Monday, May 27, 2013




Михаил Калашниковын бие чилээрхэв

Дэлхийн хамгийн алдартай автомат буу “АК-47”-г зохион бүтээсэн Оросын нэрт зохион бүтээгч Михаил Калашниковын бие чилээрхэж Ижевск хотын эмнэлэгт хэвтжээ. Тэрээр энэ удаа ямар шалтгааны улмаас эмнэлэгт хүргэгдсэн нь тодорхойгүй байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Калашниковын бие муудаж энэ эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан билээ. Нэрт зохион бүтээгчийн бие сайн байгаа хэмээн эмч нар болон түүний төлөөлөгч Сергей Носачев мэдэгдэв. “Тэр ийм өндөр настай гэхэд тэнхлүүн байгаа. Мөдхөн бичиг баримттайгаа ажиллах болно” хэмээн Носачев ярилаа.
Михаил Калашников 2012 оны арваннэгдүгээр сарын 10-нд 93 нас хүрсэн юм. Тэрээр алдарт автомат буугаа 1947 онд зохион бүтээсэн бөгөөд хоёр жилийн дараа ЗХУ-ын армийн зэвсэглэлд албан ёсоор орж иржээ. Калашников зохион бүтээсэн буугаа “АК-47” гэж нэрлэсэн ч ийм нэр ямар ч албан ёсны баримт бичиг дээр байдаггүй аж. ЗХУ болон ОХУ-д зохион бүтээсэн зэвсгийг гаргасан оноор нь нэрлэж заншсан юм. “АК” төрсөн албан ёсны он нь 1947 биш, 1949 гэ явдаг ажээ.
“АК-47” нь найдвартай, тэсвэртэй, олон удаа буудсан ч гол нь халдаггүйгээрээ бусад автомат буунаас ялгардаг. Энэ бууг 1959, 1974 онд шинэчлэн сайжруулсан бөгөөд одоо ч Оросын армийн зэвсэглэлд хүндтэй байр суурь эзэлсээр байна. 60 жилийн дотор 70 сая ширхгээр үйлдвэрлэгдсэн “Калашников” дэлхийн 50 орны армийн зэвсэглэлд багтаж байна.
Михаил Калашников Оросын хоёр удаагийн баатар, Социалист хөдөлмөрийн баатар цолтойгоос гадна 15 одон, 20 медальтай. Мөн Сталины нэрэмжит шагналтай ба төрөлх Ижевск хотод хөшөөг нь босгожээ.

No comments:

Post a Comment