Wednesday, May 8, 2013




Фидель Кастрогийн хориглосон спорт Кубад хөгжиж байна

1959 онд Фидель Кастрогийн зарлигаар Кубад гольфийн спортыг хоригложээ. Гольфийг капитализмийн билэгдэл хэмээн үзсэн аж. Гэвч 50 жилийн дараа түүний хүү Антонио Кастро Куба дахь гольфийн спортын од болон мандаж байна. Варадерод болсон гольфийн Copa Montecristo тэмцээнд Антонио Кастро түрүүлжээ.
Антонио Кастро Сото 1969 онд мэндэлжээ. Гэмтлийн эмч мэргэжилтэй тэрбээр 2006 оноос хойш бие нь чилээрхсэн эцгийнхээ итгэлтэй баруун гар хэмээн тооцогддог. Спортод ихэд шимтдэг Антонио Олон улсын бейсболын холбоо болон Кубын бейсболын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай юм. Саяхан Кубын амралт, аялал жуулчлалын гол нутаг Варадерод сонирхогчдын гольфийн олон улсын Copa Montecristo тэмцээн болж 15 орны 100 орчим тамирчин оролцжээ. Жил бүр нэр хүнд нь өссөөр байгаа энэ тэмцээний аваргаар Кубын хувьсгалын лидер Фиделийн хүү Антонио Кастро түрүүлсэн байна.
Кубад 1959 онд гольфийг бусад хэд хэдэн спортын хамтаар хориглож байсан юм. 1990-ээд онд зарим спортын хоригийг цуцалсан ч гольфийг үлдээжээ. Гэвч энэ спорт Куба арал дээр аажим аажмаар дэлгэрсээр байна. Рауль Кастрогийн Засгийн газар аялал жуулчлалын 16 шинэ бүс нутаг байгуулах төсөл хэрэгжүүлж байгаагийн ихэнх нь гольфийн талбайтай байх ажээ. Гольфийн талбайг өргөжүүлэх, хөгжүүлэх санаачилгын ард Антонио Кастро байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга.

No comments:

Post a Comment