Sunday, May 5, 2013





Бангладешт амь үрэгдсэн хүний 620-д хүрчээ

Бангладеш дахь барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 620-д хүрлээ хэмээн тусулсын цагдаагийн газраас мэдээлэв. Аврагчид нуранги дороос эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байна. Rana Plaza хэмээх худалдааны төв, оёдлын үйлдвэр байрлаж байсан барилга дөрөвдүгээр сарын 24-нд нурсан юм. Хүчирхэг цахилгаан үүсгүүрийн чичиргээний улмаас барилга нуржээ. Барилгын эзэн Мохамед Ранаг хууль бус барилга барьсан, хайхрамжгүй ажилласан хэмээн буруутган баривчилжээ.

НҮБ: Сирид сөрөг хүчнийхэн химийн зэвсэг хэрэглэсэн

Сирид Засгийн газрын цэрэг бус, сөрөг хүчний дайчид химийн зэвсэг хэрэглэсэн гэх нотолгоог НҮБ олж авчээ. “Бидний хийсэн шалгалтаар, зарин хэмээх химийн хорыг Сирийн армийнхан бус, сөрөг хүчин хэрэглэсэн бат нотолгоо олдлоо” хэмээн Сирид хүний эрх зөрчигдөж буй явдлыг шалгах НҮБ-ын тусгай комиссын гишүүн Карла дель Понте мэдэгдэв. Хэд хоногийн өмнө АНУ “Сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсэн нотолгоог манай тагнуулын газар олж авлаа” хэмээн мэдэгдэж байсан юм. Мөн Башар Асадын арми сөрөг хүчний эсрэг зарин хэрэглэсэн гэдэгт Британи итгэлтэй байгаа аж.

Малайзын эрх баригч нам сонгуульд яллаа

Малайзид болсон парламентын сонгуульд эрх баригч Үндэсний фронт нам ялалт байгууллаа. Сүүлийн 50 жил тасралтгүй эрх барьж байгаа тус нам парламентын 222 суудлын 124-ыг нь авчээ. Ийм үр дүнд цочирдсон сөрөг хүчнийхэн ялагдлаа хүлээн зөвшөөрсөнгүй. Сөрөг хүчнийхэн залуусын хүсэн хүлээсэн өөрчлөлтийг амлаж, ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байсан юм. Сонгуулийн ирц 80 хувьтай байжээ.

Марио Балотелли расизмтэй тэмцэнэ

Италийн “Милан” багийн хөлбөмбөгч Марио Балотелли Нэгдэл, хамтын ажиллагааны сайд Сесиль Киенгегийн санаачилсан арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэх кампанит ажилд гар бие оролцохоор болжээ. 30 жилийн өмнө Заир (одоогийн Конгын ардчилсан бүгд найрамдах улс)-аас Италид цагаачилж ирсэн Киенге саяхан Италийн Засгийн газрын анхны хар арьст эмэгтэй сайд болсон юм. Ганын уугуул, Италийн иргэн Балотеллид хар арьст сайдын санаачилга таалагдаж, Итали дахь расизмийн эсрэг тэмцэлд дуртайяа оролцоно гэдгээ илэрхийлжээ.

Өмнөд Солонгос Кэсоны эрчим хүчний нийлүүлэлтийг зогсоожээ

Өмнөд Солонгосын эрх баригчид Хойд Солонгостой хамтарсан Кэсон үйлдвэрлэлийн бүсэд нийлүүлдэг эрчим хүчний хангамжаа зогсоожээ. Пхеньяны тал үйлдвэрлэлийн бүсийн ажиллагааг зогсоосны хариуд ийм арга хэмжээ авч байна хэмээн Өмнөд Солонгосын Нэгтгэлийн яамны төлөөлөгч Ким Хен Сок мэдэгдлээ. 2004 онд Кэсоны үйлдвэрлэлийн бүс нээгдсэнээс хойш тэнд Өмнөд Солонгосын 123 компани үйл ажиллагаа явуулж, өдөр бүр 100 мянган квт эрчим хүч нийлүүлж байсан юм. Өнгөрсөн баасан гаригт Өмнөд Солонгосын долоон ажилтан Кэсоныг орхин гарсны дараа Сөүл эрчим хүчний нийлүүлэлтийг доод түвшинд хүргэх шийдвэр гаргасан байна.

No comments:

Post a Comment