Saturday, May 4, 2013





Энэ хар хүүхэн чинь Чезимар шүү дээ.....................................

Израиль Дамаскт цохилт өгчээ

Сирийн нийслэл Дамаск хотод ням гаригийн өглөө хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болжээ. Израилийн тал Сирийн цэргийн судалгааны төвийн байрыг пуужингаар харвалаа хэмээн Сирийн үндэсний телевизээр мэдээлэв. Израилиуд нэгдүгээр сард мөн энэ барилгад цохилт өгч байжээ. Тель-Авив энэ долоо хоногт Сирид агаараас цохилт өгнө гэдгийг АНУ хэд хоногийн өмнө мэдэгдэж байсан юм. “Израилийн тал Сири дахь террористуудын сэтгэлийг засах гэж дахин довтоллоо” хэмээн Сирийн төв телевизээр ярьжээ. Тель-Авив ямар нэг мэдэгдэл, тайлбар хийсэнгүй.

Хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү дайрчээ

Хятадын Бээжин хотын төвд хутгаар зэвсэглэсэн этгээд автомашинд байсан жолооч, зорчигчид руу дайрч хоёр хүний аминд хүрчээ. Нэг хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Цагдаа нар хэргийн газар ирэхэд гэмт хэрэгтэн автомашин дотор өөрийгөө түгжиж, баривчлах үеэр эсэргүүцэл үзүүлжээ. Баривчилгааны явцад шархадсан гэмт этгээд эмнэлэгт очоод нас барсан байна. Цагдаа нар гэмт хэрэгтний хэн болохыг тогтоож, ямар шалтгаанаар халдлага үйлдсэнийг шалгаж байна.

Афганистанд таван америк цэрэг эрсэдлээ

Афганистаны Кандагар мужид бөмбөг дэлбэрч таван америк цэрэг амь эрсэдлээ хэмээн Америкийн армийн төлөөлөгч мэдэгдэв. Цэргүүд сууж явсан хуягт техник минад өртөн дэлбэрчээ. Ийнхүү долоо хоногийн дотор Афганд 19 америк амиа алдаад байна. 14 нь онгоцны ослоор амь үрэгдсэн юм. 2013 онд тус улсад НАТО-гийн 47 цэрэг амь үрэгдсэний 32 нь америкууд ажээ.
2013 оны дөрөвдүгээр сарын 27-нд “Талибан” хөдөлгөөн хаврын дайралтаа эхлүүлж буйгаа зарласан. Цаг агаар дулаарснаар босогчдын хөдөлгөөн, шилжилт хялбар болж, дайн байлдааны ажиллагаа явуулахад дөхөмтэй болдог аж.

Уоррен Баффет залгамжлагчаа сонгожээ

Америкийн тэрбумтан, Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын холдингийн тэргүүн Уоррен Баффетт залгамжлагчаа сонгосон тухайгаа жил тутмын хувьцаа эзэмшигчдын чуулган дээр мэдэгджээ. 82 настай Баффет “Намайг холдингийн удирдлагаас буусны дараа хэн удирдагч болохыг би мэдэж байна” хэмээн Небраска мужийн Омаха хотод 30 мянган дэмжигчийнхээ өмнө ярьжээ. Холдингийн Удирдах зөвлөл ч Баффетийг хэн орлохыг мэдэж байгаа аж. Харин хэн гэдгийг одоогоор зарлаагүй байна.
Berkshire Hathaway-ийг 1965 оноос хойш тэргүүлж байгаа Уоррен Баффетт 2008 онд дэлхийн тэргүүн бянаар тодорч байв. Эдүгээ тэрээр 57 тэрбум долларын хөрөнгөөрөө энэ жагсаалтын гуравт бичигдэж байна.

Тупак Шакурын авга эгчийн толгойг хоёр сая доллараар үнэлэв  

ХНУ-ын Холбооны мөрдөх товчоо хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж буй террористуудын жагсаалтад анх удаа эмэгтэй хүнийг оруулжээ. Алдарт рэппер Тупак Шакурын авга эгч Жоан Дебора Чезимар энэхүү “эргэлзээтэй нэр хүнд”-ийг хүртээд байна. Ассата Шакур хочоороо алдаршсан Чезимар “Хар чөлөөлөлтийн арми” хэт даврагч бүлгийн гишүүн байжээ. 1970-аад онд тус бүлэг банкуудыг идэвхтэй дээрэмдэж, цагдаагийн ажилтнуудын амь насанд халдаж байв.
1973 онд Нью-Жерсид цагдааг буудан хөнөөсөн Чезимар 1997 онд бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн юм. Чезимар болон түүний хамсаатнуудын сууж явсан автомашиныг хоёр цагдаа зогсоожээ. Тухайн үед Чезимар банк дээрэмдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан аж. Буудалцаан болж нэг цагдаа алуулж, нөгөө нь шархадсан байна.
1979 онд гэмт хэрэгтэн бүсгүй шоронгоос оргож, дараа нь Кубад очиж нуугджээ. Кубын эрх баригчид түүнд улс төрийн орогнол олгосон юм. Холбооны мөрдөх товчоо дээрх цагдаагийн үхлийн 40 жилийн ойгоор Чезимарыг хамгийн ихээр эрэн сурвалжилж буй террористуудын жагсаалтад оруулсан байна. ХМТ-ны сайтад Чезимарын ашиглаж байсан 20 орчим нэрийг ил болгожээ. Тэрээр хэзээ төрсөн нь тодорхой бус, эдүгээ 60-66 настай хэмээн үздэг.
АНУ-ын эрх баригчид гэмт хэрэгтэн эмэгтэйн байгаа газрыг зааж өгсөн хүнд нэг сая долларын шагнал амлажээ. Мөн Нью-Жерси мужийн захиргаа Чезимарыг баривчилж чадсан хүнд дахин нэг сая долларын шан амлаж байна. ХМТ-ны төлөөлөгч террорист бүсгүйг Америкт буцаж ирж, бууж өгч шүүхийн өмнө зогсохыг уриалжээ.

Калифорнид түймэр заналхийлж байна

АНУ-ын Калифорни мужийн дөрвөн мянган орон сууцыг шатаахаар заналхийлж байгаа түймэртэй хоёр мянга орчим гал сөнөөгч өдөр шөнөгүй тэмцэж байна. Гал түймэр 11 мянган га газрыг хамарчээ. Одоогоор аймшигт түймрийн 30 хувийг хяналтдаа оруулаад байна. Лос-Анжелес хотоос 65 км-т орших Малибу орчмоос ойн түймэр эхэлжээ. Хоёр мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болоод байна. Нэг гал сөнөөгч, нэг иргэн түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ.

No comments:

Post a Comment