Голаны өндөрлөг дээр НҮБ-ын энхийг сахиулагчдыг
хулгайлжээ
Сири, Израилийн хил дээр НҮБ-ын энхийг сахиулах
хүчинд үүрэг гүйцэтгэж байсан Филиппины дөрвөн цэргийг босогчид хулгайллаа
хэмээн Ливаны The Daily Star сонин мэдээлэв. Энхийг сахиулагчид Жамла суурины
орчим, Голаны өндөрлөгийн бүсэд эргүүл хийж байхдаа барьцаалагдсан байна. Лалын
босогчдын “Ярмукийн хутгийг ологчдын бригад” бүлэг энэ хэргийг үйлдсэнээ хүлээн
зөвшөөрчээ. Тус бүлгийн гишүүд интернэтээр тараасан мэдэгдэлдээ “Энхийг
сахиулагчдын аюулгүй байдлыг хангахын тулд баривчилсан” хэмээн онцолсон байна. Сирийн
байнгын армийн цэргүүд хил орчмын нутгийг тасралтгүй буудаж байгаа нь эргүүл
хийж явсан НҮБ-ын энхийг сахиулах корпусын цэргүүдийн амь насанд заналхийлж
байсан хэмээн босогчид мэдэгджээ.
НҮБ-ын энхийг сахиулах хүчин барьцаалагдсан
цэргүүдээ суллахын тулд шаардлагатай бүхнийг хийж байна хэмээн тус хүчний
төлөөлөгч Жозефин Герреро ярилаа. Сирийн босогчдын “Ярмукийн хутгийг ологчдын
бригад” бүлгийнхэн үүнээс өмнө ч Голаны өндөрлөгөөс энхийг сахиулагчдыг
хулгайлж байсан юм. 2013 оны гуравдугаар сарын эхээр босогчид Филиппины 21
цэргийг олзолж, тэднийг Ерөнхийлөгч Башар Асадын цэргүүдэд тусалж байна хэмээн
буруутгаж байв. Гэвч НҮБ-ын “Цэнхэр дуулгатан”-ууд гурав хоногийн дараа
суллагдаж Иорданд хүргэгдэж байжээ. “Ярмукийн хутгийг ологчдын бригад” нь
Сирийн иргэний дайны эхэн үед буюу 2011 оны арванхоёрдугаар сард Дамаскийн
Засгийн газрын эсрэг тэмцэх зорилгоор байгуулагдсан билээ. Тус бүлгийн гишүүд
нь голдуу Палестины арабууд байдаг аж.
Саудын Арабын “Аль-Хайят” сонинд бичсэнээр, яриа
хэлэлцээ хийсний эцэст “Ярмукийн хутгийг ологчдын бригад” бүлэг олзны
цэргүүдийг ямар нэг болзолгүйгээр суллахаар болсон байна. Гэвч Сирийн арми
тасралтгүй гал нээж байгаагийн улмаас энхийг сахиулах хүчний цэргүүд
нуувчнаасаа гарч чадахгүй байна хэмээн босогдын төлөөлөгч ярьжээ. Босогчид НҮБ-ын
цэргүүдийг огт барьцаалаагүй, харин тэднийг байлдааны үйл ажиллагааны бүсээс
гаргаж аварсан хэмээн Египетийн “Al Bavaba” сайт мэдээлэв.
Филиппины дөрвөн цэргийг зэвсэгтэй 30 орчим босогч хянаж, хорьж байгаа
бололтой. Одоогоор олзны цэргүүдийг хүчээр суллах хувилбар яригдаагүй байна. Израиль
улс “Манай иргэдийн аюулгүй байдалд заналхийлэхгүй бол бид энэ хэрэг явдалд
хөндлөнгөөс оролцохгүй” хэмээн амлалт өгчээ. Эдүгээ Сири, Израилийн хил дээр
Австри, Энэтхэг, Филиппин, Марокко, Молдавын цэргүүдээс бүрдсэн 917 энхийг
сахиулагч үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлыг сахиулж байна.
No comments:
Post a Comment