Sharp 5.4 тэрбум
долларын алдагдал хүлээв
Санхүүгийн бэрхшээлд ороод байгаа Японы Sharp компани гуравдугаар сард дууссан санхүүгийн жилд урьд өмнө
байгаагүй алдагдал хүлээснээ зарлалаа. Тус компани шингэн тунгалаг дэлгэцийн
үйлдвэрлэлээсээ хамгийн их алдагдал амсчээ. Гэвч дараагийн санхүүгийн жилд Sharp 50 сая долларын ашиг олохоор төлөвлөжээ. Энэ сүүлийн гурван жилд
компанийн анхны ашиг байх юм. Мөн тус
компани удирдах бүтэцдээ өөрчлөлт хийж, Ерөнхийлөгч Такаши Окудаг
Удирдах зөвлөлийн дарга, дэд ерөнхийлөгч Кожо Такахашиг Ерөнхийлөгчөөр
томилжээ.
Алтны уурхайд нуралт болж 30 хүн боогдов
Индонезийн Папуа мужид алтны уурхайд нуралт болсны улмаас газар
дор 30 хүн боогдоод байна. “Синхуа” агентлаг мэдээлж буйгаар, дэлбэрэлт ид
ажлын цагаар болжээ. Дөрвөн хүнийг аварч чадсан аж. Аврагчид газар дор
түгжигдсэн 30 хүнийг гаргаж авахаар ажиллаж байна.
Интернэтгүй
боллоо хэмээн 10 давхраас үсэрчээ
ОХУ-ын
Чита хотод гэрийнхээ интернэтийг таслуулсан 15 настай жаал 10 давхар байшингаас
үсэрчээ. Золоор түүний замд мод таарч мөчир дээр унасан тул аврагдсан байна.
Жаалхүү сэхээн амьдруулах тасагт байна хэмээн эмч мэдээлэв. Интернэтээс
салахгүй байсан жаал сүүлдээ бүр донтож, хичээлдээ явахаа больсон тул эцэг эх
нь интернэтийг нь салгуулсан аж. Үүнд уурласан хүү амиа хорлохоор ийнхүү
оролджээ.
Амь
үрэгдсэн хүний тоо 1127-д хүрлээ
Бангладешт
оёдлын үйлдвэрийн барилга нурсны улмаас амь насаа алдсан хүний тоо 1127-д
хүрлээ. Нурангин дороос цогцос хайх ажил дуусчээ. Энэхүү харамсалтай явдлын
дараа хамгийн бага цалинтай байсан оёдолчдын цалин нэмэгдэв. Мөн оёдлын
үйлдвэрийн ажилчид засаг захиргааны зөвшөөрөлгүйгээр үйлдвэрчний эвлэл
байгуулах боломжтой болжээ.
Шведийн
H&M, Британийн Primark, Tesco, Испанийн Zara зэрэг хувцас борлуулдаг
компаниуд хувцас нийлүүлэгч үйлдвэрүүдийн аюулгүй ажиллагаанд хараат бус
шалгалт явуулахыг шаардаж байхаар болов.
Сэр
Алекс Фергюсоны зодог тайлсны жинхэнэ нууц
Английн
хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” клубыг 26 жил удирдахдаа Премьер лигийн 13
дахь түрүүгээ аваад “гавъяаныхаа амралт”-ыг авч буй сэр Алекс Фергюсон зодог
тайлсан жинхэнэ шалтгаанаа ярьжээ. Түүний огцролтын шалтгааныг янз бүрээр
тайлбарлаж байсан билээ. “МЮ” Премьер лигийн 37 дахь тойрогт талбай дээрээ “Суонси”-г
2:1-ээр хожиж түрүү багийн баяраа тэмдэглэсний дараа ийнхүү өгүүлсэн байна. “Би
аль Зул сарын баяраар л энэ улирал дуусгаад дасгалжуулагчийн ажлаа орхино
хэмээн шийдчихсэн байсан. Гэвч энэ шийдвэрээ нууцлах их хэцүү байсан. Багийн
уур амьсгалд битгий муугаар нөлөөлөөсэй гэсэндээ гэр бүлийнхэндээ ч хэлэлгүй
нууцалж байлаа. Харин манай баг аваргын ээлжит цомоо авах болзлоо хангасны
дарааа нууцыг задлах боломжтой болсон юм. Саяхан эхнэр маань эгчийгээ алдсанаас
хойш их ганцаардах болсон. Тэр бүхэл бүтэн 47 жил гэр бүлийн гол хүн байж,
миний төлөө олон зүйлээ золиослосон. Намайг цом авч явах хооронд тэр гурван хүүхдээ
өсгөсөн. Одоо би гэргийтэйгээ илүү их цагийг өнгөрөөх болсондоо сэтгэл
хангалуун байна” хэмээн Ферги ярилаа. А.Фергюсон дасгалжуулагчийн ажлаа өгсөн
хөлбөмбөгөөс холдсонгүй. Тэрээр “Манчестер Юнайтед” клубын Удирдах зөвлөлд
оржээ.
No comments:
Post a Comment