Секс боолууд нь “зөв систем” байсан гэв
Японы Осака хотын дарга Торү Хашимото дэлхийн II дайны үеэр ази эмэгтэйчүүд хүчээр япон цэргүүдийн секс боол болж
байсан явдлыг “шаардлагатай, зөв систем” байсан хэмээн ярьжээ. “Цэргүүд дайны
талбар дээр үхэл, амьдралын хооронд тулалдаж явахад нь амралт өгөх, алжаалыг нь
тайлах шаардлагатай. Секс боолын систем нь тэдний сэтгэлийг тайтгаруулж, хүч
өгч байсан зөв зүйл байсан. Хэн ч үүнийг олйгох биз” хэмээн Хашимото Японы
телевизээр мэдэгдэв. Японы түүхэнд хамгийн залуу мужийн захирагч болж байсан
Хашимото саяхан Осака хотын дарга болсон юм. Тэрээр мөн Хятадын эсрэг хатуу
мэдэгдлээрээ нэрд гарсан Токио хотын экс дарга Шинтаро Ишихарагийн хамтаар
Японы Сэргэн мандлын намыг байгуулж байжээ. Гэвч тэрээр ази бүсгүйчүүд хүсэл
зоригийнхоо эсрэг цэргийн янхны газруудад үйлчилж байсныг хүлээн зөвшөөрөөд
секс боолууд нь “Дайны эмгэнэл” байсан хэмээн тодотгожээ.
Японууд Азийн 200 мянган эмэгтэйчүүдийг хүчээр секс боол болгож байсан
хэмээн түүхчид үздэг. Солонгос, Хятад, Филиппины голдуу эмэгтэйчүүд япон
цэргүүдийн “алжаалыг тайлах” ажил хийдэг байсан аж. “Бүсгүйчүүдийг секс боол
болгох бодлогыг албан ёсоор баталж, дэмжиж байсан нотолгоо байдаггүй. Ийм
практикийг бий болгосон цорын ганц улс нь Япон биш” хэмээн Торү Хашимото
өгүүлэв. Японы Засгийн газрын төлөөлөгч Ёшихиде Суга Осака хотын даргын
маргаантай мэдэгдлийн талаар тайлбар хийхээс татгалзлаа. Япон улс дэлхийн II дайны үед эмэгтэйчүүдийг секс боол болгон зовоож байснаа хүлээн
зөвшөөрсөн Токиогийн албаны байр суурийг сануулснаас өөр зүйл мэдэгдсэнгүй.
Хашимотогийн мэдэгдлийг Өмнөд Солонгосын эрх баригчид дор нь няцаан буруутгалаа.
“Японы өндөр албаны хүн дайны харгис гэмт хэргийг зөвтгөн ярьж байгаад гүнээ
харамсаж байна” хэмээн Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч онцолсон
байна.
Япон улс дэлхийн II дайны үед эмэгтэйчүүдийг секс боол болгон ашиглаж байсаныхаа төлөө
уучлал гуйсан анхны япон нь Шинзо Абэ юм. Тэрээр 2007 онд Японы парламент дээр
үг хэлэхдээ энэ явдлын төлөө албан ёсоор уучлал гуйсан билээ. Японууд дайны үед
эмэгтэйчүүдийг секс боол болгохоор хулгайлдаг байсан талаар Азийн хөрш орнууд нь
мэдэгдэл хийсний дараа Японы тал уучлал гуйсан юм. “Дайны үед эмэгтэйчүүдийг
секс боол болгож байсныхаа төлөө Японы Ерөнхий сайдын хувиар уучлал гуйж байна”
хэмээн Абэ мэдэгдэж байжээ. Японы эзэнт гүрний арми дайны үед япон цэргүүдийг
наргиулж, алжаалыг нь тайлах зорилгоор янхны газруудыг байгуулж байснаа 1993
онд хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч Японы улс төрийн зарим консервативууд, секс
боол гэгдэж байсан эмэгтэйчүүд нь мэргэжлийн биеэ үнэлэгчид байсан, үйлчилгээ
үзүүлснийхээ хөлсийг авдаг байсан, япон цэргүүдийн зүгээс халдлага,
хүчирхийлэлд өрттдөггүй байсан хэмээн тайлбарлаж байна.
No comments:
Post a Comment