Sunday, May 12, 2013





“Башар Асадын химийн зэвсэг “Хезболла” болон бусад террористуудын гарт орж болзошгүй”

Израилийн Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Зеев Элькин Сирийн хямралын талаарх Израилийн байр суурь болон Палестинтай  яриа хэлэлцээ хийх боломжийн талаар ярьж байна. Саяхан Израилийн агаарын хүчин Сирийн газар нутагт цохилт өгснийг олон хүн Башар Асадын дэглэмийн эсрэг дайны эхлэлийг тавилаа хэмээн үзсэн билээ.

-Саяхан Хятадад Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Палестины лидер Махмуд Аббас нарын айлчлал давхацсан. Тэд Бээжингийн зуучлалтайгаар уулзаж болох байсан уу?

-Үгүй. Бид шууд яриа хэлэлцээг эрхэмлэх болно. Иерусалимд, Рамаллад, Москвад, Бээжинд байна уу хамаагүй. Харамсалтай нь Палестины тал шууд хэлэлцээнд бэлэн биш байна.

-Израиль улс Сирийг пуужингаар довтолсныг хэрхэн тайлбарлах вэ. Дахин цохилт өгөх талаар ярилцаж байна уу?

-Израильд албан ёсоор гаргасан шийдвэрийн талаар бид тайлбар хийгээд байдаггүй. Сири дахь нөхцөл байдал бүгдийн сэтгэлийг зовоож байгаа нь нууц биш. Сирид нөхцөл байдал тогтворгүй байгаа нь тэдний химийн зэвсэг “Хезболла”-гаас авахуулаад суннит лалын бүлгүүд хүртэл террористуудын гарт орж болзошгүй аюул учруулж байгаа юм.

-Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Москвад уулзахдаа Сирийн асуудлаар олон улсын чуулган хийх тохиролцоонд хүрлээ. Израиль энэ чуулганд оролцох уу?

-Биднийг урих юм бол мэдээж оролцоно. Гэвч зарчмын хувьд Израиль нь Сирийн хямралыг зохицуулах асуудалд тэргүүлэх тоглогчоор оролцож болохгүй. Бид Сирийн дотоод хэрэгт оролцохгүй, зөвхөн тэнд байгаа үй олноор хөнөөх зэвсэглэлд санаа зовж байна. Гэхдээ бид Сирийн асуудлаар дэлхийн тэргүүлэх улс орнуудтай санал бодлоо солилцохдоо дуртай байх болно.

-Сирийн сөргөлдөгч талууд ширээний ард суух боломж харагдаж байна уу? Сирийн сөрөг хүчин ийм хэлэлцээнд оролцохгүй гэж мэдэгдэж байгаа?

-Бид энэ тал дээр мэргэшсэн хүмүүс биш. Учир нь Израиль улс аль аль талтай нь холбоо тогтоохыг дэмждэггүй.

-Сирийн Ерөнхийлөгч Башар Асад “Палестины үндэсний чөлөөлөх фронт” бүлэгт Израильд цохилт өгөх зөвшөөрлийг өгсөн. Энэ нь танай улсад заналхийлж буй хэрэг мөн үү?

-Энэ бол зүгээр л шоу тоглолт. Палестины террорист байгууллагууд Израильд ямар ч үед цохилт өгөхөд бэлэн байдаг. Тэдэнд Башар Асадын зөвшөөрөл хэрэггүй. Бид аюулгүй байдлаа хамгаалахын тулд бүхнийг хийнэ. Асадын мэдэгдэл бол терроризмийг илт дэмжсэн явдал. Тэр нэг бус удаа ингэж мэдэгдэж байгаа.

-Тэгвэл бүх нийтийн дайчилгаа зарлах зэрэг нухацтай алхам хийх шаардлагагүй юм байна, тийм үү?

-Шаардлагагүй. Харин манай хойд хил түгшүүртэй байна. Голаны өндөрлөг дээр цаашид байдал тогтворгүй хэвээр байвал манай аюулгүй байдалд шууд заналхийлнэ. Тэнд тавдугаар сарын 7-нд НҮБ-ын дөрвөн цэнхэр дуулгатныг хулгайлсан. Мөргөлдөөн дэгдэнгүүт олон улсын цэргийн хүчин асуудлыг шийдвэрлэх чадваргүйгээ харуулж ухрах байр суурь баримталж байгаа нь бидэнд асуултын тэмдэг үлдээж байна. Египет, Газын зурвасын хил дээр ч бид ийм нөхцөл байдалтай тулгарч байсан. Газын зурвас, Египетийн хилээр зэвсэг тээвэрлүүлэхгүй байх үүрэгтэй байсан европууд мөргөлдөөн дэгдэнгүүт зугтаачихсан.

No comments:

Post a Comment