билээ. “Хоригийг сунгах нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэж байна” хэмээн тэрээр мэдэгдсэн аж. Хоёр улс хагас зууны дараа дипломат харилцаагаа сэргээгээд байгаа билээ. 

Monday, September 26, 2016



Адель уран бүтээлээ орхино


Британийн 28 настай дуучин Адель уран бүтээлдээ урт хугацаагаар завсарлага авахаар зэхэж буйгаа мэдэгдлээ. Тэрээр байнгын аялын тоглолт, концертийн улмаас хүүдээ цаг зав гаргаж чадахгүй байна хэмээн гомдолтойхон ярьжээ. “Хүү Анжело маань өсч, том болох мөчийг би алдмааргүй байна. Сүүлийн арван жилд байнга аялалт тоглолт хийж, хүүтэйгээ тун бага хугацааг өнгөрөөжээ. Одоо би аль болох хүүтэйгээ хамт баймаар байна” хэмээн өгүүлэв. Өнөөдөр ч үргэлжилсээр байгаа Adele Tour аялан тоглолт арваннэгдүгээр сард дуусах юм. Үүний дараа “гавъяаныхаа амралт”-ыг авах бололтой. Гурван настай хүү Анжелог эцэг нь (бизнесмэн Саймон Конеки) асрагч нарын хамтаар харж байгаа юм. Анжело дараа жил сургуулийн бэлтгэл ангид орно. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Адель уран бүтээлээсээ арван жил завсарлах аж. Энэ хугацаанд нэрт дуучин Лас-Вегаст амьдарч, зөвхөн тэнд болох концертод дуулж, аялан тоглолтоос бүрэн татгалзана гэж байна. 
Дэлхийн иргэдийн 92 хувь нь бохир агаараар амьсгалж байна


Манай гаригийн арван хүн тутмын ес нь хэт бохирдолтой агаартай бүс нутагт амьдарч байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ. Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн баруун хэсэг, Хятад, Малайз, Вьетнамд нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж. Агаарын бохирдол хотуудад их байгаа ч хөдөө нутагт ч байдал санаснаас хавьгүй дор байгаа юм. ДЭМБ хиймэл дагуулаас авсан зураг болон гурван мянга орчим бүс нутгийн агаарт шинжилгээ хийсний эцэст дээрх мэдэгдлийг хийжээ. Хүний есөн үхэл тутмын нэг нь агаарын бохирдолтой холбоотой байна. Ядуу буурай орнуудад хоол хүнсийг бэлтгэхдээ нүүрс хэрэглэсээр байгаа нь агаарын бохирдолд ташуур өгч байгаа аж. 2012 онд хийсэн дүгнэлтээр, агаарын бохирдол гурван сая хүний аминд хүрсэн байна. 



Энхийн гэрээнд гарын үсэг зурлаа

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, босогчдын FARC бүлгийн лидер Тимошенко хочит Тимолеон Хименес нар 50 гаруй жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнд цэг тавьж Колумбын Картахена хотод энхийн гэрээнд гарын үсэг зурлаа. FARC (Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэг)-ийн лидер, Колумбын Ерөнхийлөгч нар анх удаа Колумбын газар нутаг дээр гар барилцжээ. Ёслолд оролцсон хүн хүн энх тайвныг билэгдэж цагаан өнгийн хувцас өмссөн байв. Босогчдын лидер энхийн гэрээнд гарын үсэг зурсны дараа хэлсэн үгэндээ мөргөлдөөний золиос болсон олон мянган хүний ар гэрийнхнээс уучлал гуйсан юм. Гарын үсэг зурах ёслолд НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун, Кубын лидер Рауль Кастро нар оролцжээ.
Боготагийн Засгийн газар, босогчдын хоорондох дайн, мөргөлдөөн 52 жил үргэлжилж олон арван мянган хүний аминд хүрсэн билээ. Хэлэлцэгч талууд дөрвөн жилийн турш хэлэлцээ хийсний эцэст ийнхүү эвлэрэлд хүрч босогчид зэвсгээ хураалган энгийн амьдралд шилжихээр болж байна. Энхийн хэлэлцээний зарим тохиролцоо Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа бөгөөд энэ өөрчлөлтийг аравдугаар сард бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх аж.

Араб эмэгтэйчүүд эрх чөлөөнийхээ төлөө хүсэлт гаргав

Саудын Арабын 14 мянга гаруй эмэгтэй Засгийн газартаа хандаж эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс, эрэгтэй харгалзагчаас хамааралтай байдгийг өөрчлүүлэхээр өргөдөл гаргажээ. Азиза Аль-Юсуф хэмээх залуу бүсгүй энэ хөдөлгөөнийг санаачилж, Саудын Араб дахь эмэгтэйчүүдийн эрхийн байдлыг дэлхий нийтийн анхааралд хандуулахыг хичээж байна. Сауд эмэгтэйчүүд гарын үсэгтэй хүсэлтээ Засгийн газарт хүргэжээ.
Тус улс дахь уламжлал ёсоор, эмэгтэй хүн нөхөр, эцэг, эсвэл ахынхаа зөвшөөрөлгүйгээр гэрлэх, салах, боловсрол эзэмших, ажилд орох, хилийн дээс алхах эрхгүй байдаг. Эрэгтэй харгалзагчийн зөвшөөрөлгүйгээр мэс засал хийлгэх, байр хөлслөх ч эрхгүй байдаг. Азизагийн санаачилга интернэтэд ихээхэн дэмжлэг авч байна. Тэрээр ямар нэг нааштай үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ВВС-д ярьжээ.

Хогийн савнаас 10 алтан гулдмай олджээ

Бангладеш улсын гаалийн ажилтнууд Дакка хотын нисэх буудлын хогийн савнаас 10 ширхэг алтан гулдмай олжээ. Гаалийн албаны Facebook хуудсан дээр олдсон алтны зургийг тавьсан байна. Эрх баригчид мэдээлж буйгаар, алтан гулдмайнууд нийтдээ гурван кг орчим жин татаж байгаа аж. Даккагийн нисэх буудлаар хууль бусаар алт гаргах гэж байгаа тухай мэдээлэл ирсний дараа нэгжлэг явуулж хогийн савнаас алтан гулдмайнуудыг олжээ. Илчлэгдэхээс айсан нэгэн хууль бус наймаачин алтаа хогийн сав руу хаясан хэмээн үзэж байгаа аж. Бангладешт алтны хууль бус наймаа өргөн тархжээ. 2014, 2015 онд тус улсын нисэх буудлын ажилтнууд хууль бусаар хил гаргах гэж байсан бараг нэг тн алт хурааж авсан байна.



90 минутын турш хэлэлцэгдсэн 10 халуун сэдэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Хиллари Клинтон, Дональд Трамп нар өчигдөр телевизийн халз мэтгэлцээнд оролцжээ. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг ирэх дөрвөн жилд удирдах нэр дэвшигчид ямар сэдвээр халуухан маргалдаж, шүүмжлэл өрнөснийг товчлон хүргэе.

1. Трампын их сургууль

Дональд Трампын үүсгэн байгуулсан их сургууль нь саятан болох курсээс өөр юм заадаггүй академиас өөр юу ч биш. Тус сургуулийг төгссөн хэд хэдэн оюутны гомдлоор Трампын их сургуулийг залилан мэхэлсэн хэргээр шүүхэд дуудаад байгаа аж. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа шүүгч Гонсало Куриелийг Д.Трамп нэгэн уулзалт дээр “Тэр мексик хүн бололтой” хэмээн ярьжээ. Куриел нь АНУ-д төрж, өссөн америк хүн ажээ.

2. Трамп сан

Дональд Трамп өөрийн үйлдвэрүүддээ торгууль тавих, хэрэглэгчиддээ нөхөн төлбөр олгох зэрэг дээр “Дональд Ж.Трамп” сангаа ашиглажээ. Мөн улс төрийн хандив өргөхөд ашигласан байна.

3. Клинтон сан

Клинтон сангийн үйл ажиллагаа шүүмжлэлд өртсөнгүй. Харин тус санд 1.8 тэрбум доллар хандивласан хүмүүсийн дунд дарангуйлагчдын нэрс, гадаадын компаниуд байгаа талаар шүүмжлэл өрнөв. Хилларийн өрсөлдөгч нарын хэлж буйгаар, Клинтон сан нь АНУ дахь бодлогод нөлөөлөх гэсэн нэг хэлбэр ажээ.

4. Лалын терроризмын аюул дагуулсан орнуудын цагаачид

Д.Трамп лалын терроризмыг өөгшүүлдэг орнууд, тэр тусмаа Сирийн иргэдийг АНУ-д оруулахгүй байх санал дэвшүүлэв. Түүний хүү Дональд Жуниор сири иргэдийг хортой чихэртэй зүйрлэжээ.

5. Владимир Путин

Дональд Трамп Кремлийн удирдагч Владимир Путинээс бусад бараг бүх удирдагч, улс орныг муулсан юм. Тэрээр Оросын лидерийг хүндэтгэн биширдгээ дахин нэг батлаад, тэр бүү хэл “Хэрвээ Европ тив Оросын довтолгоонд өртвөл би Европыг хамгаалахгүй” гэж хэлжээ. Түүний сонгуулийн кампанийг удирдаж байсан Пол Манафорт Москватай хэлхээ холбоотойгоосоо болж огцорч байв. Трамп ч орос иргэдтэй арилжаа, наймаа хийж байжээ.

6. Хилларийн илтгэл

Хиллари Клинтон Уолл Стритийн санхүүгийн байгууллагуудад илтгэл тавьж, үг хэлснийхээ төлөө хэдэн зуун мянган долларын шагнал авч байжээ. Өрсөлдөгч нар нь үүнийг ашиг сонирхлын зөрчил хэмээн үзэж нэлээдгүй маргаан дэгдсэн байна.

7. Өмч хөрөнгө

Дональд Трамп хоёр долоо хоногийн өмнө Вашингтонд шинэ зочид буудал нээсэн юм. Уг зочид буудал АНУ-ын Төв банкны замын эсрэг талд байдаг. Гэвч Бүгд найрамдах намын нэр дэвшигч энэ зочид буудлаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулаагүй хэвээр байгаа аж. Тэрээр эхэндээ үүнийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгана гэж ярьж байсан ч “Тэнд шалгалт явагдаж байна” гэсэн нэрийн дор хойшлуулсаар иржээ.

8. Хилийн хана хэрэм

Трамп Мексикээс орж ирэх хууль бус цагаачдыг зогсоохын тулд хилийн дагуу хана хэрэм босгоно гэдгээ дахин илэрхийлэв. Энэхүү хана хэрмийг босгох зардлыг Мексик улс хариуцах ёстой гэж хэлжээ. Гэвч зарим мэдээллээр, АНУ-ыг орхин явж буй мексик иргэдийн тоо орж ирж буй иргэдээс давж байгаа тул Вашингтон хилийн хана хэрмийг Мексик улс санхүүжүүлэх ёстой гэж шаардах эрхгүй болж байгаа аж. Трамп хууль бус цагаачдыг тэвчихгүй гэдгээ дахин илэрхийлсэн байна. Харин Хиллари Клинтон болон Ардчилсан намынхан хууль бусаар амьдарч буй гадаад иргэдийг шат дараалалтайгаар хууль ёсны болгохын төлөө байгаа юм.

9. Ажиллах хүчин

Билл Клинтон, Жорж Буш, Барак Обамагийн засаглалын үед гадаад улс оронтой байгуулсан худалдаан болон ажиллах хүчний гэрээ, хэлэлцээр нь үйлдвэрлэлийн салбарт олон мянган ажлын байрыг байхгүй болгосон хэмээн Трамп үзэж байна. Тэрээр Цагаан ордонд ирвэл энэ гэрээ хэлцлийг өөрчилнө хэмээн хэлжээ.

10. Хүчирхийлэл, жагсаал


Сүүлийн хоёр жилд АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал, үймээн самуун их гарч байна. Хамгийн сүүлд, Шарлотт хотод цагдаа хар арьст иргэнийг буудаж алсны дараа ихээхэн үймээн самуун, эмх замбараагүй байдал дэгдээд байгаа билээ. Трамп чинээлэг болон цагаан арьстнуудын дэмжлэгийг илүүтэй хүлээж байгаа бол, Хиллари афро-америк иргэдийн дэмжлэгийг бүрэн хүлээж байгаа юм. Хот дахь аюулгүй байдал, гэмт хэрэгт тавих хяналт, арьс өнгөөр ялгаварлаж байгаа эсэх зэрэг нь мэтгэлцээний халуун сэдвийн нэг байлаа. Сонгогчдын сонголтод ихээхэн нөлөөлж магадгүй сэдвийн нэг нь энэ юм. 

Sunday, September 25, 2016



Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэж эхэллээ

Сирийн дөрвөн хотод хүмүүнлэгийн тусламж хүргэж эхэллээ хэмээн Олон улсын Улаан загалмай нийгэмлэгээс мэдээлэв. Дайн байлдаанд нэрвэгдэж орон гэргүй болсон сири иргэдэд 71 ачааны машинээр хүмүүнлэгийн тусламж хүргэж байгаа ба 60 мянга орчим хүн хамрагдах аж. Хоол хүнс, эм бэлдмэл, эрүүл ахуйн хэрэглэл ачсан машины цуваа агаарын бөмбөгдөлтөд өртөж сүйрээд байгаа Алеппо муж руу хөдөлжээ. Есдүгээр сарын 19-нд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг хүргэж явсан автомашины цуваа бөмбөгдөлтөд өртөж 31 ачааны машины 18 нь эвдэрсэн юм. Зарим хэвлэл энэ довтолгоог Оросын онгоцууд хийсэн гэж байгаа ч ОХУ-ын Батлан хамгаалах яам үүнийг няцааж байна.

“Боко Харам”-ын лидер гарч ирэв

Нигерийн “Боко Харам” бүлгийн лидер Абубакар Шекау өнгөрсөн наймдугаар сард бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан хэмээн мэдээлж байсан билээ. Гэвч тэрээр үхээгүй, амьд гэдгээ мэдэгджээ. Шекаутай тун адилхан хүнийн бичлэг интернэтэд тавигдаж, тэрээр араб, хауз, канури хэлээр мэдэгдэл хийсэн байна. Тэрээр эрүүл саруул, аюулгүй байгаа гэдгээ хэлж байгаа ч энэ бичлэг хэзээ хийгдсэн нь тодорхойгүй байна. Абубакар Шекау алуулж, Абу Мусаб аль-Барнави тус бүлгийг удирдах болсон хэмээн мэдээлж байв. Гэвч Абубакар үүнийг няцааж “Би бүлгээ удирдсаар байгаа. Миний зарим хамтран зүтгэгч надаас урваж хуйвалдсан” хэмээн ярьжээ.
Тус бүлгийг үндэслэн байгуулагч Мохаммед Юсуф 2009 онд нас барсны дараа Абубакар Шекау толгойлох болсон юм. “Боко Харам” түүний удирдлага дор улам харгис болж, Нигерийн Засгийн газрын эсрэг дайтаж олон мянган хүний аминд хүрээд байна. Олон зуун хүнийг хулгайлсны дотор 200 орчим эмэгтэй сурагч байгаа аж. “Боко Харам” бүлгийн гишүүд 2015 оны гуравдугаар сард “Исламын улс” бүлэгтэй нэгджээ. Нигерийн Засгийн газрын цэрэг өргөн хэмжээний довтолгоо явуулж “Боко Харам”-д эзлэгдсэн ихээхэн газар нутгийг буцааж хяналтдаа аваад байна.

Б.Клинтоны экс амрагийг мэтгэлцээнд урина хэмээн сүрдүүлэв


Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Дональд Трамп өнөөдөр өрсөлдөгч Хиллари Клинтонтой хийх мэтгэлцээнд Билл Клинтоны экс амраг Женнифер Флауэрсийг урьж авчирна хэмээн мэдэгджээ. Тэрээр Твиттер хуудсаараа дамжуулан ийнхүү мэдэгдээд Флауэрсийг эхний эгнээд суулгана гэжээ. Флауэрс энэ талаар сэтгүүлчдэд ярихдаа “Тийм ээ, би тэр мэтгэлцээнд очно” гэсэн аж. Үнэхээр Трамп түүнийг Хилларитай хийх мэтгэлцээнд албан ёсоор урьсан эсэх нь тодорхойгүй байна. Эсвэл, бүсгүй түүний жиргээг урилга хэмээн хүлээж авсан бололтой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн штаб мэтгэлцээнд оролцох хүмүүсийг өөрсдийн үзэмжээр, өрсөлдөгчид улс төрийн нөлөө үзүүлэх зорилгоор сонгож авдаг аж. Трамп ч өөрөө ариухан амьтан биш ажээ. Түүний гурван эхнэрийн хоёр дахь нь түүний нууц амраг байсан юм. 


Африкийн зааны сүрэг цөөрсөөр байна

Африк тивийн зааны сүргийн тоо толгой 2006-2015 онд 20 хувиар буурсан хэмээн Байгаль хамгаалах олон улсын холбооноос мэдэгдлээ. Энэ амьтны соёог худалдан борлуулах гэсэн хулгайн ан ихээхэн нэмэгдсэн нь гол шалтгаан болж байна. Өмнөд Африкийн Иоханнесбург хотод болж буй Аюулд орсон амьтдын олон улсын худалдааны талаарх конвенц (CITES)-ийн долоо дахь уулзалт дээр зааныг хулгайгаар агнах явдал эрс нэмэгдсэнийг нухацтай хэлэлцэж байгаа юм. Африкийн олон улс заан агнах тоо, хязгаараа зөрчин үүргээ биелүүлэхгүй байгаа аж. Байгаль хамгаалах олон улсын холбооноос мэдэгдэж буйгаар, сүүлийн 25 жилд Африк тивийн зааны сүрэг 111 мянган тоо толгойгоор багасчээ. Ингэж огцом буурч байсан тохиолдол урьд өмнө байсангүй. Эдүгээ Хар тив дахь зааны тоо толгой 415 мянга болсон хэмээн онцоллоо.
“Засгийн газрууд энэхүү гамшигт байдлыг таслан зогсоохын тулд эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй болсныг энэ тоо баримт харуулж байна” хэмээн Зэрлэг байгалийг хамгаалах нийгэмлэгийн (Wildlife Conservation Society) төлөөлөгч Сюзан Либерман мэдэгдэв. Хулгайн анчид Африкийн энэхүү сүрлэг амьтныг хайр найргүй сүйтгэж, хөнөөж байгаа нь түгшүүр төрүүлж байна хэмээн Байгаль хамгаалах олон улсын холбооны тэргүүн Ингер Андерсен ярилаа. Зааны соёоны хууль бус наймаа сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж 180 орныг нэгтгэдэг CITES-ийн конвенцийг хүчин мөхөс болгож байгаа аж.
Ази тивийн зах зээл дээр зааны соёоны эрэлт ихээхэн нэмэгдсэн нь хулгайн анчдыг өөгшүүлж байна. Азийн иргэд зааны соёог гоёл чимэглэлд өргөн ашиглах болсон нь Африкийн зааныг ихээр агнах нэг шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Иоханнесбургт болж буй хурлаар зааны соёоны наймаанд тавих хяналтыг нэмэгдүүлэх талаар нухацтай ярилцаж байна. Намиб, Зимбабве улс НҮБ-д хандаж энэ төрлийн худалдаа, наймаанд дэлхий даяар хориг тавих санал дэвшүүлжээ. Харин Кени улс энэ саналыг эрс эсэргүүцэж “Хориг тавьснаар хулгайн анг улам гааруулна” хэмээн мэдэгдэв.

Өмнөд Судан, Либери, Төв Африкийн бүгд найрамдах улс зааны сүргийнхээ тоог тодорхой гаргаж өгсөнгүй. Зааны тооллогыг нарийн явуулдаг Танзани улсад гэхэд л сүүлийн есөн жилд зааны тоо толгой 60 хувиар буурчээ. Мозамбикт бас л эрс буурсан дүн гарсан байна. Намиб, Зимбабве улс нарийн тооллого хийгээгүй ч зааны сүргийн тоо толгой тогтвортой байгаа хэмээн мэдээлэв. Харин Өмнөд Африк болон Ботсван улсад зааны тоо нэмэгдсэн аж. Гэвч нийт дүнгээр нь авч үзвэл Африкийн заан улам цөөрч, аюулд орсон нь харагдаж байна. Зааны соёоны худалдаа, наймаан дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол зааны тоо толгой буурсаар байх болно хэмээн анхаарууллаа.

Saturday, September 24, 2016

Шимон Пересийн зургийн олоод сайхан том гусаарай. Хоёр л мэдээ хийлээ. Өөр мэдээ алга
В.Путинийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгоход бэлэн

Fidelum Partners фирмээс явуулсан судалгаагаар, хэрвээ Билл Гейтс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлбэл америк иргэдийн 28 хувь нь түүний төлөө саналаа өгөх дүн гарчээ. Харин Оросын лидер В.Путин Цагаан ордны эзний сонгуульд өрсөлдвөл америкуудын зургаан хувь нь түүнийг дэмжихээр байна. Ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд Барак Обама өрсөлдвөл 42 хувийн санал авах бололтой. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр тодроод байгаа Хиллари Клинтоны төлөө америк иргэдийн 33 хувь нь саналаа өгнө гэжээ. Бүгд найрамдах намын нэр дэвшигч, тэрбумтан Дональд Трамп 24 хувийн санал авахаар байна. Санал асуулгад оролцогчдын 21 хувь нь жүжигчин Эллен Деженерс, 17 хувь нь Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукербергийн төлөө саналаа өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлэв. Дэлхийн тэргүүн баячуудын нэг Уоррен Баффет 16, сагсанбөмбөгийн тамирчин Леброн Жеймс 11 хувийн санал авсан байна. Санал асуулгыг АНУ-ын мянга гаруй өсвөр насны иргэдийн дунд явуулжээ.

Мексикт ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэв

Мексикийн нийслэл Мехико хотын мянга гаруй иргэн Засгийн газар ижил хүйстний гэрлэлтийг дэмжих гэж байгааг эсэргүүцэн гудамжинд жагсчээ. Ижил хүйстний гэрлэлтийн зөвшөөрөх нь гэр бүлийн үнэ цэнийг байхгүй болгож байна хэмээн тэд хэлж байна. Жагсаалд оролцогчид гей, лесби нарын эрхийг эсэргүүцээгүй, харин тэднийг хуулийн дагаа гэр бүл болохыг эсэргүүцэж байгаа аж.

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето тавдугаар сард мэдэгдэхдээ Үндсэн хуулийг өөрчилж, ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрнө хэмээн амлаж байсан юм. Дээрх жагсаалтай зэрэгцэн Мехико хотын өөр дүүрэгт Ерөнхийлөгчийн санааг дэмжсэн жагсаал болжээ. Хоёр талын жагсагчид хоорондоо мөргөлдөлгүй, тайван амгалан өнгөрлөө хэмээн цагдаагийн газраас уламжиллаа. 

Friday, September 23, 2016

Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес: Бидний улс бол жинхэнэ ариун улс байсан, учир нь бидэнд юу ч байгаагүй

Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес 2015 оны есдүгээр сард Киевт болсон Европын стратегийн чуулга уулзалт дээр дараахь үгийг хэлжээ.



“Бид өөрсдийн гэсэн газар нутгийг мөрөөдөж байлаа. Гэвч бидний олж авсан газар нутаг мөрөөдөөд байх юм биш байсан. Энэ бол Ойрхи Дорнодын газар нутгийн мянганы нэг хэсэг болох өчүүхэн газар нутаг байсан. Тэр газар тийм сайхан байгаагүй ээ. Тэнд өмнөд хэсэгт нь намаг, шумуул, цөл, тэгээд нил чулуу болсон газар л байлаа. Шумуул, чулууны аль нэгийг сонгох хэрэгтэй болсон. Тэнд хоёр нуур байсан нь нэг нь мөхсөн, нөгөө нь устаж алга болсон нуур байлаа. Нэг алдартай гол байсан ч усгүй болсон байсан. Ямар ч ус байгаагүй. Алт, нефть гээд байгалийн ямар ч баялаг байгаагүй. Тэр үед Ойрхи Дорнодод нефтийн орнууд, ариун орнууд гэсэн хоёр төрлийн улс орон л байдаг гэж ярьдаг байсан юм. Манай, бидний улс бол жинхэнэ ариун улс байсан, учир нь бидэнд юу ч байгаагүй.
Бид ганцаараа байлаа. Шашнаар ижилсэх, хэл яриагаар адилхан, түүхээрээ хорших ахан дүүс бидэнд байгаагүй. Холокост (дэлхийн II дайны үеэр еврей үндэстнийг хоморголон устгасан үйл явдал)-ын дараа энэ бүх зүйл болсон юм. Бид энэ газар нутаг дээрээ ирэхдээ юу хийхээ мэдэхгүй хүмүүс ирж байлаа. Үнэндээ бид юу ч мэдэхгүй байсан.
Хүмүүс надаас асуудаг, яаж идэвхтэй, хөдөлгөөнтэй байх вэ гэж. Энэ тун амархан. Хэрвээ таны мөрөөдөл ололт амжилтаасаа илүү байвал та залуугаараа л байна гэсэн үг.
Байгаль дэлхийн хамгийн том баялаг бол хүн. Хүн байгаль дэлхийг баяжуулж хөгжүүлсэн, харин газар, байгаль хүн ардыг биш.
Бид бүгдээрээ эрдэмтэн болсон. Израиль дахь бүх фермер, бүх хамтрал усгүйгээр, газаргүйгээр хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлэх вэ гэж бодож, судалж эхэлсэн. Тэгээд л хөгжүүлж эхэлсэн дээ. Энэ бол хай-тек дээр үндэслэсэн дэлхийд анхны хөдөө аж ахуй болсон юм. Би өөрөө хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутан байлаа. Бид усжуулалт хийх гэж оролдож, мод сайн ургаж юуны магад хэмээн модыг халуун усаар услах гэж үзэж байлаа. Тэгээд хөдөө аж ахуй нь зөвхөн газар дээр бус, харин хай-тек, өндөр технологи дээр үндэслэдэг болохыг бид ойлгож авсан юм. Өнөөдөр бидэнд хангалттай ус байна. Ус байж л байдаг, харин түүнийг олборлож гаргаж ирдэггүй. Харин бид усыг олборлож, гаргаж ирсэн. Бид амжилт олсон. Бид усыг хашиж, суваг татаж ус их шаардагддаггүй ногоогоо услаж байлаа. Энд жинхэнэ нууц байгаа. Танд байгаа зүйл чухал бус, та юу хийж, юу үйлдвэрлэж байгаа нь ирээдүйд хамгийн чухал.
Бидэнд хүн, хүн ам байсангүй, зэвсэглэл ч байсангүй. Бид хэзээ ч байлдаж, дайтаж байсангүй. Бид ердөө л 450 мянгуулаа, генерал ч байхгүй, байлдах, дайтах туршлага ч байсангүй. Нэгдсэн үндэстний байгууллага Израиль улсыг байгуулах шийдвэр гаргасан ч тэр нь үнэн хэрэгтээ дайн болж хувирсан. Бид юу хийж чадах байсан бэ? Хоёр л зүйл хийж чадах байлаа.
Нэгд, еврей хүмүүс эрэлхэг, зоригтой байх ёстой. Бид нарт сонголт байхгүй, зөвхөн ялах ёстой гэдгийг бид ойлгох ёстой байсан. Бид нэг удаа л ялагдах юм бол тэгээд л дуусах байсан.
Хоёрт, бидэнд зэвсэг байхгүй байсан тул бид түүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Цэрэг, армиа төгөлдөржүүлэхийн тулд бид хөгжих, урагшилж мэдээллийн технологийг (IT) хөгжүүлэх хэрэгтэй байлаа. Израилийн IT салбарынхан цэрэг, армид ажилласан юм. Учир нь бид дайснуудаар хүрээлэгдсэн байлаа.

Яагаад би үүнийг яриад байдаг вэ? Одоо ч би залууст хэлдэг юм. “Залуус аа, та нарт бодож байгаагаас чинь илүү их зүйл байгаа шүү. Битгий залхуур. Газар нутаг бидэнд өгч болохоос хавьгүй их зүйл бидэнд байгаа шүү. Танд байхгүй зүйлсийг та үйлдвэрлэж, бий болгож чадна. Энэ хичээл, Израиль улсын түүх нь бүгдэд сургамж болоосой гэж боддог.

Бултаараа залхуу байх боломжгүй. Та ямар нэг амжилтад хүрэхийг хүсвэл ажиллах, хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэнгэрээс юу ч унаад ирэхгүй. Бид Израильд маш их хөдөлмөрлөсөн. Үүнд муу юм юу байгаа юм? Мэдэхгүй юм... Хүмүүс амралтаа авч  амарч байна. Энэ бол цаг хугацааг дэмий үрж буй хэрэг. Би одоо 90 гарчихсан. Хэзээ ч амралт авч байсангүй. “Та хэвийн бус юм уу, тэгээд яаж амарч, алжаалаа тайлдаг юм бэ” гэж л байдаг. Би ажиллахыг эрхэмлэдэг, би ажлаас таашаал авдаг.

Шинжлэх ухаанд суралц, түүнд хязгаар үгүй. Өнгөрсөн асуудлыг шийдэх гэж бүү оролд. Өнгөрсөн түүх ямар ч юмыг шийдэхгүй. Зүгээр л өнгөрснийг судал, өнгөрсөн алдааг давтахгүй байхыг хичээ. Өнгөрсөн цаг хугацаанд ирээдүй байхгүй, итгэл найдвар ч байхгүй.
Хүмүүсийн олонх нь төсөөлж сэтгэх бус, эргэж санах гэж оролддог. Энэ хамгийн том алдаа. Та юу санахыг хүсээ вэ, хийсэн, гаргасан бүх алдаагаа санахыг хүсээ юу? Түүхт итгэж найдаад хэрэггүй.

Заримдаа хүмүүс надаас асуудаг юм, эргээд харах юм бол та нарын хамгийн том алдаа юу байв аа гэж. Би хэлдэг. “Бид агуу их мөрөөдөлтэй байсан гэж боддог. Харин одоо харахаар тэр мөрөөдөл нь тийм агуу, том байгаагүйг бид ойлгодог, хардаг. Том мөрөөд. Таны мөрөөдөл том байх тусам та их зүйлд хүрнэ.


Залуу үе, залуус бол гайхалтай. Гэвч тэд улстөрчдийг харааж зүхдэг. “Авлигад идэгдсэн, идэж уудаг. Улс төр муухай, би улс төрд орохгүй, би улс төрийг сонирхдоггүй” гэж үглэдэг. Тэгэхээр нь би хэлдэг юм. “Та үнэнч, шударга хүн. Шударга, сайн улс төрийг хүсч байгаа бол улс төрд ор, шударга улс төр хий” гэж хэлдэг. Энэ бүх хичээлийг би өнгөрснөөс, түүхээс сурсан юм”. 

Wednesday, September 21, 2016




АНУ Ирак дахь цэргийнхээ тоог нэмэхийг хүсч байна

АНУ-ын зэвсэгт хүчний удирдлага Мосул хотыг дайлаар мордох ажиллагааны өмнө Ирак руу нэмж 500 цэрэг илгээх хүсэлтэй байгаагаа эрх баригчдад уламжлаад байна хэмээн Wall Street Journal мэдээлэв. Одоогоор Иракт дөрвөн мянга 400 орчим цэрэг байрлаж үүрэг гүйцэтгэж байгаа аж. Цагаан ордноос дээрх санаачилгыг дэмжвэл АНУ-аас нэмэгдэж очих 500 цэрэг Иракийн цэргийн албан хаагчид болон “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэж буй олон улсын цэргийн хүчинтэй хамтран Мосул хотыг байлдан эзлэх ажиллагаанд бэлтгэж эхлэх юм. Нефтийн ордоор баян Иракийн хойд нутгийн төв хот Мосулыг аравдугаар сарын дундуур дайлаар мордож чөлөөлөхөөр төлөвлөж байгаа аж. Иракийн хоёр дахь том хот Мосул нь 2014 оноос хойш террорист “Исламын улс” бүлгийн мэдэлд оржээ. Хэд хоногийн өмнөөс Иракийн армийн цэргүүд Мосулаас өмнө зүгт 100 км-т орших Ширкат хотыг бүсэлж аваад байна.

Сири дахь хүмүүнлэгийн тусламжийг сэргээнэ

Сирид үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа есдүгээр сарын 26-нд сэргэнэ хэмээн НҮБ-д Сирийг хариуцдаг тусгай элч Стаффан ди Мистура мэдэгдлээ. Өнгөрсөн даваа гаригт хүмүүнлэгийн тусламжийн цуваа агаарын довтолгоонд өртсөний дараа Сирийн газар нутаг дээр тусламж хүргэх ажил тодорхойгүй хугацаагаар зогсоод байсан юм. НҮБ болон Улаан хавирган сар байгууллагын Сири дахь салбар тусламж хүргэж явсан аж. Агаарын довтолгооны улмаас цуваанд явж байсан 31 ачааны тэрэгний 18 нь эвдэрч гэмтсэн байна. АНУ мэдэгдэж буйгаар, агаарын довтолгоо болох үед Оросын хоёр Су-24 бөмбөгдөгч онгоц агаарт үзэгдсэн аж. Харин Москва үүнийг няцааж, хүмүүнлэгийн тусламжийн цувааг бөмбөгдөөгүй хэмээн мэдэгдлээ. Тэрхүү довтолгоонд буруугүй гэдэг нотолгоог гаргаж өгөхөд бэлэн байгааг НҮБ дахь ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркин Ерөнхий Ассамблейн чуулган дээр мэдэгдсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри бүс нутаг дахь хямрал, хурцадмал байдлыг намжаахын тулд Сирийн хойд нутгаар ямар ч нислэг хийхгүй байхыг уриалжээ.

Дэлхийн банк 100 мянган ажлын байр бий болгоно

Европын холбоо, Дэлхийн банк хамтран цагаачдын давалгаанд нэрвэгдээд байгаа Эфиоп улсад 100 мянган ажлын байр бий болгоно хэмээн зарлалаа. Аж үйлдвэрийн хоёр цогцолбор барихад 500 сая доллар зарцуулна хэмээн тооцоолжээ. Аддис-Абебагийн Засгийн газар энэ төлөвлөгөөний эхний үе шатанд 30 мянган цагаачид ажиллах зөвшөөрөл өгөх ёстой болж байна. Эфиоп улсад хэрэгжүүлэх цаашдын төлөвлөгөөний талаар Нью-Йоркт болж буй НҮБ-ын чуулган дээр ярилцах ажээ. “Эфиопын загвар” амжилт олбол хөгжиж буй бусад орнуудад хэрэгжүүлэх болно хэмээн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй онцоллоо. Африкийн улс орнуудаас хамгийн их цагаач, дүрвэгч хүлээж авсан улс нь Эфиоп юм. Сүүлийн жилд тус улсад Өмнөд Судан, Эритрей, Сомалийн 700 мянга гаруй цагаач ирээд байна.

71 настай супермодель нууцаа дэлгэв

Түүнийг Ольга Кондрашова гэдэг, 71 настай. Тэрээр загвар өмсөж, үргэлж эрхэмсэг, тэгш гоолиг байдлаа хадгалж, загварын агентлагууд, шилдэг гэрэл зурагчдын анхаарлыг татсан хэвээр байна. Хамгийн сонирхолтой нь хатагтай Ольга Кондрашова тэтгэвэрт гарсныхаа дараа загварын ертөнцөд хөл тавьж залуу насныхаа мөрөөдлийг биелүүлж яваа аж. “Би бүжигт дуртай. Мөн хятад гимнастикаар хичээллэж амьдралын баяр баясгалан, сэтгэл ханамжаа олж авдаг. Өдий болтол ийм сайхан яваа нууц юу вэ гэж их асуудаг л даа. Үргэлж хөдөлгөөнтэй, идэвхтэй байхын хажуугаар айдас хүйдэсгүй амьдрах. Юунаас ч айхгүй байж, хайр энэрэл түгээж явбал хамгийн сайхан байдаг” хэмээн Ольга нууцаа дэлгэжээ. Зэн буюу хятад гимнастик сэтгэлийн амар амгалан, халуун хайр, энэрлийг өгдөг хэмээн тэрээр “РИА Новости”-д ярьсан байна. Ольга нүүр амаа будаж энгэсэгдэхээсээ илүү нүд нь айдас, түрэмгийллээр гэрэлтэж байна уу, үгүй гэдэгт санаагаа чилээдэг аж. “Сэтгэл амгалан байвал гоо сайхан өөрөө л гэрэлтдэг” хэмээн ярьжээ.


М.Цукерберг болон түүний эхнэр гурван тэрбумыг хандивлана

Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг болон түүний эхнэр Присцилла Чан нар ирэх арван жилийн хугацаанд хийгдэх эмнэлэг, анагаахын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гурван тэрбум доллараар санхүүжүүлэх болсноо зарлалаа. Тэд энэ мөнгийг хувийн сан хөмрөгөөсөө гаргах аж. Цуутай хос өнгөрсөн оны аравдугаар сард охинтой болохдоо Chan Zuckerberg Initiative хэмээх буяны, сайн үйлсийн сан байгуулсан юм. Тэр үед Цукерберг Facebook компанид эзэмшиж буй хувьцааныхаа 99 хувийг сайн санааны үйл хэрэгт зарцуулна хэмээн мэдэгдэж байсан билээ. Дэлхийн долоон тэрбум хүний тэн хагасыг “уулзуулж”, харилцаа холбоотой байлгадаг хамгийн том сүлжээг санаачилсан залуу хос хүүхэдтэй болсныхоо дараа “Энэ дэлхийг яавал илүү сайхан, ээлтэй болгох вэ” хэмээн эргэцүүлэх болсон аж.

Цукербергийн хэлж буйгаар, тэрээр ойрын хэдэн жилд 45 тэрбум долларыг эрүүл мэнд, боловсролын салбарыг сайжруулах, шинэ түвшинд гаргах, шударга бус байдалтай тэмцэхэд зарцуулах бололтой. Цукерберг, хятад гаралтай Чан хоёр 2012 оны тавдугаар сард гэрлэж хуримаа хийсэн юм. Тэд Харвардын их сургуульд суралцаж байхдаа танилцаж есөн жил үерхэсний дараа ийнхүү эхнэр, нөхөр болсон билээ. Цуутай хос олон нийтийн өмнө тун цөөхөн гарч мэдэгдэл хийхдээ ихэвчлэн сайн үйлсийн аян эхлүүлж, ихээхэн хэмжээний санхүүжилт, хөрөнгө оруулалт хийх нь жирийн үзэгдэл болоод байна. Дэлхийн тэргүүн баячуудын нэг Уоррен Баффет дэлхийн баячуудад хандаж эд хөрөнгөнийхээ тал хувийг буяны, сайн санааны үйлст хандивлахыг хэдэн жилийн өмнө уриалж, өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлж байсан билээ. Энэ долоо хоногт Microsoft компанийн удирдлага хорт хавдартай тэмцэх хиймэл оюун ухааныг бүтээх ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсноо зарласан юм. Google компани өвчний оношийг өндөр нарийвчлалтай тогтоох програмыг боловсруулах DeepMind хэлтсийг байгуулаад байна. IBM корпорац Массачусетсийн технологийн хүрээлэнтэй хамтарч хөгшин, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах компьютер, роботыг бий болгохоор ажиллаж байна.