Sunday, May 26, 2013






Эквадор, Палестин дипломат харилцаагаа хөгжүүлнэ

Эквадор, Палестины автономийн эрх баригчид дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээхээр болжээ. Хоёр талын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо, Рияд аль-Малики нар энэ талаарх тохиролцоонд гарын үсэг зурлаа. Эквадор улс 2011 онд Палестиныг хүлээн зөвшөөрсөн юм. “Харилцан ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд хоёр улс Элчин сайдын яамаа харилцан нээхээр боллоо” хэмээн Рикардо Патиньо мэдэгдсэн байна.

Ким Чен Ун цэргийн хөлөг онгоцуудаа нуухыг тушаалаа

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун улс орны цэргийн хөлөг онгоцуудыг бусдын нүднээс далд байлгахыг тушаажээ. Ким Чен Ун тэнгисийн цэргийн флотын хүчээ шалгаж явах үед цэргийн зарим хөлөг онгоц нээлттэй орон зайд байж байгааг хараад ийнхүү зарлиг буулгасан аж. Хөлөг онгоцууд болон цэргийн бусад техникийг ил, нүдэн дээр байлгах нь дайсандаа нүдлэгдэх, хөдөлгөөн, шилжилтийн талаар мэдээлэл алдах аюултай тул байж болохгүй зүйл хэмээн удирдагч хэлжээ. Тэрээр мөн Хойд Солонгосын арми ямар ч үед байлдаанд бэлэн байж, алдаа дутагдлаа дор нь засч байх ёстой хэмээн онцолсон байна.

Панам хууль бус цагаачдыг “харж үзэв”

Панамын эрх баригчид хууль бус цагаачдад хууль ёсны зөвшөөрөл олгох үйл явцыг эхлүүлжээ. Тус улсад амьдарч буй 10 мянган хууль бус цагаач хууль ёсны эрхтэй болох юм. Үүний дараа тэд ажилд орох, нийгмийн тусламж авах эрхтэй болох юм. Гэхдээ цагаачид татвар төлөх үүрэг хүлээж байгаа аж. Панамд жил гаруй хугацаанд хууль бусаар амьдарч байгаа цагаачид энэ “өршөөл”-д хамрагдах ажээ.

Авлигын хэргээр баривчлагдсан Ерөнхийлөгч ажилдаа орлоо

Босни Герцеговины холбооны улсын Ерөнхийлөгч Живко Будимир 30 хоногийн баривчилгаанаас суллагдсаны дараа ажилдаа эргэж орлоо хэмээн Radio Sarajevo мэдээлэв. Сөрөг хүчнийхэн эрүүгийн хэрэгт орооцолдсон Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсаар байна. Авлигын хэрэгт сэжиглэгдэн 30 хоног баривчлагдаж шалгагдсан Живко Будимир энэ талаараа ямар нэг тайлбар хийхээс татгалзжээ.
Босни Герцеговины Ерөнхийлөгчийг хоригдлуудыг өршөөхдөө авлига авдаг хэмээн буруутгаж байгаа юм. Ж.Будимир нэг хоригдлыг өршөөж суллахдаа 15 мянган долларын хахууль авдаг байжээ.

Ж.Керри: Палестины эдийн засагт дөрвөн тэрбум доллараар тусална

АНУ Палестины эдийн засагт дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөлвлөж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри зарлалаа. Энэ мөнгө Палестины  эдийн засгийг 50 хувиар өсгөнө хэмээн Вашингтон үзэж байна. Гурван жилийн дараа хөрөнгө оруулалтын үр дүн гарах бололтой. Дөрвөн тэрбум доллараар Палестин дахь ажилгүйдлийн түвшинг гуравны хоёроор багасгаж, дундаж цалинг 40 хувиар нэмэгдүүлнэ хэмээн Жон Керри хэллээ. Гэвч Палестин-Израилийн харилцаанаас амжилт ихээхэн шалтгаална хэмээн ТӨрийн департаментын тэргүүн цохон тэмдэглэв.

Колумбийн босогчидтой газрын шинэчлэлийн тохиролцоонд хүрчээ

Колумбийн Засгийн газар, Колумбийн хувьсгалт зэвсэгт бүлгийн (FARC) босогчдын төлөөлөгчид хөдөө аж ахуйн салбарт хамтарсан шинэчлэл хийх тохиролцоонд гарын үсэг зурлаа. Хоёр талын уулзалт Кубын нийслэл Гавана хотод болжээ. Тохиролцооны нарийн ширийн зүйлийг зарлахгүй байгаа ч Колумбийн эдийн засгийн доголдолтой салбарын нэг болох хөдөө аж ахуйд эрс өөрчлөлтийг эхлүүлэхээр болсон нь тодорхой болжээ. Одоо эрх баригчид болон босогчдын хүчин улс орны амьдралын өөр таван чухал салбарт тохиролцоонд хүрэх ёстой. Мөргөлдөөнийг төгсгөл болгох Их тохиролцооны нэг хэсэг нь хөдөө аж ахуйн шинэчлэл юм.

Б.Обама Оклахомад очлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шуурганд өртөж ихээхэн хохирол амссан Оклахома мужид очжээ. Засгийн газар шуурганд өртсөн иргэдэд тусалж, сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ хэмээн Ерөнхийлөгч мэдэгдэв. Оклахома мужийн сэргээн босголтод 57 сая доллар гаргаж, орон гэргүй болсон хүмүүсийг хүлээн авах 12 мянган төвийг байгуулаад байна. “Бидний сэтгэл зүрх та нартай хамт байна” хэмээн Обама хэлжээ. Оклахома мужийг дайрсан шуурга 24 хүнйи аминд хүрч, хоёр тэрбум долларын эдийн засгийн хохирол учруулжээ. 

No comments:

Post a Comment