Белизэд
майячуудын пирамидыг нураажээ
Төв
Америкийн Белик улсад нэгэн барилгын компани зам барилгын ажилд хайрга
олборлохын тулд эртний майя индиануудын томоохон пирамидыг нураажээ. Пирамидыг
өнгөрсөн долоо хоногт нураасан хэмээн Белизын Археологийн хүрээлэнгийн тэргүүн
Хайме Эйв мэдэгдэв. Уг пирамид нь улс оронд нэр хүндтэй, 2300 жилийн настай
эртний байгууламж байсан тул санамсаргүйгээр нураасан гэж үзэхгүй байгаа аж.
Цагдаагийн газар эртний түүх дурсгалыг нураасан этгээдүүдийг эрүүгийн
хариуцлагад татаад байна.
Аюулгүй
байдлыг сахиулах ажиллагаа эхэллээ
Венесуэлийн
Ерөнхийлөгч Николас Мадуро улс оронд аюулгүй байдлыг сахиулах томоохон
хэмжээний ажиллагааг эхлүүллээ. Ажиллагааны хүрээнд гурван мянган цэргийн албан
хаагч нийслэл Каракас болон бусад хотуудад эргүүл хийх юм. “Аюулгүй эх орон”
хэмээн нэрлэсэн арга хэмжээ нь улс оронд энх тайван, амар амгаланг авчирна
хэмээн Мадуро хэллээ. Венесуэль нь хүн амины гэмт хэргээр Өмнөд Америктаа дээгүүр
ордог юм. Сонгуулийн дүнг эсэргүүцсээр байгаа сөрөг хүчнийхэн эрх баригчдыг
гэмт хэргийн эсрэг хангалттай тэмцэхгүй байна хэмээн шүүмжилсээр байна.
Интернэтгүй
боллоо хэмээн 10 давхраас үсэрчээ
ОХУ-ын
Чита хотод гэрийнхээ интернэтийг таслуулсан 15 настай жаал 10 давхар байшингаас
үсэрчээ. Золоор түүний замд мод таарч мөчир дээр унасан тул аврагдсан байна.
Жаалхүү сэхээн амьдруулах тасагт байна хэмээн эмч мэдээлэв. Интернэтээс
салахгүй байсан жаал сүүлдээ бүр донтож, хичээлдээ явахаа больсон тул эцэг эх
нь интернэтийг нь салгуулсан аж. Үүнд уурласан хүү амиа хорлохоор ийнхүү
оролджээ.
Амь
үрэгдсэн хүний тоо 1127-д хүрлээ
Бангладешт
оёдлын үйлдвэрийн барилга нурсны улмаас амь насаа алдсан хүний тоо 1127-д
хүрлээ. Нурангин дороос цогцос хайх ажил дуусчээ. Энэхүү харамсалтай явдлын
дараа хамгийн бага цалинтай байсан оёдолчдын цалин нэмэгдэв. Мөн оёдлын
үйлдвэрийн ажилчид засаг захиргааны зөвшөөрөлгүйгээр үйлдвэрчний эвлэл
байгуулах боломжтой болжээ.
Шведийн
H&M, Британийн Primark, Tesco, Испанийн Zara зэрэг хувцас борлуулдаг
компаниуд хувцас нийлүүлэгч үйлдвэрүүдийн аюулгүй ажиллагаанд хараат бус
шалгалт явуулахыг шаардаж байхаар болов.
Битүү
чанагч авч явсан этгээдийг онгоцны буудал дээр саатуулжээ
АНУ-ын
Детройт хотын нисэх буудал дээр тээшиндээ битүү чанагч авч явсан Саудын Арабын
иргэнийг саатуулжээ. Тэрээр зөрчилтэй паспортоор АНУ-д орж ирсэн бөгөөд тээшиндээ
битүү чанагч хийсэн байхыг Холбооны мөрдөх товчооны ажилтнууд илрүүлсэн байна.
Араб эр читүү чанагчаар будаатай хоол хийх гэж авсан хэмээн мэдүүлжээ. Ах дүү
Царнаев Бостоны марафон дээр битүү чанагч ашиглан бөмбөг дэлбэлж гурван хүний
аминд хүрсэн билээ.
Домогт
тагнуулч Рихард Зоргегийн хүү Бакугийн гудамжинд амьдарч байна
Азербайжаны
хэвлэлүүд Зөвлөлтийн домогт тагнуулч Рихард Зоргегийн хүүгийн талаар бичжээ.
Тэрээр орон гэргүй, Баку хотын гудамжинд амьдардаг бөгөөд тэтгэвэр энэ тэр
авдаггүй аж. Зоргегийн хүү хэдэн жилийн өмнө байрнаасаа хөөгдсөн байна. Домогт
тагнуулчийн хүү өнөөдөр зөвхөн халуун хоол мөрөөдөн гудамжинд амв зогоож байгаа
ажээ.
Дэлхийн
II дайны үеийн Зөвлөлтийн тагнуулч Рихард Зорге нь эрин зууны хамгийн
гарамгай тагнуулчдын нэг юм. Тэрээр 1895 оны аравдугаар сарын 4-нд Бакугийн
ойролцоох Сабунчи тосгонд герман инженер Зоргегийн гэр бүлд төржээ. Рихард
Зорге Рамзай хэмээх нууц нэрээр “Франкфуртер цайтунг” сонины сурвалжлагч нэрийн
дор Японд найман жил Зөвлөлтийн тагнуулчаар ажилласан юм. Зорге 1941 оны
аравдугаар сард Японы цагдаад баривчлагдаж, 1943 оны есдүгээр сард дүүжлүүлэх
ял сонсчээ. 1944 оны арваннэгдүгээр сарын 7-нд Токиогийн Сугамо шоронд цаазыг
гүйцэтгэсэн аж.
Рихард
Зорге 1914-1918 онд Германы армид сайн дураар элсч дэлхийн I дайнд
оролцож байв. 1924 онд ЗХУ-д буцаж иржээ. Дэлхийн II дайны
үед тэрээр нацист Германы ЗХУ-д довтлох төлөвлөгөөг илрүүлж чадсан байна. 1964
онд түүнийг ЗХУ-ын Баатар цолоор нэхэн шагнажээ.
No comments:
Post a Comment