Tuesday, April 30, 2013


Зургийн тайлбар: Руман (баруун гар талд) найзынхаа хамт

Руман: Би үргэлж л их ядарсан байдаг

Руман бол Бангладешт өдөрт зургаагаас илүү цагаар ажилладаг таван сая хүүхдийн нэг. Тэрээр гутал ч үгүй, бээлий ч үгүй, дуулга ч үгүй, хамгаалалтын нүдний шил ч үгүйгээр ажилладаг. Бангладешийн нийслэл Дакка хотод 600 орчмоор тоологддог үйлдвэрийн хамгийн хямд ажиллах хүч нь 5-12 насны хүүхдүүд юм. Эдүгээ 12 настай жаалхүү сардаа 12 долларын цалин авдаг. Испанийн “La Vanguardia сонин бангладеш жаалтай уулзаж ярилцжээ.

-Чиний жирийн өдөр яаж өнгөрдөг вэ?

-Ээж ах бид хоёрыг өглөөний зургаан цагт сэрээж, бид усанд орчихоод ажил руугаа явдаг. Орой болтол үйлдвэр дээр ажиллаад гэртээ харьж оройн хоолоо иддэг.  

 -Ямар ажил хийдэг юм?

-Би жижиг сав суулга хийх үүрэгтэй. Том ажилчид бид нарт нимгэн хялтас авчирч бид нар нүддэг. Газар сууж байгаад алхаар нүдэж нүдэж дарга нарын шаардсан хэвэнд нь оруулдаг.

-Чи хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-Дөрвөн настай байхдаа хөдөлмөрийн зах зээл дээр гарч, тав хүрээд үйлдвэрт ажиллах болсон. Энэ үйлдвэрт таван жил ажиллаж байна.

-Цалин чинь нэмэгдсэн үү?

-Нэмэгдсэн, өмнө нь дөрвөн долларт ч хүрдэггүй байлаа. Одоо сардаа 12 долларын цалинтай.

-Ажлын хувцас тавьж өгдөггүй юм уу?

-Үгүй, хэзээ ч өгч байгаагүй. Гэрийнхээ хувцастай үйлдвэр дээр ирээд гутлаа тайлаад л ажилдаа ордог.

-Яагаад?

-Энд их тоостой болохоор гутлаа цэвэрхэн байлгах гэж л тэр. Дараа нь сургуульдаа өмсөнө.

-Хэдийд нь сургуульдаа явдаг юм бэ?

-Үйлдвэрийн хажууд саяхан баригдсан сургуульд явдаг. Intervida байгууллагын ажилтан ээжийг ятгасаар байгаад намайг энэ сургуульд явуулах болсон. Тэр эмэгтэй үйлдвэрийн эзэнтэй ярьж, надад үдээс хойш хичээлд явах цаг хагасын чөлөө авч өгсөн юм.

-Тоглох зав гардаг юм уу?

-Нар жаргаж, үйлдвэр дотор харанхуй болохоор гарч тоглодог. Энэ үед бүгд гарч гудамжинд маатаг тоглодог юм.

-Маатаг тоглох дуртай юу?

-Тийм ээ, их дуртай. Гэхдээ бас сургуульд явж, тэнд хоол идэж, дуу сурах дуртай.

-Том болоод юу хийвэл гоё вэ?

-Ажиллаж байгаа үйлдвэрийнхээ эзэн болвол гоё. Манай үйлдвэрийн эзэн над шиг багаасаа л ажил хийж байсан. Би түүний жишээг дагахыг хүсдэг. Тэр 12 настай байхдаа үйлдвэрийн осолд орж нэг хуруугаа тайруулсан гэсэн.

-Чи үйлдвэрийн осолд орж байв уу?

-Үгүй, бараг үгүй. Нэг удаа хажуугийн үйлдвэрт гал гарч бид хурдан гадаа гарах хэрэгтэй болж байсан. Би их жаахан байсан болохоор бусад хүмүүст түлхүүлж унаж байсан ч гадаа гарч аврагдаж чадсан.

-Үйлдвэр дээр чинь осол гардаг уу?

-Нэг удаа найз минь хөлөө гэмтээсэн. Тэр цагаас хойш би ч бас их болгоомжлох болсон.

-Танай үйлдвэрт хэдэн хүүхэд ажилладаг вэ?

-300 орчим хүүхэд ажилладаг.

-Ажлаас чинь хоол өгдөг үү?

-Үгүй, үгүй. Гэрээсээ жаал жуул хоол авчирдаг. Ажил дээр “00” ч, ус ч байхгүй.

-Тэгээд яаж бие засдаг юм бэ?

-Гудамжинд гараад л. Гадаа зөндөө газар бий, ха ха.

-Цалингаараа юу хийдэг вэ?

-Ээждээ өгдөг. Ээж миний цалингаар хоол хүнс, хувцас хунар авдаг.

-Бүтэн сайнд ажилгүй байдаг юм байна. Юу хийдэг вэ?

-Унтдаг. Их унтана даа. Би үргэлж их ядарсан байдаг.

No comments:

Post a Comment