Tuesday, April 16, 2013






Иран, Пакистанд газар хөдөллөө

Ираны зүүн өмнөд, Пакистаны баруун өмнөд нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас дор хаяж 45 хүн амь насаа алдаад байна. Иран улсад сүүлийн 56 жилд болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт зуу гаруй хүний аминд хүрсэн байж магадгүй хэмээн Тегераны Засгийн газрын сайд мэдэгдлээ. Нөгөө талаар, байгалийн гамшиг уулархаг, хүн ам багатай бүс нутгийг хамарсан тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо үүнээс ч бага байж болно хэмээн үзэж байна. Газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн Систан, Белужистан мужид гэрэл цахилгаан доголдож, харилцаа холбоо тасалдлаа хэмээн Ираны телевизээр мэдээлэв. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь Иранд байна. Иран, Пакистаны газар хөдлөлт Персийн булангийн орнууд болон Энэтхэгийн Дели хотод хүртэл мэдрэгджээ.
Хэд хоногийн өмнө Ираны Бушер мужид газар хөдөлж 37 хүн амиа алдсан билээ.

Ганад 17 “нинжа” нас барав

Гана улсын төвийн хэсгийн Дунква мужийн алтны уурхайд нуралт болсны улмаас гар аргаар алт олборлож байсан 17 хүн дарагдаж нас баржээ. Уурхайг хаах ёстой байсан ч орон нутгийн эрх баригчид том толгой гарган ажиллуулсаар байжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй байна. Гана нь Африкийн орнууд дотроос алтны нөөцөөрөө Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын дараа хоёрт ордог ажээ.

Бостоны марафон дээр дэлбэрсэн бөмбөгийг битүү чанагчаар хийсэн байжээ

Бостоны марафоны үеэр дэлбэрсэн хоёр бөмбөгийг битүү чанагчаар хийсэн болохыг тогтоолоо. Дэлбэрэлтийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд битүү чанагчийг металл эд зүйлсээр дүүргэсэн байжээ. 2010 онд Нью-Йоркийн Таймс-сквер талбайд ийм аргаар бөмбөг дэлбэлэх гэж байгаад бүтэлгүйтэж байсан юм. Мөн энэ онд Пакистанд, 2006 онд Мумбайд битүү чанагчаар хийсэн бөмбөг дэлбэрч 130 хүн амиа алдсан билээ. Бостонд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг одоогоор ямар нэг террорист бүлэг хүлээсэнгүй. Гадаадаас ирсэн террористууд энэ халдлагыг үйлдэв үү, эсвэл америк иргэд энэ дэлбэрэлтийг зохион байгуулав уу гэдгийг мөрдөгчид мэдэж амжаагүй байна. Бостоны дэлбэрэлтэд гурван хүн амиа алдаж, 183 хүн шархадсан юм.

АНУ-ын сенатчид рицинтэй захидал иржээ

АНУ-ын Миссисипи мужийн сенатч Рожер Уикерт хаягласан захидал дотор үхлийн аюултай рицин хэмээх бодис байгааг АНУ-ын тусгай албад илрүүлжээ. Дугтуйг гурван удаа шинжилгээнд оруулахад гурвууланд нь рицин байгаа гэсэн дүгнэлт гарчээ. Усанд сайн уусдаг, үнэргүй, цагаан, нунтаг энэхүү бодисыг хоолонд шингээж хүнийг хордуулдаг аж.
1978 онд Лондонд Болгарын эсэргүү үзэлтэн Георгий Марковыг хөнөөхөд рицин ашиглаж байжээ. Үл таних этгээд түүнийг гудамжинд шүхэрний үзүүрээр санамсаргүй хатгасан юм. Түүнийг нас барсны дараа цогцост нь задлан шинжилгээ хийхэд хөлийн булчинд нь рицин шахсан байсныг илрүүлсэн ажээ.

Америкийн нисдэг тэрэг Хойд Солонгосын хил орчимд сүйрчээ

АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургуульд оролцож байсан Америкийн нисдэг тэрэг Хойд Солонгосын хил орчимд сүйрчээ. 21 хүн суулгаж явсан цэргийн тээврийн нисдэг тэрэг Сөүл хотоос зүүн хойд зүгт 90 км-ийн зайд орших полигоноос хөөрснийхээ дараа унаж шатсан байна. Дотор нь байсан хүмүүсийг бүгдийг нь аварч чаджээ. Зургаан хүнийг эмнэлэгт хүргэсэн ч амь нас нь аюулгүй байгаа аж.

Хятадад нугаснуудыг устгаж байна

Хятадад шувууны томуу газар авч байгаа тул хоол хүнсэнд хэрэглэхийг хориглосон хэдэн зуун мянган нугасыг устгаж байна. Өндөгнөөсөө дөнгөж гарсан дэгдээхэйнүүдийг ачааны машинаар ачиж могойны фермд аваачин хэвлээр явагчдыг хооллож байгаа аж. Фермерүүд дэгдээхэйнүүдээ могойн фермд өгч бага ч болтугай мөнгө авч байна. Эс бөгөөс тэднийг шатаах үйлдвэрт хүлээлгэж өгөхөөс өөр аргагүй болжээ.
H7N9 вирусээр 63 хятад иргэн халдварлаж, 16 хүн нас бараад байна. Хамгийн сүүлд өнгөрсөн ням гаригт 77 настай эмэгтэй энэ өвчнөөр нас барлаа. Эрх баригчид олон мянган шувууг устгаж, Шанхай, Бээжинд амьд шувуу зардаг захуудыг хаажээ.

Иракт нэг өдөр 21 хүнийг цаазлав

Иракт нэг өдрийн дотор терроризмд буруутгагдсан 21 хүнийг цаазалжээ. Энэ онд тус улсад нийтдээ 50 гэмт хэрэгтнийг цаазлаад байна хэмээн ABCNews мэдээлэв. Ирак болон Ойрхи Дорнодын орнууд олон нийтийн өмнө харгис цааз гүйцэтгэж, хүний эрхийг зөрчиж байна гэсэн шүүмжлэлд байнга өртдөг. Иракт цаазаар авах ялыг түдгэлзүүлэх талаар санал санаачилга өрнөсөөр байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй байна. 

No comments:

Post a Comment