Saturday, May 25, 2013





Дэлхий нийт дүрвэгсдийн өмнө хаалгаа хааж байна

Дэлхий ертөнц дүрвэгсэд, цагаачдад улам л дургүй болсоор байна. Amnesty International (AI) байгууллагын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх илтгэлд, сайхан амьдрал хайж, эсвэл мөрдлөг хавчлагаас зайлж гадаад гарсан хэдэн сая хүн эмгэнэлтэй байдалд ороод байгааг онцолжээ. Тэр тусмаа Европын холбоонд энэ байдал хамгийн их ажиглагдаж байгааг дурдсан байна.
AI-ийн жил тутмын илтгэлд 15 сая дүрвэгч, 214 сая цагаачийн эрх зөрчигдөж байгааг цохон тэмдэглэжээ. Энэ салбарт Сирийн иргэний дайнтай холбоотой нөхцөл байдал ихээхэн хүндэрчээ. Тус байгууллагын тооцоогоор, Сирийн хүн амын дөрөвний нэгийг дүрвэгч хэмээн тооцож болохоор болжээ. 4.5 сая сири иргэн орон гэрээ орхин явсан ч эх орондоо үлдсэн байна. 1.5 сая хүн гадаадад гарсны ихэнх нь Иордан, Ливан, Туркийн хил дээрх дүрвэгсдийн хуаранд бөөгнөрчээ.
Хойд Слонгос, Судан, Конгын бүгд найрамдах ардчилсан улсаас иргэд нь зугтаж дүрвэсээр байгаа аж. Голдуу сомали иргэдээс бүрдсэн 468 мянган хүнтэй хамгийн том дүрвэгсдийн хуаран Кени улсад байна. Мали улсаас дүрвэсэн хүмүүсийн тоо аль хэдийнэ 450 мянгад хүрчээ. Тайландын хил дээр Бирмийн 130 мянган дүрвэгч амьдарч байна.
“Дайн мөргөлдөөний бүсийг орхин гарч байгаа хүмүүс ямар ч хамгаалалтгүй байна. Хэтэрхий олон Засгийн газар цагаачлалын хяналт нэрээр хүний эрхийг зөрчиж байна. Зарим эрх баригчид цагаач, дүрвэгчдийн эсрэг арга хэмжээ авна хэмээн популист мэдэгдэл хийж байдлыг улам дэвэргэж байна. Улс орнуудын санхүүгийн хямрал ч муугаар нөлөөлж байна” хэмээн AI байгууллагын нарийн бичгийн дарга Салил Шетти хэллээ. Европ дахь эдийн засгийн хатуу арга хэмжээний улмаас цагаач, дүрвэгчдийг “золигт гаргаж” байгаа аж. Цагаачид, дүрвэгсдийг хорих төвүүдэд хаяж, заримыг нь бүр тээврийн чингэлэг, төмөр хайрцганд хориж байна. Грек улс цагаачдыг хүмүүс бус, доромжилсон нөхцөлд хорьж, Италийн эрх баригчид цагаачдын живж буй хөлөг онгоцыг зөнд нь орхисон хэмээн ихээхэн шүүмжлэлд өртөж байна.
Олон сая цагаач албадан хөдөлмөр, секс хүчирхийлэл өртөж, цагаачлалын эсрэг бодлогын улмаас хууль бусаар ашиглагдаж байгааг Шетти хэллээ. Тэр тусмаа Хонконг, Иордан, Ливан, Кувейтэд цагаач ажилчдын эрх хамгийн ихээр зөрчигддөг аж. Жишээ нь, Иорданд гэрийн үйлчлэгчдийг гэртээ түгжиж, цалингаа “луу унжиж”, паспортыг нь хурааж авах нь энгийн үзэгдэл. Тэд мөн биеийн, сэтгэл зүйн, сексийн хүчирхийлэлд өртдөг аж. Хонконгод очиж ажилладаг гадаадын 300 мянган иргэний ихэнх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрэхгүй цалин авдаг. Цагаач, дүрвэгчдийн эрхийг хамгаалдаг, бичдэг хүний эрхийг хамгаалагчид, хуульчид, сэтгүүлчид мөрдлөг хавчлагад өртөж байгааг Amnesty International онцолж байна. Тэдний эсрэг үйлдсэн гэмт хэргийг илрүүлж, буруутныг шийтгэх шүүхийн систем ажиллахгүй байгааг буруутган шүүмжилж байна.

No comments:

Post a Comment