НАТО-гийн
довтолгоонд 10 хүүхэд амиа алдлаа
НАТО-гийн
цэргийн хүчин Афганистаны зүүн хэсгийн Кунар мужид агаараас довтолгоо хийх үеэр
12 энгийн иргэн амиа алдсаны 10 нь хүүхэд байна. Орон нутгийн эрх баригчид
болон гэрчүүд энэ мэдээллийг нотолж байгаа юм. Зургаан хүн шархадсан байна. НАТО-гийн
удирдагчид агаарын довтолгооны үеэр энгийн иргэд амь насаа алдсаныг хүлээн
зөвшөөрчээ.
Дахин
цөмийн туршилт хийхээр бэлтгэж байна
Хойд
Солонгос шинэ цөмийн туршилтад бэлтгэж байна хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлүүд
мэдээлэв. Тэдний үзэж буйгаар, ойрын өдрүүдэд газар дор цөмийн дэлбэрэлт болох
бололтой. Үүнээс гадна, энэ долоо хоногийн дундуур Пхеньян дунд тусгалын пуужин
харваж магадгүй байна.
Саяхан
Хойд Солонгосын эрх баригчид өмнөд хөрштэйгээ дайны цагийн байдалд шилжсэнээ
зарлаж, өдөөн хатгалгад хатуу хариу барина хэмээн мэдэгдсэн билээ. Өмнөд
Солонгос, АНУ хоёр хамтарсан хээрийн сургууль хийсэн нь Пхеньяны эгдүүцлийг
хүргэсэн юм.
Каракаст
сөрөг хүчний жагсаал болов
Венесуэлийн
нийслэл Каракас хотод сөрөг хүчний томоохон жагсаал боллоо. Сөрөг хүчнээс
Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Энрике Каприлес “Улс эх орныг буруу замаар оруулсан
Засгийн газраас даруй салах хэрэгтэй. Өнөөгийн эрх баригчид авлига, үзэн ядалт,
муу муухайд идэгджээ” хэмээн мэдэгдэв. Олон нийтийн судалгаагаар,
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро өрсөлдөгчөө 10 хувиар давамгайлж
байгаа аж. Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 14-нд болно.
Хятадад
шувууны ханиад газар авсаар
Хятадад
H7N9 хэмээх шувууны ханиадны вирусээр халдварласан
хүний тоо 21-д хүрчээ. Өчигдөр Шанхай хот, Аньхой мужид гурван шинэ тохиолдол
нэмж бүртгэгджээ. Аньхой мужид халдвар авсан 55 настай эрэгтэй амьд шувуу
зардаг нэгэн байжээ. H7N9 вирусын халдвар анх гуравдугаар сарын
сүүлчээр тус улсад илэрч зургаан хүн амь насаа алдаад байна. Шанхай хот, хөрш
Зянсу муж, Чэзянь, Аньхой мужид шувууны ханиадны халдвар илрээд байгаа аж.
Одоогоор шувууны ханиадны шинэ вирус хүнээс хүнд халдварласан тохиолдол
илрээгүй байна.
Kia
50 мянган автомашинаа засварлана
Kia компани ОХУ-ын зах зээлээс 49 мянга 674 автомашинаа
эргүүлэн татаж доголдлыг нь засахаар болжээ. Тоормоз гишгэхэд тоормозны гэрэл
асахгүй байгаа, мөн тоормоз гишгээгүй байхад тоормозны гэрэл асаж байгаа
доголдол илэрсэн тул ийм шийдвэр гаргажээ. Өмнөд Солонгосын компани 2007-2011
онд үйлдвэрлэсэн Soul, Sorento, Sportage, Optima, Carens, Carnival маркийн
машинынхаа тоормозны гэрлийг үнэгүй засах юм. Kia компанийн
АНУ-д экспортлосон 653 мянган
автомашинаас мөн ийм доголдол илэрч байжээ.
Перуд
Ми-8 осолджээ
Перуд
Францын нефтийн Perenco компанийн ажилтнуудыг тээвэрлэж явсан Ми-8
нисдэг тэрэг осолдож 13 хүн амиа алджээ. “Helicopteros de Pacifico” компанийн
Ми-8 нисдэг тэрэг Лорета мужид сүйрч, дотор нь явж байсан хүмүүс бүгд амь
үрэгджээ. Нефтийн компанийн есөн ажилтан, экипажийн дөрвөн гишүүн ослын золиос
болов. Нисдэг тэрэг юунаас болж сүйрсэн нь тодорхойгүй байна.
Нисэх
буудлын ойролцоо 240 тн түлш асгарчээ
Гүржийн
Тбилис хотын ойролцоох төмөр зам дээр дизелийн түлш ачсан хэд хэдэн вагон
замаасаа гарч осолджээ. Үүний улмаас 240 тн нефтийн бүтээгдэхүүн асгараад
байна. Тэндээс 200 метрийн зайд орон сууцнууд байгаа юм. “Асгарсан түлшин дээр
дэлбэрэлт болох аюул байсаар байна. Ослын үр дагаварыг арилгахын тулд боломжтой
бүхнийг хийж байна” хэмээн Тбилис хотын Онцгой байдлын албаны дарга Темур
Гиоргазе хэллээ.
No comments:
Post a Comment