АНУ Сирийг агаар, тэнгисээс бөмбөгдөхөд бэлэн
АНУ Сирийг химийн зэвсэг хадгалж байна хэмээн
үзэж, тус улсыг агаараас бөмбөгдөхөд бэлэн байна. Мөн америкууд тэнгисээс
пуужин харваж Сирийн газар нутаг дээрх багууламжид цохилт өгөх боломжийг судалж
байгаа аж. Пентагон Сирид цэргийн довтолгоо хийх боломжийг эрэлхийлж байна.
Химийн зэвсэг хадгалагдаж буй байгууламжид агаараас, эсвэл тэнгисээс пуужингаар
довтлох хувилбарыг түлхүү ярьж байгаа юм. АНУ-ын цэргийн удирдлага энэ асуудлыг
нухацтай хэлэлцэж эхэлснийг Вашингтоны засаг захиргааны нэрээ хэлэхийг хүсээгүй
өндөр албан тушаалтан хэвлэлд мэдээлсэн юм.
Сири дахь нөхцөл байдал өдөр ирэх бүр хурцдаж,
Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлэл
цацагдсан нь Цагаан ордныг болзошгүй ямар ч нөхцөл байдалд бэлэн байхыг шаардсан
хэрэг боллоо хэмээн дээрх эх сурвалж ярьжээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Барак
Обама одоогоор цэргийн дайралт хийх төлөвлөгөөг ширээн дээрээ авчирч тавихыг
шаардаагүй байна. Үүний зэрэгцээ, Израиль улс Турк, Иордантай хамтран Сирийн
аюул заналхийллийг хэлэлцэж, Асадын дэглэм өөрт байгаа үй олноор хөнөөх химийн
зэвсгээ хэрэглэсэн тохиолдолд яаж хариу арга хэмжээ авах талаар ярилцсан аж.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри дөрөвдүгээр
сарын 27-нд Конгрессын хаалттай хуралдаан дээр “Сирид химийн зэвсэг хэрэглэсэн
гэх мэдээлэл батлагдвал АНУ Сирид нисэхийг хориглосон бүсийг тогтоох, эсвэл Сирийн
сөрөг хүчинд зэр зэвсэг нийлүүлж болно” хэмээн мэдэгдсэн билээ.
Харин Дамаскийн эрх баригчид “Идлиб мужийн
Саракеб хотод террористууд үл мэдэгдэх химийн бодисыг хотын иргэдийн эсрэг
хэрэглэчихээд дараа нь Засгийн газрын цэрэг рүү буруугаа чихсэн” хэмээн мэдэгдсэн
юм. Сөрөг хүчнийхэн Саракеб хотын иргэдийг хотын өмнөд хаалганы дэргэд цуглуулж
байгаад үл мэдэгдэх нунтгаар ариутгасны дараа хүмүүсийн амьсгаа нь боогдож,
шөрмөс нь татаж байсан хэмээн Сирийн Засгийн төлөөлөгч баталж байна. Хордсон
хүмүүсийг Туркийн газар нутаг дээр байдаг эмнэлэгт хүргэж, Засгийн газрын
цэргүүдийг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгах арга зам хайж байна хэмээн
Башар Асадын дэглэмийнхэн үзэж байгаа аж.
Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй
нөхцөл байдлын талаар Барак Обама, Владимир Путин нар утсаар хэлэлцсэн юм.
Америкийн тагнуулын албаны олж авсан мэдээллээр, Сирийн эрх баригчид химийн
зэсвгийг “бага хэмжээгээр” хэрэглэсэн бололтой. АНУ-ын лидер энэ мэдээллийг
сайтар шалгана гэдгээ амлав. Харин Сирийн тал АНУ-ын буруутгалыг эрс няцааж, Оросын
мэргэжилтнүүдийг урьж гуравдугаар сарын 19-нд сөрөг хүчнийхэн Алеппо хотод химийн
зэвсэг хэрэглэсэн гэх явдлыг шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
No comments:
Post a Comment