Wednesday, May 15, 2013







Арван жилийн дотор дөрвөн удаа их мөнгө хожжээ

АНУ-ын Виржини мужийн иргэн Мелвин Уилсон 2004 оноос хойш сугалаагаар дөрвөн удаа ихээхэн мөнгө хожжээ. Тэрээр нийтдээ сугалаанаас хоёр сая доллар хожоод байна. Уилсон байнга сугалаа худалдан авч азаа үздэг аж. Анх 2004 онд 25 мянган доллар хожжээ. Нэг жилийн дараа хоёр удаа томоохон хонжвор таарчээ. Тэрээр дараалаад нэг сая, 500 мянган доллар хожсон байна. Хамгийн сүүлд Уилсон хэдхэн хоногийн өмнө 500 мянган долларын хонжворын эзэн болжээ. “Хэрэгтэй цагт хэрэгтэй газраас нь сугалааг худалдан авах ёстой” хэмээн азтай эр нууцаа дэлгэсэн байна.

Японы Ерөнхий сайд Ким Чен Унтай уулзахад бэлэн

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдэхийн тулд Хойд Солонгосын лидер Ким Чен Унтай уулзахад бэлэн байна. Саяхан Абэгийн зөвлөх Исао Изима Пхеньянд айлчлаад иржээ. Ерөнхий сайд парламентын Төсвийн хорооны хуралдаан дээр үг хэлэхдээ энэ айлчлалын талаар тайлбар хийсэнгүй. Жүничиро Коизүми 2002 онд Японы Ерөнхий сайд байхдаа Хойд Солонгост айлчилж хулгайлагдсан таван япон иргэнийг эх орондоо буцаан авчирч байсан билээ. Изима мөн Жүничирогийн гол зөвлөх байжээ.
Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар шийдвэрлэх ёстой хэмээн Шинзо Абэ үзэж байна. Пхеньянд шахалт үзүүлэх нь чухал ч яриа хэлэлцээгээр бүхнийг шийдэх ёстой хэмээн Абэ онцлон тэмдэглэв.

Анжелина Жоли дахин хагалгаанд орно

Холливудын жүжигчин Анжелина Жоли дахин хагалгаанд орж өндгөвчөө авахуулахаар болжээ. Жоли саяхан хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд хоёр хөхөө тайруулсан юм. Шинжилгээгээр жүжигчин бүсгүйд BRCA1 хэмээх вирус илэрч, хөхний хорт хавдраар өвчлөх магадлал 87, өндгөвчний хорт хавдар тусах магадлал 50 хувьтай байжээ. Анжелина Жоли хүнд шийдвэр гаргаж хоёр хөхөө авахуулсны дараа хорт хавдрын магадлал нь таван хувьтай болсон байна. Эдүгээ Холливудын од өндгөвчөө авахуулж өндгөвчний хорт хавдрын магадлалыг бүрэн арилгахаар шийджээ.
Жоли хоёр хөхөө авахуулсны дараа бие нь сайн байгаа, дараагийн хагалгаандаа бэлтгэж байна хэмээн нөхөр Брэд Питт нь ярилаа. “Анжелинагийн шийдвэрийг би баатарлаг үйлс гэж хүлээж авсан. Тэр эрүүл саруул байж, надтай, хүүхдүүдтэйгээ урт удаан амьдраасай л гэж хүсч байна” хэмээн Питт ярилаа. Жоли, Питт хоёр өргөсөн, төрүүлсэн зургаан хүүхэдтэй юм.

80 настай эр Эверестэд авирахаар зэхэж байна

Японы 80 настай иргэн Юичиро Миура дэлхийн хамгийн өндөр уул Эверестийг байлдан дагуулж, дэлхийн зулайд гишгэсэн хамгийн өндөр настнаар тодрохоор бэлтгэж байна. Тэрээр эдүгээ авиралтаа хийж байгаа бөгөөд өчигдөр таван мянган метрийн өндөрт байрлах баазаасаа хүү болон хөтөчийн хамтаар хөдөлжээ. 80 настай өвөө тавдугаар сарын 24-нд Эверестийн оргилд гарахаар тооцож байна. Таван жилийн өмнө Балбын иргэн Бахадур Шерчан 76 насандаа Эверестийг байлдан дагуулж Гиннесийн номд бичигдэж байжээ.

Мексикт дөрвөн жилийн дотор 34 хотын дарга алуулжээ

Мексикт сүүлийн дөрвөн жилийн дотор 1200 гаруй төрийн албан хаагч дээрмийн бүлгийн гарт амиа алдсан хэмээн эрх баригчид мэдээлэв. Тэдний дотор 34 хотын дарга байгаа аж. Үүнд түрүүчийн Ерөнхийлөгч Фелипе Калдероны хар тамхины мафийн эсрэг эхлүүлсэн дайн буруутай хэмээн Мексикийн мужуудын холбооны тэргүүн Серхио Оливера ярилаа. 2007 онд мафийн эсрэг дайн зарласнаас хойш 70 мянган хүн амь насаа алдаад байна.

“Челси”-гийн ялалт олон рекорд дагууллаа

Лондоны “Челси” клуб өчигдөр Голландын Амстердам хотноо Португалын “Порту”-г 2:1-ээр хожиж Европа лигийн аварга болов. “Язгууртнууд” клубын музейд дутагдаж байсан цомыг авчирсны зэрэгцээ олон рекордыг тогтоожээ. Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг клубын бүх тэмцээнд түрүүлсэн гуравхан баг байдаг нь “Ювентус”, “Бавари”, “Аякс” юм. Эдүгээ “Челси” тэдэнтэй эн зэрэгцэх болов.
Өчигдөр “Амстердам Арена” цэнгэлдэхэд болсон цомын төлөөх тоглолтод англичууд ялалт байгуулсан юм. 60 дахь минутад Фернандо Торрес тоглолтын харьцааг нээжээ. Гэвч хэдхэн минутын дараа Португалын баг харьцааг тэнцүүлсэн байна. Тоглолт эн тэнцүү үргэлжилж нэмэлт цагт орох мөчид “Челси”-гийн хамгаалагч Иванович булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж гоол оруулснаар Лондоны баг цомын эзнээр тодорчээ. Ийнхүү өмнөх улиралд Аваргуудын лигт түрүүлсэн “Челси” Европа лигийн цомыг залгуулан авч өвөрмөц амжилт тогтоолоо. Тавдугаар сарын 25-нд “Бавари”-“Боруссиа” хоёр Аваргуудын лигийн төлөө тоглох хүртэл Роман Абрамовичийн клуб хоёр том цомыг зэрэг хадгалж байх нь.
“Челси” анх удаа Европа лигийн аваргаар тодорсон бол, дасгалжуулагч Рафаэль Бенитес Европын гурван цомыг гурван өөр клубын хамт хүртсэн хоёр дахь дасгалжуулагч боллоо. Нөгөөх нь мэдээж Моуриньо. Бенитес өмнө нь “Валенсиа”-тай УЕФА-гийн цом, “Ливерпуль”-тэй Аваргуудын лигийн цом авч байсан юм.
Үүнээс гадна, “Челси”-гийн Хуан Мата, Фернандо Торрес нар дэлхийн хамгийн их цом, түрүүтэй тоглогч болоод байна. Мата, Торрес нар дэлхийн аварга, Европын аварга, мөн Европын клубуудын хоёр том тэмцээнд түрүүлсэн анхны хөлбөмбөгчид болж байгаа аж.

Хумхаагийн нянтай шумуул хүн хазах дуртай

Хумхаа өвчний нян, шимэгчийг тээж явдаг шумуул энэ нянг тээж явдаггүй шумуулаас хүн хазах дур хүсэл нь гурав дахин их байдгийг эрдэмтэд олж мэдээд байна. Шумуул бүр хүний үнэр, хөлсөнд татагдан нисч ирдэг. Гэвч хумхаа өвчний шимэгчийг тээж яваа шумуулууд хүн бүр их тэмүүлдгийг Голландын эрдэмтэд тогтоожээ. Магадгүй энэ нь тэрхүү шимэгчийн амьдрах, үржих тэмүүлэлтэй холбоотой байж болох юм. Энэ нээлт хумхаа өвчний тархалтыг багасгахад тусална хэмээн эрдэмтэд найдаж байна.

No comments:

Post a Comment