Израиль-Сирийн дайн эхлэв үү
Израилийн нисэх хүчин Сирид хоёр өдөр дараалан цохилт өгч Сирийн
армийн 42 цэргийн аминд хүрлээ хэмээн Лондонд төвтэй хүний эрхийн Syrian Observatory
for Human Rights (SOHR) байгууллагаас мэдээлэв. Зуу орчим хүн сураггүй алга
болоод байна хэмээн тус байгууллагын тэргүүн Абдель Рахман ярилаа. Израиль улс
агаарын довтолгооны хариуцлагыг албан ёсоор өөртөө аваагүй ч Израилийн нисэх
хүчин сүүлийн хэдэн өдөрт Сирийн газар нутгийг хоёр удаа довтолсныг нэрээ
хэлэхийг хүсээгүй эх сурвалж баталж байна. Еврейн улс лалын “Хезболла”
хөдөлгөөнд зориулагдсан Ираны зэвсэглэлийг устгах гол зорилгоор дээрх довтолгоо
хийсэн бололтой. Тель-Авивын эрх баригчид Сири дахь иргэний дайны хүчний
хуваарилалтад хөндлөнгөөс оролцох бодолгүй байгаа ч Ливаны өмнөд хэсэгт
төвлөрдөг лалын “Хезболла” бүлгийн байр суурь бэхжихийг ямар ч аргаар зогсоохыг
хүсч байгаа юм.
Дамаскийн Засгийн газар Израилийн агаарын довтолгоог дайн
зарласантай адил хүлээн авчээ. Сирийн албаны төлөөлөгч “Израилиуд дахин довтолбол
бид зохих хариуг нь өгч, өшөөгөө авах болно” хэмээн мэдэгдэв. Сирид Ираны
зэвсэг хадгалагдаж байгаа гэсэн мэдээллийг Тегераны тал няцаажээ. Одоогоор
Сирийн арми байнгын бэлэн байдалд орж, Оросоос худалдаж авсан “Газар-газар”
ангиллын пуужин болон пуужингаас
эсэргүүцэн хамгаалах системээ ажиллуулахад бэлэн болжээ. Израилийн тал
АНУ-тай зөвшилцсөний үндсэн дээр агаараас довтолсон хэмээн Сири улс үзэж байна.
Иран улс болон лалын шийтүүдийн “Хезболла” хөдөлгөөн нь Сирийн
Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн гол холбоотнууд билээ. Иран улс Ливан дахь
лалуудтай холбогдож Израилийг пуужингаар заналхийлэхэд Сири улс гол суваг болж
өгдөг. Тиймээс Сири нь Тегераны хувьд геополитикийн томоохон ач холбогдолтой
аж. Сирийн эрх баригч дэглэм “Хезболла” бүлэгт баллистик пуужин нийлүүлж
эхэллээ гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах болсон юм. Сирид суннитуудаас голдуу
бүрддэг босогчид эрх мэдэлд гарч ирвэл Иранд ямар ч ашиггүй. Б.Асадын дэглэм
нурвал Тегеран Израилийн хил дээрх чухал холбоотон “Хезболла”-тай холбоо тасрах
ажээ.
No comments:
Post a Comment