Monday, May 27, 2013







Сhevron Венесуэльд хөрөнгө оруулалт хийнэ

Америкийн Сhevron корпорац Венесуэль дахь нефтийн олборлолтыг өргөжүүлэх төсөлд хоёр тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болов. Венесуэлийн Нефть, уул уурхайн үйлдвэрлэлийн сайд Рафаэль Рамирес, Сhevron-ий Латин Америк дахь салбарын захирал Али Мошири нар зохих баримт бичигт гарын үсэг зурлаа. Венесуэль 60 хувийг, Америкийн корпорац 40 хувийг нь эзэмшдэг хамтарсан үйлдвэрт дээрх хөрөнгө оруулалтыг хийх аж. Ингэснээр 2019 он гэхэд Венесуэль улс өдөрт 127 мянган баррель нефть (эдүгээ 107 мянган баррель байгаа) олборлох юм. Тус улс нефтийн экспортоор дэлхийд тавд ордог ажээ.

Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрлөө

Европын холбоо Сирид зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригийг цуцаллаа. Европын холбооны аюулгүй байдлын хуралдааны үеэр ийм шийдвэр гаргасныг Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг мэдэгдлээ. Сири дахь нөхцөл байдал улам хурцадвал энэ талаар “илүү уян хатан” шийдвэр гаргахад дээрх шийдвэр тусална хэмээн тэрээр ярилаа. Их Британи, Франц хоёр Сирийн босогчдод зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригийг цуцлахыг нэг бус удаа шаардсаар ирсэн юм. Харин Герман зэрэг бусад орон Башар Асадыг эсэргүүцэгчдийг дэмжих тал дээр аядуу, эргэлзэнгүй байр суурь баримталсаар ирлээ. Сирийн сөрөг хүчин Башар Асадын дэглэмийн эсрэг бослогыг эхлүүлсний дараа Европын холбоо 2011 оны зун Сирид зэвсэг нийлүүлэхийг  хориглож байжээ.

Хамгийн нөлөөтэй хосууд

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн нөлөөтэй хосуудын жагсаалтыг гаргав. Энэ жилийн жагсаалтыг Барак Обама, Мишель Обама нар тэргүүлэв. Хатагтай Обама нөхрөөсөө илүү нэр хүндтэй байгаа аж. Америкийн тэргүүн хосыг хайр, итгэлцэл дээр үндэслэсэн бат бөх харилцааг бибй болгосон гэж үзэв. Мелинда болон Билл Гейтс араас нь жагслаа. Биллийн хөрөнгө 67 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд Мелинда буяны сан байгуулж хэрэгцээт хүмүүст тусласаар явна.
Жей-Зи, Бейонс нар гуравдугаарт бичигдэв. Тэд Америкийн тэргүүн хостой зузаан найзууд бөгөөд Бейонс Б.Обамагийн тангараг өргөх ёслол дээр Америкийн төрийн дууллыг дуулж байсан билээ. Анжелина Жоли, Брэд Питт нар нийгэмд нөлөөтэй хэвээр байна. Жоли хорт хавдраас сэргийлж хоёр хөхөө авахуулсан нь бүхний сэтгэлийг догдлуулсан нь лавтай. Брэдийг ч хүнд үед эхнэрээ дэмждэг жинхэнэ эр хүн хэмээн үнэлэх болжээ.

Жозе Моуриньо хамгийн үнэтэй дасгалжуулагч болно

 “Реал Мадрид” клубын дасгалжуулагч Жозе Моуриньо Испанийн аварга шалгаруулах тэмцээний 38-р тойргийг дуусгасны дараа багаа шууд орхиж Лондоны “Челси” клубтэй гэрээ байгуулах гэж байна. Sunday Times сонинд мэдээлснээр, португал мэргэжилтэн Роман Абрамовичийн клубт жилд 8.5 сая паундын (12.8 сая доллар) цалин авах ажээ. Энэ нь татварын дараахь цалин юм.
“Челси” Моуриньотой дөрвөн жилийн гэрээ байгуулах бололтой. Моуриньо хуучин багтаа ирээд хүчтэй шинэчлэлт хийх бодолгүй байна. Харин довтолгоо, хамгаалалт, дунд шугамд нэг нэг хүчирхэг тоглогч авахаар төлөвлөж байгаа ажээ.

Өмнөд Солонгосын ажилтнууд Кэсонд буцаж очно

Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын үйлдвэрийн эзэд, тэдний ажилтнуудыг хамтарсан үйлдвэрлэлийн Кэсон бүсэд буцаж очихыг зөвшөөрчээ. Өмнөд Солонгосын бизнесмэнүүд Пхеньяны төлөөлөгчидтэй уулзсаны дараа ийм тохиролцоонд хүрчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгосын шаардлагаар Өмнөд Солонгосын бизнесмэнүүд, ажилчид Кэсоныг орхин гарсан юм.
Солонгосын хойгийг өмнөд, хойд хэсэгт хуваадаг хилийн цэрэггүй бүсээс 12 км-ийн зайд Хойд Солонгосын нутаг дээр байдаг үйлдвэрлэлийн Кэсон бүсэд Өмнөд Солонгосын 100 гаруй үйлдвэр, компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр үйлдвэрт Хойд Солонгосын хэдэн арван мянган ажилчин ажиллаж багагүй цалин авдаг ажээ.

АНУ-ын сөнөөгч онгоц далайд унажээ

АНУ-ын агаарын цэргийн хүчний F-15 сөнөөгч онгоц Японы Окинава арлаас зүүн тийш 115 км-ийн зайд далайд унажээ. Онгоцны нисэгч шүхрээр бууж амжиж усанд газардаж аврагчидтай холбоо барьсан байна. Аврагчид түүний байгаа газрыг тогтоож уснаас гаргаж авсан байна. Далайд унасан онгоц Окинава дахь Америкийн цэргийн баазаас хөөрсөн байжээ. Сөнөөгч онгоц юунаас болж осолдсон нь тодорхойгүй байна.

“Дэлхийн цом-2014”-ийн цэнгэлдэхийн дээвэр нурав

Бразилийн Сальвадор хот дахь “Фонте Нова” цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийн зарим хэсэг нуржээ. Энэ цэнгэлдэхэд 2013 оны Хөлбөмбөгийн холбооны цомын гурав, 2014 оны дэлхийн аваргын зургаан тоглолт болох юм. Сүүлийн хэдэн өдөр орсон ширүүн борооны улмаас дээвэр нурсан бололтой. Индрийг бүрхдэг дээврийг буруу татаж барьсны улмаас ус нэг газар хэт бөөгнөрч нурсан байна.
Эрх баригчид холбооны цомоос өмнө (зургадугаар сарын 15-30-нд болно) дээврийг засч янзална хэмээн амлав. 56 мянган хүнний суудалтай “Фонте Нова” цэнгэлдэх 2013 оны дөрөвдүгээр сард нээгджээ.

No comments:

Post a Comment