Япон улс тэрбум доллараар супер компьютер бүтээнэ
Японы Шинжлэх ухаан, техникийн яам ирэх санхүүгийн жилд “К”
компьютерээс 100 дахин их хурдтай шинэ супер компьютер бүтээх төсөл
хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай NHK телевиз
мэдээлэв. “К” компьютер нь RIKEN судалгааны
хүрээлэн болон бусад байгууллагуудын хамтын бүтээл билээ. Энэ компьютер 2011
онд хурдаараа дэлхийд тэргүүлж байсан юм. Гэвч дараа нь АНУ-ын өрсөлдөгч нарт
байр сууриа алдаж, эдүгээ хурдаараа гуравт орж байна. Япон улс шинэ супер
компьютерт нэг тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ. “К” компьютерийг бүтээхэд
мөн ийм хэмжээний төсөв зарцуулж байсан юм.
Хойд Солонгос “Будааны төлөөх дайн”-д ард иргэдээ уриалав
Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэл “Нодон Синмун” сонин
ард иргэдээ “Цагаан будааны төлөөх дайн”-д уриалсан редакцийн нийтлэл гаргажээ.
Цагаан будааны арвин ургац хурааж, гадаадын улс орноос хүнсний тусламж авдаг
хараат байдлаасаа салах ёстой хэмээн нийтлэлд онцолсон байна. Улс оронд хоол
хүнс хангалттай байвал АНУ, түүний хамсаатан орнуудын сөрөг үйлдлээс үл
хамааран эдийн засаг болон цөмийн хөтөлбөрөө хөгжүүлж болно гэжээ.
Пхеньян сүүлийн үед цэрэгжилтийн байдлаа сулруулж, ард иргэдээ
тариалалтад дайчилж байгаа аж. Тус улс жил бүр хоол хүнсний гачигдалд орж
гадаадаас тусламж авах хэрэгтэй болдог билээ.
Жохар Царнаев: Ахын минь эхнэр энэ аллагад хамаагүй
Бостоны марафон дээр аллага үйлдсэн Жохар Царнаев “Манай ах
Тамерланы эхнэр Рассел бидний бэлтгэж байсан аллагаын талаар юу ч мэдээгүй
байсан. Тэр энэ хэрэгт хамаагүй” хэмээн мэдүүлжээ. Гэвч мөрдөн шалгалтын дүн
өөр зүйлийг хэлж байна. Холбооны мөрдөх товчоо Рассел бүсгүй террорист нөхөртэйгээ
амьдарч байсан байшингаас дэлбэрэх бодисын ул мөрийг олсон юм. Мөн бүсгүйн
компьютерээс террорист агуулгатай текст олджээ. Энэ текстийг хэн татсан нь
тодорхойгүй байна.
Рассел Бостоны дэлбэрэлтэд хамаагүй гэдгээ мэдэгдсээр байгаа. Ямар
ч байсан ах дүү Царнаев Расселийн гэрт дэлбэрэлтэд бэлтгэж байсан нь тодорхой
болжээ. Тэд эхлээд АНУ-ын Тусгаар тогтнолын баяр буюу долдугаар сарын 4-нд олны
дунд амиа золиослон бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байжээ. Гэвч тэсрэх бөмбөг нь
бэлэн болсон тул дөрөвдүгээр сарын 15-нд Бостоны марафон дээр туршиж үзсэн нь
тэр аж.
“Аль-Нусрагийн фронт”-ын лидерийг шархдав
Сирийн Засгийн газрын хүчин Дамаскаас холгүй босогчдын байрлалыг
бөмбөгдөх үеэр нөлөө бүхий “Аль-Нусрагийн фронт” лалын бүлгийн толгойлогч Абу
Мухаммед аль-Голани хөлдөө хүнд шархаджээ. Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэж
байгаа тус бүлэг террорист “Аль-Кайда” бүлэгтэй хамтран ажилладаг гэдгээ саяхан
хүлээн зөвшөөрсөн юм. Сирийн босогчдын хамгийн түрэмгий, дайчин бүлэг нь “Аль-Нусрагийн
фронт” юм. 2012 оны арванхоёрдугаар сард АНУ тус бүлгийг террорист байгууллагын
жагсаалтад оруулжээ.
Цыгануудыг доромжилсон сониныг торголоо
Унгарын Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан зөвлөл өдөр тутмын “Magyar
Hirlap” сониныг цыгануудыг доромжилсон материал нийтэлснийх нь төлөө торгожээ.
Тус сонины сэтгүүлч Жолт Байер цыгануудыг амьтан хэмээн нэрлэж, тэднийг унгаруудын
дунд амьдрах ёсгүй хэмээн бичсэн аж. Унгарын хүн амын долоон хувийг эзэлдэг
цыган үндэстний нийгэм тус сонины нийтлэлд эгдүүцэж буйгаа илэрхийлжээ. Сүүлийн
үед Унгарт үндсэрхэг, арьс өнгөөр ялгаварласан үзэл их гарах болов. Барууны
радикал намынхан Унгарын нийслэлд Бүх дэлхийн еврейчүүдийн чуулган зохион
байгуулахыг эсэргүүцэж жагсаал хийжээ.
Майк Тайсон Отеллод тоглохыг мөрөөдөж байна
Америкийн нэрт нударгач Майк Тайсон New York Daily News-т өгсөн
ярилцлагадаа, Уильям Шекспирийн “Отелло” жүжгийн Отеллогийн дүрийг бүтээхийг хүсч
буйгаа ярьжээ. “Шекспирийн жүжигт тогловол гоё биш гэж үү? Намайг Отеллогийн
дүрийг бүтээж байна гээд төсөөл дөө” хэмээн Тайсон өгүүлэв. Алдарт нударгач
жүжигчний авъяасаа даруухан үнэлээд, жүжиглэх сургуульд явах хэрэгтэй гэжээ.
“Надад цаг олдвол би жүжиглэх урлагт дуртайяа суралцана” хэмээн Майк
Тайсон онцолсон байна. Тэрээр эдүгээ АНУ-аар тойрон аялж “Майк Тайсон:
маргашгүй үнэн” хэмээх өөрийн түүхийг өгүүлсэн гоцлол шоугаа тоглож явна.
No comments:
Post a Comment