Wednesday, May 29, 2013




Нам бус улстөрч Болгарын Ерөнхий сайд боллоо

Болгарын парламент нам бус улстөрч Пламен Орешарскийг Ерөнхий сайдаар томилов. Орешарски Сангийн сайдын албыг хашиж байсан юм. Шинэ Ерөнхий сайд эдийн засгийг сэргээж, улс төрийн хуваагдмал байдлыг төгсгөл болгоно хэмээн амлажээ. Мөн үндэстний цөөнх цыгануудын асуудлыг даруй шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Улс төрийн хямралтай байсан Болгар улс Ерөнхий сайдаа томилж чадалгүй гурван сар болоод байсан юм.

Б.Асад дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад 2014 он хүртэл албаа хашиж байгаад дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муалем мэдэгдлээ. Стамбулд уулзсан Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид, зөвхөн Б.Асад Ерөнхийлөгчийн суудлыг орхисон тохиолдолд энхийн гэрээ хэлэлцээнд оролцоно гэсэн тогтоол гаргасан билээ. Сөрөг хүчнийхэн хэд хоногийн дотор дараагийн уулзалтаа Швейцарийн Женев хотод хийхээр төлөвлөж байна. Сири улсыг төлөөлж Гадаад хэргийн сайд Муалем оролцох ажээ.

Улаан загалмайн нийгэмлэг халдлагад өртлөө

Афганистаны Нангархар мужид үйл ажиллагаа явуулдаг Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчийн газрын тэргүүн босогчдын террорист довтолгоонд өртөн амиа алджээ. Нэг террорист Улаан загалмайн нийгэмлэгийн байрны хаалганы өмнө амиа золиослон бөмбөг дэлбэлсэн байна. Үүний дараа бусад босогч байр руу нэвтрэн оржээ. Хоёр цагийн турш харилцан буудалцсаны эцэст зургаан босогчийг устгасан байна. Амиа алдсан нийгэмлэгийн тэргүүн нь Питер гэдэг нэртэй хэмээн Нангархар мужийн цагдаагийн газрын дарга Мохамед Шариф мэдэгдлээ.

Б.Обамагийн хүзүүн дээр хэн үнсэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цамцных нь захан дээр гэрэлтэн харагдах ягаан будгийг тайлбарлан “өдрийн онигоо” болов. Тэрээр “Ази-Америкийн өв уламжлалын сар”-ыг тэмдэглэх ажиллагаан дээр “Намайг итгэмээргүй халуун дотноор хүлээн авсан хүмүүст талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Үүний нэг баталгаа бол миний цамцны захан дээрх уруулын мөр юм” хэмээн түүнийгээ гараараа заан чангаар хөхөрчээ.
“Хэн ингэснийг би хэлэх ёстой. Жессика Санчес (“Америкийн шүтээн” нэвтрүүлгээс төрсөн од) хаана байна? Жессика биш л дээ. Түүний эгч намайг үнссэн юм” хэмээн Цагаан ордны тэргүүн наргисан байна. “Бүгд гэрч болоосой гэж хүсч байна. Учир нь би Мишельтэй муудалцахыг хүсэхгүй байна” хэмээн Обама цугласан олныг инээлгэжээ.


Пакистанд талибуудын удирдагчийг устгажээ

Америкийн нисгэгчгүй онгоц Пакистаны өмнөд нутагт цохилт өгөх үеэр талибуудын лидер Вали Рехман өртөн амь насаа алджээ. Энэ тухай “Талибан” хөдөлгөөний өндөр албаны төлөөлөгч “ВВС”-д мэдэгдсэн байна. Вали Рехман нь Пакистан дахь талибуудын хоёр дахь том удирдагч байжээ. Пакистаны эрх баригчид ч түүний үхлийн талаарх мэдээллийг баталж байгаа юм. Нисгэгчгүй онгоц өмнөд нутгийн Мираншах хотын нэгэн барилгыг бөмбөгдсөн аж. Босогчдын үүр болсон энэ байшинд Вали Рехман байжээ.

Скарлетт Иоханнсон Хиллари Клинтоны дүрийг бүтээнэ

Жүжигчин Скарлетт Иоханнсон АНУ-ын тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны залуу насыг өгүүлэх “Родхэм” киноны гол дүрд тоглохоор сонгогдлоо. Экс тэргүүн хатагтай нөхөрт гараагүй байхдаа Вашингтонд өмгөөлөгчөөр ажиллаж байсан 1974 оны үйл явдлыг энэ кинонд харуулах юм. Найруулагчаар Жеймс Понсолт ажиллах ажээ. Хилларийн дүрд Жессика Чэстейн, Аманда Зифрид, Рийс Уизерспун нар өрсөлдсөн ч найруулагч Скарлетт Иоханнсоныг сонгож авсан байна. “Родхэм” киноны зураг авалт энэ оны эцсээр эхлэх ажээ.


Виталий Кличко: Сөрөг хүчин янз бүрийн үзэл бодолтой байх нь энгийн зүйл  

Украины тэргүүлэх намуудын нэг УДАР-ын лидер, дэлхийн нэртэй нударгач Виталийн Кличко Украины улс төрийн амьдрал болон Юлия Тимошенкогийн суллагдах магадлалын талаар “Известия”-д ярьж байна.

-Та Украиныг Европын холбоонд нэгтгэхийг идэвхтэй дэмжиж, Гаалийн холбоонд оруулахыг эсэргүүцдэг. Орос, Украины цаашдын хамтын ажиллагааг хэрхэн харж байна вэ?

-Тийм ээ, УДАР нам аль хэдийнээс л Европын нэгдлийн төлөө явж байгаа. Бидний хувьд энэ бол зөвхөн дэлхийн эдийн засгийн том орон зайн нэг хэсэг болж буй явдал биш юм. Юуны түрүүнд Европын үнэ цэнэ, стандарт манайд орж ирж, улс орныг хурдан шинэчлэх, авлигыг ялах, шүүхийн шударга системийг бий болгох зэрэг боломжийг бий болгоно. Европын нэгдлийн ачаар шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно. Оростой одоогийн гэрээ, тохиролцооны үндсэн дээр харилцаагаа хөгжүүлээд явж болно. Эдийн засгийн чөлөөт бүсийн гэрээ бидний хөгжилд их эерэг нөлөөтэй. Харин Гаалийн холбоо Украинд дунд хугацааны ч, урт хугацааны ирээдүйд ч ашиг авчрахгүй.
Украин улс Европын холбоонд нэгдсэнээр Орост ч ашигтай тусна гэж бодож байна. Орос, Украины харилцаа хардлага, цуу яриан дээр биш, сайн хөршийн, хүндлэлийн, эдийн засгийн харилцан ашигтай байдал дээр үндэслэх ёстой. Украин Европын холбоонд элсвэл оросууд Европт нэг сайн найзтай боллоо гэсэн үг. Энэ муу гэж үү?

-Таны бодлоор Юлия Тимошенко ойрын үед суллагдах болов уу. Эсвэл 2015 оны сонгуулиас өмнө ийм юм болохгүй юу. Украинд сөрөг хүчнийг мөрдөн мөшгидөг явдлаас айдаг уу?

-Мэдээж би сайн зүйлд итгэхийг хүсэлгүй яахав. Эрх баригчид ухаантай байж, Юлия Тимошенко мөдхөн суллагдаасай гэж хүсч байна. Гэвч энэ дэглэм муйхар, ухаалаг бус гэдгээ нэг бус удаа батлан харуулсан. Сөрөг хүчнийг мөрдөн мөшгидөг тухайд бол, энэ явдал Украинд аль дээрээс байсаар ирсэн. Хууль хүчний, засаг захиргааны, эрх сахиулах байгууллагуудын харгис дарамт шахалтын нөхцөлд бид нэлээдгүй олон жил ажиллалаа. Бодит байдал ийм л байгаа.

-Украинд жагсаал, цуглаанаар эрх мэдлийг өөрчилж болно гэдэгт та итгэдэг үү?

-Украин дахь сөрөг хүчин чадваргүй, сул дорой гэдгийг батлахын тулд эрх баригчид боломжтой бүхнийг хийж байна. Гэвч жагсаал, цуглаан нь энэ баталгааг худлаа гэдгийг харуулж байгаа юм. Хүмүүс гудамжинд гарч жагссанаараа зөвхөн иргэний байр сууриа илэрхийлээд зогсохгүй айдас хүйдэс, хайхрамжгүй байдлаа ялан дийлж байгаа юм. Жагсаал цуглаан нэг хэсэг цөөн хүнтэй байдаг ч яваандаа томорсоор зогсоож болшгүй үйл явц болдог. Тиймээс эрх баригчид сөрөг хүчний үйлдлээс үхтлээ айдаг юм. Иргэд эрх баригч дэглэмээс айхаа боливол тэр дэглэмийн “өдрүүд нь дуусч” байгааг тэд өөрсдөө мэддэг.

-Украины сөрөг хүчин эв нэгдэлгүй гэдэг нь үнэн үү?

-Сөрөг хүчнийг улс төрийн янз бүрийн лидерүүд, хүчнүүд бүрдүүлж байна. Бид ямар нэг асуудлаар нэгдсэн байр суурьгүй байх нь тийм гайхалтай зүйл биш. Янз бүрийн үзэл бодол, мөрийн хөтөлбөр байх нь энгийн зүйл. Гэвч Януковичийн дэглэмийн эсрэг тэмцэх, улс орны эрх барих системийг шинэчлэх гэсэн гол зорилго биднийг нэгтгэж байна. Эрх баригчид сөрөг хүчнийг хооронд нь хагаралдуулж, салгахыг оролдож байгааг та нар анзаарсан байх. Худал хуурмаг мэдээлэл тараах, гүтгэн доромжлох, өдөөн хатгах үйл ажиллагаа явагдаж байна. Энэ бүх бохир оролдлого үр дүнгүй хоцорно.

-Танд Ерөнхийлөгч болох сонирхол байдаг уу. Та 2015 оны сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?

-Сөрөг хүчнийхэн ярилцаад нэгдсэн нэг нэр дэвшигч гаргаж ирэхээр тохиролцсон. Нэг зүйлийг баталгаатай хэлж чадна. Бид Януковичийг ялж чадах хамгийн хүчтэй хүнээ нэр дэвшүүлэх болно.

Tuesday, May 28, 2013







Хамгийн жаргалтай хүмүүс Австралид амьдардаг

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас явуулсан судалгаагаар, манай дэлхийн хамгийн жаргалтай хүмүүсээр австраличууд тодорчээ. Ажлын хамт олны харилцаа, чөлөөт цаг, дундаж наслалт зэрэг 11 хүчин зүйлс дээр үндэслэн судалгаа явуулахад ийм дүн гарсан байна. Австрали иргэдийн 84 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун, жаргалтай байдаг ажээ. Тус тивд дундаж наслалт 82, ажил хөдөлмөр эрхлэлтийн түвшин 73 хувьтай байгаа аж. Швед, Канад, Норвеги, АНУ жагсаалтын эхний тавд багтлаа. Араас нь Дани, Голланд, Исланд, Их Британи оржээ.

Чангаар хөгжим тавьбал торгуулна

Туркийн эрх баригчид зугаа цэнгээний газарт, тэр тусмаа зочид буудалд чангаар хөгжим тавьбал торгож байх хуулийг баталлаа. Энэ хууль зургадугаар сараас эхлэн хэрэгжих юм. “Зугаа цэнгээний газарт зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү чангаар хөгжим тавьбал тухайн иргэн, компанийг 20 мянган лирээр (11 мянган доллар) торгоно” хэмээн Хүрээлэнбуй орчин, хотын төлөвлөлтийн яамны мэдэгдэлд онцолсон байна. Хуулийг зөрчсөн компани, зочид буудлыг хаах хүртэл арга хэмжээ авах ажээ.

Бирмэд лал, буддын шашинтнуудын хооронд мөргөлдөөн гарчээ

Бирмийн зүүн хойд нутагт лал, буддын шашинтнуудын хооронд мөргөлдөөн гарч цөөнгүй хүн гэмтэж бэртээд байна. Лашо хотод нэгэн лал шашинтан бензин түгээгүүрийн газарт буддын шашинтай нэгэн эмэгтэй рүү бензин цацаж шатаасны дараа дээрх мөргөлдөөн гарсан аж. Хүчтэй түлэгдсэн эмэгтэйг эмнэлэгт хүргэж, балмад этгээдийг баривчлан саатуулжээ. Лашо хотын эрх баригчид шинэ мөргөлдөөн, хүчирхийлэл дэгдэхээс сэргийлж аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаад байна.

Кубад интернэт-кафе нээгдэнэ

Кубын эрх баригчид ирэх долоо хоногт улс орон даяар 118 интернэт-кафе нээнэ хэмээн амлалаа. Хэрэглэгчид интернэт-кафегаар нэг цаг үйлчлүүлээд 4.5 доллар төлөх аж. Эрх чөлөөний арлын иргэдийн сарын дундаж цалин 20 доллар байдаг. Тиймээс кубуудын дийлэнх нь зөвхөн ажил, эсвэл сургууль дээрээ интернэтэд холбогддог ажээ. Хүн амын интернэт хэрэглээний түвшнээр Куба улс дэлхийд хамгийн сүүлчийн байранд ордог.
Ийнхүү Кубад анх удаа интернэт-кафе нээгдэж байгаа ч гэрийн интернэт хориотой хэвээр байна. Тус арал дээр өндөр хурдны интернэт энэ оны эхээр орж ирсэн юм. Төрийн мэдлийн Etecsa компани Венесуэлээс орж ирсэн шилэн кабелаар дамжуулан улс оронд өндөр хурдны интернэтийг нэвтрүүлснээ нэгдүгээр сарын 25-нд зарласан билээ. Гэвч одоогоор өндөр хурдны интернэтийг зөвхөн төрийн байгууллагууд, эрдэм шинжилгээний төвүүд хэрэглэж байна. Дэд бүтцийн доголдлын улмаас энгийн иргэдэд хүрээгүй байгаа юм. Иргэд хиймэл дагуулын системээр дамжуулан интернэтэд холбогддог ч энэ нь үнэтэйгээс гадна дэндүү удаан байдаг аж. Кубын тал Венесуэлээс шилэн кабель татахдаа 70 сая доллар зарцуулжээ.

Monday, May 27, 2013







Сhevron Венесуэльд хөрөнгө оруулалт хийнэ

Америкийн Сhevron корпорац Венесуэль дахь нефтийн олборлолтыг өргөжүүлэх төсөлд хоёр тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болов. Венесуэлийн Нефть, уул уурхайн үйлдвэрлэлийн сайд Рафаэль Рамирес, Сhevron-ий Латин Америк дахь салбарын захирал Али Мошири нар зохих баримт бичигт гарын үсэг зурлаа. Венесуэль 60 хувийг, Америкийн корпорац 40 хувийг нь эзэмшдэг хамтарсан үйлдвэрт дээрх хөрөнгө оруулалтыг хийх аж. Ингэснээр 2019 он гэхэд Венесуэль улс өдөрт 127 мянган баррель нефть (эдүгээ 107 мянган баррель байгаа) олборлох юм. Тус улс нефтийн экспортоор дэлхийд тавд ордог ажээ.

Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрлөө

Европын холбоо Сирид зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригийг цуцаллаа. Европын холбооны аюулгүй байдлын хуралдааны үеэр ийм шийдвэр гаргасныг Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг мэдэгдлээ. Сири дахь нөхцөл байдал улам хурцадвал энэ талаар “илүү уян хатан” шийдвэр гаргахад дээрх шийдвэр тусална хэмээн тэрээр ярилаа. Их Британи, Франц хоёр Сирийн босогчдод зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригийг цуцлахыг нэг бус удаа шаардсаар ирсэн юм. Харин Герман зэрэг бусад орон Башар Асадыг эсэргүүцэгчдийг дэмжих тал дээр аядуу, эргэлзэнгүй байр суурь баримталсаар ирлээ. Сирийн сөрөг хүчин Башар Асадын дэглэмийн эсрэг бослогыг эхлүүлсний дараа Европын холбоо 2011 оны зун Сирид зэвсэг нийлүүлэхийг  хориглож байжээ.

Хамгийн нөлөөтэй хосууд

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн нөлөөтэй хосуудын жагсаалтыг гаргав. Энэ жилийн жагсаалтыг Барак Обама, Мишель Обама нар тэргүүлэв. Хатагтай Обама нөхрөөсөө илүү нэр хүндтэй байгаа аж. Америкийн тэргүүн хосыг хайр, итгэлцэл дээр үндэслэсэн бат бөх харилцааг бибй болгосон гэж үзэв. Мелинда болон Билл Гейтс араас нь жагслаа. Биллийн хөрөнгө 67 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд Мелинда буяны сан байгуулж хэрэгцээт хүмүүст тусласаар явна.
Жей-Зи, Бейонс нар гуравдугаарт бичигдэв. Тэд Америкийн тэргүүн хостой зузаан найзууд бөгөөд Бейонс Б.Обамагийн тангараг өргөх ёслол дээр Америкийн төрийн дууллыг дуулж байсан билээ. Анжелина Жоли, Брэд Питт нар нийгэмд нөлөөтэй хэвээр байна. Жоли хорт хавдраас сэргийлж хоёр хөхөө авахуулсан нь бүхний сэтгэлийг догдлуулсан нь лавтай. Брэдийг ч хүнд үед эхнэрээ дэмждэг жинхэнэ эр хүн хэмээн үнэлэх болжээ.

Жозе Моуриньо хамгийн үнэтэй дасгалжуулагч болно

 “Реал Мадрид” клубын дасгалжуулагч Жозе Моуриньо Испанийн аварга шалгаруулах тэмцээний 38-р тойргийг дуусгасны дараа багаа шууд орхиж Лондоны “Челси” клубтэй гэрээ байгуулах гэж байна. Sunday Times сонинд мэдээлснээр, португал мэргэжилтэн Роман Абрамовичийн клубт жилд 8.5 сая паундын (12.8 сая доллар) цалин авах ажээ. Энэ нь татварын дараахь цалин юм.
“Челси” Моуриньотой дөрвөн жилийн гэрээ байгуулах бололтой. Моуриньо хуучин багтаа ирээд хүчтэй шинэчлэлт хийх бодолгүй байна. Харин довтолгоо, хамгаалалт, дунд шугамд нэг нэг хүчирхэг тоглогч авахаар төлөвлөж байгаа ажээ.

Өмнөд Солонгосын ажилтнууд Кэсонд буцаж очно

Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын үйлдвэрийн эзэд, тэдний ажилтнуудыг хамтарсан үйлдвэрлэлийн Кэсон бүсэд буцаж очихыг зөвшөөрчээ. Өмнөд Солонгосын бизнесмэнүүд Пхеньяны төлөөлөгчидтэй уулзсаны дараа ийм тохиролцоонд хүрчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгосын шаардлагаар Өмнөд Солонгосын бизнесмэнүүд, ажилчид Кэсоныг орхин гарсан юм.
Солонгосын хойгийг өмнөд, хойд хэсэгт хуваадаг хилийн цэрэггүй бүсээс 12 км-ийн зайд Хойд Солонгосын нутаг дээр байдаг үйлдвэрлэлийн Кэсон бүсэд Өмнөд Солонгосын 100 гаруй үйлдвэр, компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр үйлдвэрт Хойд Солонгосын хэдэн арван мянган ажилчин ажиллаж багагүй цалин авдаг ажээ.

АНУ-ын сөнөөгч онгоц далайд унажээ

АНУ-ын агаарын цэргийн хүчний F-15 сөнөөгч онгоц Японы Окинава арлаас зүүн тийш 115 км-ийн зайд далайд унажээ. Онгоцны нисэгч шүхрээр бууж амжиж усанд газардаж аврагчидтай холбоо барьсан байна. Аврагчид түүний байгаа газрыг тогтоож уснаас гаргаж авсан байна. Далайд унасан онгоц Окинава дахь Америкийн цэргийн баазаас хөөрсөн байжээ. Сөнөөгч онгоц юунаас болж осолдсон нь тодорхойгүй байна.

“Дэлхийн цом-2014”-ийн цэнгэлдэхийн дээвэр нурав

Бразилийн Сальвадор хот дахь “Фонте Нова” цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийн зарим хэсэг нуржээ. Энэ цэнгэлдэхэд 2013 оны Хөлбөмбөгийн холбооны цомын гурав, 2014 оны дэлхийн аваргын зургаан тоглолт болох юм. Сүүлийн хэдэн өдөр орсон ширүүн борооны улмаас дээвэр нурсан бололтой. Индрийг бүрхдэг дээврийг буруу татаж барьсны улмаас ус нэг газар хэт бөөгнөрч нурсан байна.
Эрх баригчид холбооны цомоос өмнө (зургадугаар сарын 15-30-нд болно) дээврийг засч янзална хэмээн амлав. 56 мянган хүнний суудалтай “Фонте Нова” цэнгэлдэх 2013 оны дөрөвдүгээр сард нээгджээ.



Михаил Калашниковын бие чилээрхэв

Дэлхийн хамгийн алдартай автомат буу “АК-47”-г зохион бүтээсэн Оросын нэрт зохион бүтээгч Михаил Калашниковын бие чилээрхэж Ижевск хотын эмнэлэгт хэвтжээ. Тэрээр энэ удаа ямар шалтгааны улмаас эмнэлэгт хүргэгдсэн нь тодорхойгүй байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Калашниковын бие муудаж энэ эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан билээ. Нэрт зохион бүтээгчийн бие сайн байгаа хэмээн эмч нар болон түүний төлөөлөгч Сергей Носачев мэдэгдэв. “Тэр ийм өндөр настай гэхэд тэнхлүүн байгаа. Мөдхөн бичиг баримттайгаа ажиллах болно” хэмээн Носачев ярилаа.
Михаил Калашников 2012 оны арваннэгдүгээр сарын 10-нд 93 нас хүрсэн юм. Тэрээр алдарт автомат буугаа 1947 онд зохион бүтээсэн бөгөөд хоёр жилийн дараа ЗХУ-ын армийн зэвсэглэлд албан ёсоор орж иржээ. Калашников зохион бүтээсэн буугаа “АК-47” гэж нэрлэсэн ч ийм нэр ямар ч албан ёсны баримт бичиг дээр байдаггүй аж. ЗХУ болон ОХУ-д зохион бүтээсэн зэвсгийг гаргасан оноор нь нэрлэж заншсан юм. “АК” төрсөн албан ёсны он нь 1947 биш, 1949 гэ явдаг ажээ.
“АК-47” нь найдвартай, тэсвэртэй, олон удаа буудсан ч гол нь халдаггүйгээрээ бусад автомат буунаас ялгардаг. Энэ бууг 1959, 1974 онд шинэчлэн сайжруулсан бөгөөд одоо ч Оросын армийн зэвсэглэлд хүндтэй байр суурь эзэлсээр байна. 60 жилийн дотор 70 сая ширхгээр үйлдвэрлэгдсэн “Калашников” дэлхийн 50 орны армийн зэвсэглэлд багтаж байна.
Михаил Калашников Оросын хоёр удаагийн баатар, Социалист хөдөлмөрийн баатар цолтойгоос гадна 15 одон, 20 медальтай. Мөн Сталины нэрэмжит шагналтай ба төрөлх Ижевск хотод хөшөөг нь босгожээ.

Sunday, May 26, 2013






Эквадор, Палестин дипломат харилцаагаа хөгжүүлнэ

Эквадор, Палестины автономийн эрх баригчид дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээхээр болжээ. Хоёр талын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо, Рияд аль-Малики нар энэ талаарх тохиролцоонд гарын үсэг зурлаа. Эквадор улс 2011 онд Палестиныг хүлээн зөвшөөрсөн юм. “Харилцан ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд хоёр улс Элчин сайдын яамаа харилцан нээхээр боллоо” хэмээн Рикардо Патиньо мэдэгдсэн байна.

Ким Чен Ун цэргийн хөлөг онгоцуудаа нуухыг тушаалаа

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун улс орны цэргийн хөлөг онгоцуудыг бусдын нүднээс далд байлгахыг тушаажээ. Ким Чен Ун тэнгисийн цэргийн флотын хүчээ шалгаж явах үед цэргийн зарим хөлөг онгоц нээлттэй орон зайд байж байгааг хараад ийнхүү зарлиг буулгасан аж. Хөлөг онгоцууд болон цэргийн бусад техникийг ил, нүдэн дээр байлгах нь дайсандаа нүдлэгдэх, хөдөлгөөн, шилжилтийн талаар мэдээлэл алдах аюултай тул байж болохгүй зүйл хэмээн удирдагч хэлжээ. Тэрээр мөн Хойд Солонгосын арми ямар ч үед байлдаанд бэлэн байж, алдаа дутагдлаа дор нь засч байх ёстой хэмээн онцолсон байна.

Панам хууль бус цагаачдыг “харж үзэв”

Панамын эрх баригчид хууль бус цагаачдад хууль ёсны зөвшөөрөл олгох үйл явцыг эхлүүлжээ. Тус улсад амьдарч буй 10 мянган хууль бус цагаач хууль ёсны эрхтэй болох юм. Үүний дараа тэд ажилд орох, нийгмийн тусламж авах эрхтэй болох юм. Гэхдээ цагаачид татвар төлөх үүрэг хүлээж байгаа аж. Панамд жил гаруй хугацаанд хууль бусаар амьдарч байгаа цагаачид энэ “өршөөл”-д хамрагдах ажээ.

Авлигын хэргээр баривчлагдсан Ерөнхийлөгч ажилдаа орлоо

Босни Герцеговины холбооны улсын Ерөнхийлөгч Живко Будимир 30 хоногийн баривчилгаанаас суллагдсаны дараа ажилдаа эргэж орлоо хэмээн Radio Sarajevo мэдээлэв. Сөрөг хүчнийхэн эрүүгийн хэрэгт орооцолдсон Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсаар байна. Авлигын хэрэгт сэжиглэгдэн 30 хоног баривчлагдаж шалгагдсан Живко Будимир энэ талаараа ямар нэг тайлбар хийхээс татгалзжээ.
Босни Герцеговины Ерөнхийлөгчийг хоригдлуудыг өршөөхдөө авлига авдаг хэмээн буруутгаж байгаа юм. Ж.Будимир нэг хоригдлыг өршөөж суллахдаа 15 мянган долларын хахууль авдаг байжээ.

Ж.Керри: Палестины эдийн засагт дөрвөн тэрбум доллараар тусална

АНУ Палестины эдийн засагт дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөлвлөж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри зарлалаа. Энэ мөнгө Палестины  эдийн засгийг 50 хувиар өсгөнө хэмээн Вашингтон үзэж байна. Гурван жилийн дараа хөрөнгө оруулалтын үр дүн гарах бололтой. Дөрвөн тэрбум доллараар Палестин дахь ажилгүйдлийн түвшинг гуравны хоёроор багасгаж, дундаж цалинг 40 хувиар нэмэгдүүлнэ хэмээн Жон Керри хэллээ. Гэвч Палестин-Израилийн харилцаанаас амжилт ихээхэн шалтгаална хэмээн ТӨрийн департаментын тэргүүн цохон тэмдэглэв.

Колумбийн босогчидтой газрын шинэчлэлийн тохиролцоонд хүрчээ

Колумбийн Засгийн газар, Колумбийн хувьсгалт зэвсэгт бүлгийн (FARC) босогчдын төлөөлөгчид хөдөө аж ахуйн салбарт хамтарсан шинэчлэл хийх тохиролцоонд гарын үсэг зурлаа. Хоёр талын уулзалт Кубын нийслэл Гавана хотод болжээ. Тохиролцооны нарийн ширийн зүйлийг зарлахгүй байгаа ч Колумбийн эдийн засгийн доголдолтой салбарын нэг болох хөдөө аж ахуйд эрс өөрчлөлтийг эхлүүлэхээр болсон нь тодорхой болжээ. Одоо эрх баригчид болон босогчдын хүчин улс орны амьдралын өөр таван чухал салбарт тохиролцоонд хүрэх ёстой. Мөргөлдөөнийг төгсгөл болгох Их тохиролцооны нэг хэсэг нь хөдөө аж ахуйн шинэчлэл юм.

Б.Обама Оклахомад очлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шуурганд өртөж ихээхэн хохирол амссан Оклахома мужид очжээ. Засгийн газар шуурганд өртсөн иргэдэд тусалж, сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ хэмээн Ерөнхийлөгч мэдэгдэв. Оклахома мужийн сэргээн босголтод 57 сая доллар гаргаж, орон гэргүй болсон хүмүүсийг хүлээн авах 12 мянган төвийг байгуулаад байна. “Бидний сэтгэл зүрх та нартай хамт байна” хэмээн Обама хэлжээ. Оклахома мужийг дайрсан шуурга 24 хүнйи аминд хүрч, хоёр тэрбум долларын эдийн засгийн хохирол учруулжээ. 




Сирийн иргэний дайнд Башар Асад ялж байна уу

Зураг хөрөг нь Дамаскийн гудамжаар дүүрэн өлгөөтэй байгаа Ерөнхийлөгч Башар Асад эдүгээ өмнөхөөсөө хавьгүй илүү бахархалтай харагдах болов. “Асад Сирийн иргэний дайнд ялалт байгуулж байгаа юм биш үү” хэмээн Британийн Daily Telegraph сонинд бичжээ.
Ердөө хэдхэн долоо хоногийн өмнө босогчид Дамаск хотын хойд, зүүн болон баруун өмнөд фронтыг тэр чигт нь эзэлж, тэдний мина, бөмбөг нийслэл Дамаск хотын төв талбайд дэлбэрч, ард иргэд нь бүслэгдсэн хотод амьдарч байна гэсэн сэтгэгдэлтэй байлаа. Асад ч ер нь горьдлогогүй болсон хэмээн үзэж байсан тоймч, ажиглагчид түүнийг гадаад руу дүрвэхээс өөр аргагүй боллоо хэмээн ярьж байсан юм.
Тэгвэл эдүгээ Засгийн газрын цэргийн сэтгэл санаа, байлдааны бэлтгэл нь сэргэж, Башар Асад чухал байрлалуудыг ар араас нь босогчдоос буцаан авсаар байна. Тэр сөрөг хүчнийхэнд шийдвэрлэх үхлийн цохилт өгөхөөр бэлтгэж байна хэмээн өнөөх ажиглагчид үзэх болов. Засгийн газрын цэрэг Ливаны хил дээрх Кусейр хотын төлөөх тулааныг эхлүүлэхээс өмнө Дамаскийн эргэн тойронд болон улс орны төв хэсэгт стратегийн чухал байрлалуудыг эзлэн аваад байна. Башар Асадын арми Дераа хот болон хөрш Иордан улс руу орох замыг нээж, хойд нутаг дахь босогчдын хөдөлгөөнийг таслан зогсоож чаджээ.
Сирийн эрх баригч дэглэмийг мөдхөн нурж унана хэмээн таамаглаж байсан Германы BND тагнуулын алба одоо Башар Асад оны эцэс гэхэд Сирийн өмнөд хэсгийг тэр чигээр нь буцаан авна хэмээн дүгнэж байна. Энэ талаарх Германы тагнуулын газрын илтгэлийг Spiegel сэтгүүл олж нийтэлсэн аж. Хэдийгээр Сирийн эрх баригчид улс орны ихэнх хэсэг дээр хяналтаа тогтоогоогүй байгаа ч нийлүүлэлт, хангамжийн гол зам, сувгуудыг хянаж, ямар ч үед босогчдод цохилт өгөх боломжтой байгаа юм.
“Мэдээж Башар Асад мөдхөн ялалт байгуулна гэж хэлэх нь эртэдсэн хэрэг болно” хэмээн Daily Telegraph бичжээ. Гэвч босогчид сэтгэл санааны уналтад орж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байж боломгүй болжээ. Сирийн сөрөг хүчин хүчтэй хуваагдаж, тэнд багтсан лалууд болон иргэний, төрийн төлөөлөгчид ноцтой хагаралдаан, зөрөлдөөнд хүрээд байна. Тэд эв санаагаа нэгтгэж, санаачилгыг гартаа авч чадахгүй бол энэ хагарал улам гүнзгийрч, Башар Асадад сайхан өгөөш болно хэмээн ажиглагчид үзэж байна. 

Saturday, May 25, 2013







Маоистууд улстөрчид рүү довтолжээ

Энэтхэгийн Чхаттисгарх мужид маоист дайчид Энэтхэгийн Үндэсний конгресс намын орон нутгийн төлөөлөгчдийг довтолж 17 хүний аминд хүрчээ. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар, амиа алдсан хүмүүсийн тав нь цагдаа, 12 нь улстөрчид аж. Үүнээс гадна, намын орон нутгийн лидер Нанда Кумарыг хүүгийнх нь хамт бартцаалан авч явсан байна. Улстөрчид нэгэн уулзалтад оролцоод эзгүй цөл газраар буцан явж байхад нь маоистууд отолтод оруулан довтолжээ. Тэд эхлээд бөмбөг дэлбэлж, араас нь гал нээсэн байна.
Амиа алдсан хүмүүсийн дотор улстөрч Махендер Карма байсан бөгөөд босогчид түүнийг устгах гол зорилготой байсан хэмээн хэвлэлүүд бичиж байна. Карма маоист хөдөлгөөний эсрэг тэмцлийг санаачлагчдын нэг юм.

Францад ихээхэн хэмжээний хуурамч аспиринийг хураалаа

Францын гаалийн алба Хятадаас орж ирсэн ихээхэн хэмжээний хуурамч аспиринийг хурааж авлаа хэмээн ВВС мэдээлэв. Гавр хотын боомтод Хятадаас ирсэн хөлөг онгоцноос 1.2 сая хуурамч аспирин илрүүлэн хураасан нь Европын холбооны газар нутаг дээрх хураагдсан хамгийн их хуурамч эм бэлдмэл болж байна. Хуурамч эмийг цай хэмээн гаалийн мэдүүлэгт бөглөсөн байв. Аспиринийг Балеарын арал дээр байрладаг Испанийн эмийн компанийн хаягаар илгээсэн байжээ.

Неймар энэ зун “Барса”-д ирнэ

Бразилийн хөлбөмбөгч Неймар Испанийн “Барселона” клубт энэ зун ирэхээр болж, таван жилийн гэрээнд гарын үсэг зуржээ. “Барса” түүнийг 50 сая еврогоор “Сантос” клубээс худалдан авчээ. Неймар “Барса”-д жилд долоон сая еврогийн цалин авах бөгөөд өөрийн нэрээр олох худалдааны ашгаа 100 хувь халааслах юм. “Реал Мадрид” клуб Неймарт жилийн 11 сая еврогийн цалин амласан ч 21 настай бразил довтлогч “Барса”-г сонгожээ. “Реал” Неймарын худалдааны эрхийн 50 хувийг эзэмшинэ гэж байсан юм.

Кристина Фернандес: Би мөнх биш

Аргентины Ерөнхийлөгч, хатагтай Кристина Фернандес де Киршнер нас барсан нөхөр Нестор Киршнерийнхээ Ерөнхийлөгч болсны арван жилийн ойгоор ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Би Ерөнхийлөгчийн суудалд мөнх биш ээ. Би олон жил энэ албыг хашихыг хүсээгүй. Өнгөрсөн арван жил бол ялалтын он жилүүд байлаа. Энэ арван жил ард түмэн ялалтад хүрсэн юм” хэмээн онцолжээ.
Хатагтай Киршнер Аргентины хөдөө тосгодын болон бага орлоготой иргэдийн дунд асар их нэр хүндтэй хэвээр байна. Харин эдийн засгийн өсөлт буурч, үнэ өссөний улмаас дунд ангийнхны дунд нэр хүндээ алдаад байгаа юм.

Өөр рүү нь довтолсон байвгайн толгойг тасджээ

Сербийн 48 настай малчин Блажо Гркович рүү баавгай дайрчээ. Гэвч тэрээр бууж өгсөнгүй, жуулчдын авч явдаг сүхээр араатны толгой руу хэд хэдэн буулгасан аж. Черногор, Босни Герцоговины хил орчмын Волуяк ууланд энэ явдал болжээ.
“Яг юу болсныг тод санахгүй байна. Баавгай над руу дайрч, би түүнийг хэд хэдэн удаа сүхээр цохисноо л санаж байна. Би бараг баавгайн толгойг тасдаж орхисон хэмээн хүмүүс ярьж байна” хэмээн малчин эр өгүүлэв. Гркович бүх хонио аварсан ч гар, мөр, толгойдоо хазуулж эмнэлэгт хүргэгджээ. Гэвч түүний амь нас аюулгүй хэмээн эмч нар ярилаа.

83 насандаа бодибилдингийн тэмцээнд оролцов

Австралийн 83 настай өвөө Рэй Мун саяхан Мельбурн хотод болсон бодибилдингийн тэмцээнд оролцжээ. Тэрээр хорт хавдраа ялан дийлж, зүрхний өвчнөөс ангижирсны дараа бодибилдингийн тэмцээнд өрсөлдөхөөр шийдсэн байна. Дэлхийн хамгийн настай булчинлаг эр ялалт байгуулж чадаагүй ч сэтгэлээрээ залуу, борлосон биеийнх нь цаана дүүрэн хүч байгааг өрсөлдөгч нартаа мэдрүүлж чаджээ. Мун өвөө хамгийн хөгшин насандаа бодибилдингийн тэмцээнд оролцсон гэсэн батламж авч, бас ч хоосонгүй гэртээ харьжээ.