Saturday, June 1, 2013





Алла Пугачёва: Ижил хүйстэн гэр бүлд хүүхэд үрчлүүлэхийг эсэргүүцэж байна

Оросын эстрадын хатан хаан Алла Пугачёва ижил хүйстэн гэр бүлд өнчин хүүхдүүдийг үрчлүүлэхийг эрс эсэргүүцэж байна. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсний дараа ийм гэр бүл дэх хүүхдүүдийн хувь заяаны талаарх маргаан намжихгүй байна. Алла Борисовна өчигдөр “Иргэний мөрийн хөтөлбөр” намын Иргэний хорооны гишүүний хувиар мэдэгдэл, хийхдээ ижил хүйстэн гэр бүлийн хүүхэд үрчлэх эрхийг хориглох ёстой хэмээн онцоллоо.
“Би л хувьдаа үүний эсрэг байна. Би Элтон Жоныг мэднэ л дээ. Гэхдээ тэрхүү гэр бүлд өсч байгаа хүүхэд тун хэцүү байдалд орно гэдгийг ойлгож байна. Хоёр эр хүн хүүхэд өсгөнө гэдэг... Энэ бол маш хэцүү. Зөвхөн хүүхдийг өрөвдөөд л үүнийг эсэргүүцэж байна” хэмээн примадонна хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Тэрээр ижил хүйстэн байхыг эсэргүүцдэггүй, харин хүүхэд үрчилж авахыг яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй гэв. ОХУ-ын “Иргэний мөрийн хөтөлбөр” намын лидер, тэрбумтан Михаил Прохоров мөн ийм санаа бодолтой байгаа аж.
Оросын Ерөнхийлөгчийн хүүхдийн эрх хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Павел Астахов, Францын иргэдэд орос хүүхдүүдийг үрчлүүлэх асуудлыг түдгэлзүүлэх санал дэвшүүлжээ. Орос хүүхдүүдийг үрчилж авсан америк гэр бүлүүд олон асуудал үүсгэж буйн улмаас ОХУ америк гэр бүлд орос хүүхэд үрчлүүлэхийг хориглоод байгаа билээ. Астаховын хэлж буйгаар, Оросын хууль сахиулагчид Францын гэр бүлийн хуулийн шинэ нөхцөл байдалд уялдуулж Орос-Францын хүүхэд үрчлэх тохиролцоонд өөрчлөлт оруулах ёстой аж. “Энэ хуулийг түдгэлзүүлэх ёстой. Түдгэлзүүлэх нь уг хуулийн зөрчилдөөнийг арилгах хэвийн практик” хэмээн тэрээр онцоллоо. Эхлээд хуулийг түдгэлзүүлж байгаад дараа нь ижил хүйстэн гэр бүлд хүүхэд үрчлүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэж болно хэмээн оросууд үзэж байна.

No comments:

Post a Comment