Sunday, May 12, 2013






Шинэ Орлеаны буудалцаанд 17 хүн шархадлаа

АНУ-ын Шинэ Орлеан хотод Ээжүүдийн баярын жагсаалын үеэр буудалцаан болж дор хаяж 17 хүн шархаджээ. Суманд өртсөн хүмүүсийн ихэнх нь хөнгөн шарх ав чээ. Хоорондоо буудалцсан гурван залуу зугтаж алга болсон байна. Ээжүүдийн баярын жагсаалд 400 орчим хүн оролцож байжээ. Шархадсан хүмүүсийн гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Шинэ Орлеан дахь буудалцаан нь алан хядах ажиллагаа биш, гудамжны танхайрал байсан хэмээн цагдаагийн газраас мэдэгдлээ.

Хойд Солонгосын Батлан хамгаалахын шинэ сайд томилогдов

Хойд Солонгосын Батлан хамгаалахын шинэ сайдаар нэр нь дуулдаж байгаагүй генерал Чен Чон Нам томилогдлоо. Тэрээр нь өмнө нь Хойд Солонгосын армийн нэгдүгээр корпусын командлагч байжээ. 2012 оны арваннэгдүгээр сард томилогдож байсан өмнөх сайдын хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна. Залуу удирдагч Ким Чен Ун улс орны чухал албан тушаалд цэвэрлэгээ явуулж, илүү залуу хүмүүсийг гаргаж ирж байгаа бололтой.

М.Ахмадинежад 74 удаа ташуурдуулж магадгүй

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх явцад зөрчил гаргасныхаа төлөө 74 удаа ташуурдуулах, эсвэл зургаан сар шоронд хоригдож магадгүй болоод байна хэмээн The Telegraph сонин мэдээлэв. Түүний зөвлөх Эсфандияр Рахим Машаи Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ бүртгүүлэх гээд очиход Ахмадинежад дагалдаж очсон аж. Ираны хуулиар үүнийг хориглодог ажээ. Махмуд Ахмадинежад хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул дахин өрсөлдөх эрхгүй юм. Одоогоор 686 хүн Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.

Пак Гын Хе секс шуугианд холбогдсон төлөөлөгчөө огцруулав

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Парк Гын Хе АНУ-д айлчлал хийж байхдаа залуу бүсгүйн биед зүй бусаар хүрсэн шуугианд холбогдсон хэвлэлийн төлөөлөгч Ён Чан Жунг огцруулжээ. Хатагтай Парк Гын Хегийн АНУ-д хийж буй нүсэр айлчлалын бүрэлдэхүүнд Ён багтсан аж. Айлчлал амжилттай болж, улс төр, эдийн засгийн хүрээнд олон чухал тохиролцоо хийсэн ч хэвлэлийн төлөөлөгчийнх нь өдөөсөн нэгэн хэрэг “сүүдэр тусгаж” орхив.
Вашингтоны нэгэн зочид буудалд залуу бүсгүй Өмнөд Солонгосын нэгэн иргэний секс халдлагад өртлөө гэсэн дуудлага цагдаагийн газар иржээ. Гэтэл мань Ён Чан Жун Өмнөд Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг 30 орчим насны солонгос-америк иргэншилтэй бүсгүйн өгзгөнд зөвшөөрөлгүй хүрч шалигласан байв. Цагдаагийн газар түүний нэрийг зарлаагүй ч Ерөнхийлөгч Парк Гын Хегийн Тамгын газар энэ этгээд нь хэвлэлийн төлөөлөгч нь болохыг мэджээ. Тамгын газрын дарга Хэ Тае Ёл албаны бусад гишүүнтэй зөвлөлдсөний эцэст Ён Чан Жуныг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Америк задуус уламжлалт гэр бүлээс татгалзаж байна

Америк залуусын олонх нь уламжлалт гэр бүлийг орчин үеийн амьдралын заавал биелүүлэх зүйл биш хэмээн үзэх болсныг судалгааны дүн харууллаа. Америкуудын 87 хувь нь уламжлалт гэр бүлийн байгуулал шинэ үеийн шаардлагад нийцэхгүй, хоцрогдсон хэмээн үзэж байна. АНУ болон өрнөдийн орнуудад уламжлалт бус гэр бүл улам их болж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Тэр тусмаа залуус гэр бүлгүйгээр амьдарч болно хэмээн бодох болов. Америкуудын 82 хувь нь “Эх хүн бол хүүхдийг төрүүлсэн хүн биш, хүүхдийг өсгөсөн хүн” хэмээн үздэг болжээ.
Эцэг нь гэртээ сууж хүүхдээ хараад, ээж нь ажил хийж, карьер хөөвөл хэвийн хэмээн 86 хувь нь үзэж байна. Салсан, сарнисан гэр бүл хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг гэдэгт 84 хувь итгэхээ больжээ. 83 хувь нь ижил хүйстэн гэр бүл хүүхэд өргөж авахыг огт эсэргүүцэхгүй байна. Америк залуусын дийлэнх нь өнөөдөр гэр бүл зохиох шаардлагагүй хэмээх үзэх болсныг судалгааны дүн харууллаа. 

No comments:

Post a Comment