Saturday, April 27, 2013





Турк, курдууд хэзээ эвлэрэлд хүрэх вэ

1999 оноос хойш шоронд хоригдож байгаа Курдистаны Ажилчны намын лидер Абдулла Ожалан сүүлийн үед ихээхэн идэвхтэй болж байгаа нь Туркийн Засгийн газрын сэтгэлийг зовоох болов. Тэрээр Курдын Энх тайван, найрамдлын намын парламентын депутатуудтай уулзаж ярилцсан зүйл нь ил болжээ. Энэ мэдээлэл алдагдсанаар турк, курдуудын эвлэрэлд саад гарч ирж магадгүй болоод байна. Туркийн эрх баригчид Ожаланд Курдын асуудлыг шийдэхэд оролцож буй улстөрчидтэй уулзахыг зөвшөөрсөн юм.
“Энхийн үйл явц бол маш эмзэг сэдэв. Иймэрхүү мэдэгдэл түүнд ашигтайгаар тусна гэж би бодохгүй байна. Тэр бүү хэл би хор хөнөөл учруулахгүйн тулд эдгээр зүйлсийн талаар аль болох бага ярихыг хичээж байна” хэмээн Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. Энэ нь Абдулла Ожалан депутатуудтай үндэстэн хоорондын харилцааны талаар ширүүхэн маргаан өрнүүлсэн тухай хэлсэн хэрэг аж. Эцсийн эцэст Ерөнхий сайд Эрдоган Курдын асуудал бэрхшээлийг шийдэхгүй бол Курдистаны Ажилчны намын лидер 50 мянган босогчийнхоо хамтаар Туркт дайн зарлана хэмээн амлаж байна.
“Курдистаны Ажилчны нам (КАН) ийм тооны дайчдыг гаргаж ирэх чадалтай, гэвч шууд биш. Гэвч курдууд ингэж цуглаж дайн өрнүүлэхэд Туркийн арми саад болох магадлалтай” хэмээн Москва дахь Карнегийн төвийн шинжээч Алексей Малашенко өгүүлэв. Курдистаны Ажилчны нам Туркийн хүн амын 18 хувийг бүрдүүлдэг курдуудын эрх ашгийг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг билээ. Хэдийгээр тус нам тусгаар тогтносон Курдистан улсыг байгуулах санаанаасаа 1999 онд татгалзсан ч курдуудад автономит эрх олгох, турк хүн амтай адил иргэний эрх эдлүүлэх, курд үндэстний сургууль нээх, курд хэл дээр телевиз, сонин эрхлэхийг зөвшөөрөхийг шаардсан хэвээр байгаа юм.
Туркийн Засгийн газар курд үндэстэн давамгайлдаг дорнод бүс нутгийн эдийн засгийг идэвхтэй хөгжүүлж байна. Гэвч тэнд хямрал, мөргөлдөөн тасрахгүй байгаа юм. Ожалан энэ хөзрөөр тоглохыг хүсч байгаа ажээ. “Эрдоган тэргүүтэй Туркийн Шударга ёс, хөгжлийн намыг бид эрх мэдэлд гаргаж өгсөн” хэмээн мэдэгджээ. 1999 онд баривчлагдсан Ожалан тэдэнд саад болоогүйн улмаас өнөөгийн Ерөнхий сайдын намынхан 2000 оны эхээр сонгуульд ялалт байгуулсан хэмээн Ожалан цаагуураа хэлсэн аж. Үүнээс гадна, Эрдоган Туркийг Ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс болговол Курдистаны Ажилчны нам 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Эрдоганыг дэмжинэ хэмээн Ожалан ярьсан байна.
Мармара тэнгисийн Имрали арлын шоронд насаараа хоригдох ял эдэлж байгаа Курдын лидер хэд хоногийн өмнө энэ мэдэгдлээ намынхаа идэвхтнүүдэд бичгээр илгээжээ. Тэрээр захидалдаа энхийн хэлэлцээнд саад хийхгүй байхыг уриалсан байна. Мөн гал зогсоох, Курдистаны Ажилчны намын дайчдыг Туркийн газар нутгаас гаргах, Курдын үндсэрхэг намын долоон мянган гишүүнийг Туркийн нийгэмд нэгтгэх зэрэг хямрал, мөргөлдөөнөөс үе шаттай гарах саналыг тусгасан аж. Абдулла Ожалантай уулзсан депутатууд “Бид Эрдоганы эсрэг юу ч сэдээгүй, энхийн үйл явцыг бусниулах зорилго тавиагүй” хэмээн мэдэгдээд байна.
“Курдистаны Ажилчны нам хүчирхийллээс бүрэн татгалзвал өөрчлөлтийн тухай ярьж болох юм. Гэвч үүний тулд Ожалан тэргүүтэй тус байгууллага арга барилаа өөрчилж, Туркийн талтай сөргөлдөхөөс татгалзах ёстой” хэмээн Туркийн улс төрийн судалгааны SETA төвийн тэргүүн Таха Озжан ярилаа. Гэвч турк, курдууд эвлэрэлд хүрэхэд хол байна хэмээн Стратегийн үнэлгээний хүрээлэнгийн дорно дахин судлаач Сергей Демиденко үзэж байна. Мөргөлдөөнийг зогсоох цорын ганц бодит арга зам нь Туркийн зүүн нутгийн нийгэм-эдийн засгийг хөгжүүлж, курдуудыг Туркийн нийгэмд нэгтгэх үйл явцыг түргэсгэх хэмээн тэрээр үзэж байна.

“Известия”

No comments:

Post a Comment