Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Кубын хувь заяа
шийдэгдэнэ
Венесэлийн Ерөнхийлөгч Уго Чавес нас барсны дараа Ерөнхийлөгчийн
сонгуулийг энэ сарын 14-нд явуулахаар болсон юм. Эдүгээ сонгуулийн кампанит ажил
ид хүчээ авч шийдвэрлэх үедээ ороод байна. Венесуэлийн сонгуулийг Гавана хотоос
анхааралтай ажиглаж байна. Учир нь сонгуулийн үр дүнгээр Кубад “найрсгаар” нийлүүлж
буй нефтийн хувь заяа шийдэгдэх ажээ.
Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Николас Мадуро, Энрике
Каприлес нарын маргаан, мэтгэлцээний гол сэдэв нь Кубатай харилцах харилцаа
болж байна. Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Н.Мадуро өрсөлдөгчөө “Венесуэльд
Кубын ард түмний эсрэг кампанит ажлын удирдаж буй Гитлерийн залгамжлагч” хэмээн
нэрлэв. Өнөөдөр Кубын 30 мянган эмч, сувилагч Венесуэлийн ядуу бүс нутгуудад
эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, Каракас хариуд нь Кубад өдөр бүр 100 мянган баррель
нефть нийлүүлж байна. Сөрөг хүчний нэр дэвшигч Энрике Каприлес үүний эсрэг
зогсож байгаа юм. Тэрээр сонгуульд ялвал Гаванад өгдөг энэ “бэлэг”-гийг
зогсооно хэмээн амлаж байна. Каприлес Ерөнхийлөгчийн хувиар анхны айлчлалаа
Кубад хийж, дээрх гэрээ тохиролцоог эргэн харах санал тавих бололтой.
Сөрөг хүчний нэр дэвшигч кубуудын эсрэг ийнхүү хандаж
байгааг Н.Мадуро нацист Германд еврей нарыг хавчин хяхаж байсантай зүйрлэв.
Каприлес Холокостын үед Венесуэль руу зугтаж ирсэн Польшийн еврей нарын удам
угсаа тул ийм зүйрлэл цагаа олсонгүй бололтой. “Би ялалт байгуулвал куба
иргэдийг эх орноосоо хөөхгүй. Уго Чавесийн үед байсан нөхөрсөг харилцаа
хадгалагдах болно” хэмээн Мадуро мэдэгдлээ. “Мадурод өөр сонголт байхгүй. Тэр
командлагч Чавесийн сүүдэрт нуугдаж, эрх мэдэлд явж ирсэн. Түүний бодлогыг
үргэлжлүүлэхээс өөр зам байхгүй. Мадурод Чавес шиг нэр хүнд, нөлөө байхгүй. Тэр
ялалт байгуулахын тулд Чавесийг өрөвдөн хайрлаж буй ард түмний уй гашууг
ашиглахаас өөр аргагүй” хэмээн Латин Америкийн хүрээлэнгийн Венесуэлийн
мэргэжилтэн Виктор Семенов ярилаа. Уго Чавесийг Гаванад эмчлүүлж байхад
залгамжлагчаараа Мадурог сонгохыг Кубын удирдлага Чавест ятгаж итгүүлсэн хэмээн
тоймчид үзэж байна. “Венесуэлийн удирдагчид дотроос Кубад хамгийн үнэнч нь
Николас Мадуро. Сөрөг хүчний нэр дэвшигч Каприлес ялвал Гавана хэцүү байдалд
орно гэж айж байгаа” хэмээн хүрээлэнгийн орлогч захирал Владимир Сударев
хэллээ.
Энрике Капприлес сонгуульд ялвал Гаванын хувьд эдийн
засгийн сүйрэл болно хэмээн ажиглагчид үзэж байна. Учир нь Куба хэрэгцээт
нефтийнхээ дөнгөж 50 хувийг өөрсдөө олборлодог аж. Үлдсэн хэсгийг нь
импортлохоос өөр аргагүй. Хэрвээ Каракас Кубатай байгуулсан гэрээгээ эргэн
харахаар шийдвэл Гаванад ийм хөнгөлөлттэй нөхцөлөөр нефть нийлүүлэх улс
олдохгүй. Энэ нь улмаар нийгмийн эсэргүүцэлд хүргэж болох юм.
Н.Мадуро ялалт байгуулсан тохиолдолд ч Кубын эрх баригчид
Каракасын дэмжлэгийг байнга авна гэж найдах хэрэггүй аж. Учир нь Венесуэлийн
эдийн засгийн сул дорой нөхцөл байдал энэ дэмжлэгэд хүссэн хүсээгүй саад болно.
Мадуро саяхан боливарын (Венесуэлийн мөнгөн тэмдэгт) ханшийг бууруулсан бөгөөд үүнийг
дагаад инфляц өсөх болоод байна. 2013 онд тус улсын дотоодын нийт
бүтээгдэхүүний өсөлт бараг тэг байх нь тодорхой болжээ. Үнийг төрөөс барих
боломжгүй болж байна. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавесийг ялуулахын
тулд эрх баригчид хамаг нөөц хөрөнгөө гөвж орхижээ. Хүн амын ядуу, эмзэг
давхаргад зориулсан нийгмийн асар үнэтэй хөтөлбөрүүд нь Уго Чавес болон түүний
залгамжлагчийн сонгуульд ялах гол хөзөр болж байгаа аж. Мөдхөн венесуэль
иргэдийн хэтэвч, дэлгүүрийн лангуу хоосорч Мадуро дэмжлэгээ алдана хэмээн
ажиглагчид үзэж байна.
Энэ бүгд эдийн засгийн чухал өөрчлөлтүүдийг амлаж байгаа
Каприлест ашигтай тусч байна. Тэрээр төрөөс улс орны эдийн засагт хатуу хяналт
тогтоодгийг болиулж, хувийн секторыг хөгжүүлэхээр зэхэж байгаа юм. Сонгогчдын
сэтгэл ч Каприлес руу эргээд эхэлжээ. Нэг сарын өмнө Мадуро өрсөлдөгчөө 20
хувиар давамгайлж байсан бол, эдүгээ энэ ялгаа 11 хувь болж багасчээ.
“Известия”
No comments:
Post a Comment