Энрико Летта Засгийн газраа бүрдүүллээ
Италийн улстөрч Энрико Летта эвслийн шинэ Засгийн
газраа бүрдүүлээд байна. Леттагийн санал болгосноор, экс Ерөнхий сайд Сильвио
Берлусконийн ойрын хамтран зүтгэгч Анжелино Альфано Засгийн газарт орж байгаа
аж. Түүнд дэд Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайдын суудал оногджээ. Эдийн
засгийн сайдын нөлөө бүхий суудлыг Италийн төв банкны тэргүүн Фабрицио Саккоманни
эзлэхээр болов.
Сайд нарын танхим өчигдөр тангараг өргөжээ. Үүний
дараа Италийн парламент Энрико Леттагийн Засгийн газрыг батламжилж тэрээр
Ерөнхий сайд болох юм. Зүүний төвийн үзэлтэй Ардчилсан намын орлогч дарга Энрико
Леттаг эвслийн Засгийн газрыг байгуулах чадвартай хэмээн үзсэн билээ. Зүүний,
барууны үзэлтэй улстөрчдийн санал зөрөлдөөний улмаас Итали улс Засгийн газраа
байгуулж чадахгүй байсан юм.
Куба улс мэргэжлийн бокст тавьсан хоригоо
цуцаллаа
Куба улс 51 жилийн турш үйлчилж байсан мэргэжлийн
бокст тавьсан хоригоо цуцалжээ. 2013 оны арваннэгдүгээр сараас эхлэн Кубын
нударгачид Хагас мэргэжлийн боксын лигийн (WSB) багт ивээн тэтгэгчтэйгээр тоглож, цалин авах боломжтой боллоо. Ийнхүү
куба боксчид сард 500-3000 долларын цалин авах боломжтой болж байгаа юм. Кубад
дундаж цалин 20 доллар байдаг. Арлын удирдагч Фидель Кастро 1962 онд мэргэжлийн
боксыг авлигад автсан, зальхай, заваан гэж нэрлэсний дараа мэргэжлийн боксыг
хориглосон юм. Куба улс сонирхогчдын бокст дэлхийн аваргаас 116, олимпийн
тоглолтоос 67 медаль аваад байна.
Талибууд хаврын дайралтаа эхлүүлэв
Хэт даврагч “Талибан” хөдөлгөөн Афганистанд
хаврын дайралт, довтолгоогоо эхлүүлж буйг зарлав. Талибуудын цэрэг дайны үйл
ажиллагаа жил бүрийн дөрөв, эсвэл тавдугаар сард идэвхждэг. Энэ үеэр уулын цас
арилдаг тул талиб босогчид уулаар бүгж үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боломжтой
болдог аж. “Талибан” хөдөлгөөн хаврын дайралтын үеэр тусгай тактик баримтлана
хэмээн мэдэгдлээ. Тэд олон улсын цэргийн авиа бааз, гадаадын дипломатуудын
байр, өргөөг довтлохоор бэлтгэж байна.
Карл Лагерфельд анх удаа насаа хэлжээ
Дэлхийн нэртэй загвар зохион бүтээгч Карл
Лагерфельд анх удаа төрсөн өдрөө хэлжээ. Тэрээр “Paris Match” сэтгүүлд ярихдаа “Ээж минь миний төрсөн өдрийг албан ёсны баримт бичиг
дээр өөрчилсөн. Тэрнээс болж миний насыг төөрөгдөлд оруулсан” гэв. Лагерфельд
2008 онд 70 насныхаа ойг тэмдэглэсэн, гэвч дөрвөн жилийн дараа 79 насныхаа оыг
тэмдэглэж байжээ.
“Би одоо 77 настай. 11935 оны есдүгээр сарын
10-нд төрсөн. Ээж минь төрсөн өдрийг минь өөрчилж орхисныг түүнийг нас барсны
дараа мэдсэн. Тэр яагаад ингэснийг мэдэхгүй байна” хэмээн нэрт зохион бүтээгч
өгүүлэв. Карл Лагерфельд Хамбургад банкны чинээлэг ажилтан Отто Лагерфельдийн
гэр бүлд төржээ. 1952 онд Парист шилжин суурьшжээ. 1974 онд Лагерфельд Karl Lagerfeld Impression брэндээ
гаргажээ. 1983 онд тэрээр Chanel Загварын ордны захирал болсон байна.
Босни Герцеговины Ерөнхийлөгчийг авлигын хэргээр
баривчиллаа
Босни Герцеговин улсын Ерөнхийлөгч Живко
Будимирыг 19 өндөр тушаалын түшмэлийнх нь хамт авлигын хэргээр баривчилжээ.
Ерөнхийлөгчийг Сараево хот дахь албан өргөөнд нь баривчилсан байна. Цагдаагийн
ажилтнууд төрийн тэргүүний өргөөг нэгжиж хэдэн арван хоригдлыг өршөөсөн
тушаалын жинхэнэ эхийг хурааж авчээ. Ерөнхийлөгч нэг хоригдолд өршөөл
үзүүлэхдээ 40 мянгаас дээш долларын хахууль авдаг байсан хэмээн үзэж байна.
Живко Будимир сүүлийн нэг жилд 96 хоригдлыг өршөөсний дотор 35 алуурчин, нэг
хүчирхийлэгч байгаа аж. Мөн хар тамхины хэрэгт орооцолдсон таван хүн байгаа
ажээ.
Николас Мадуро Кубад очжээ
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Кубад
албан ёсны айлчлалаар очжээ. Тэрээр хоёр улсын хоорондох стратегийн түншлэлээ
баталгаажуулахын тулд Кубад ирээд байгаа юм. Айлчлалын үеэр эрүүл мэнд,
боловсрол, спортын салбарт хэд хэдэн тохиролцоонд гарын үсэг зурахаар төлөвлөж
байна. Эдүгээ Гаванад Куба-Венесуэлийн Засгийн газар хоорондын уулзалт болж
Венесуэлийн Нефть, уул уурхайн сайд Рафаэль Рамирес, Кубын Гадаад худалдаа,
хөрөнгө оруулалтын сайд Родриго Мальмиерк нар оролцож байна.
Венесуэль нь Боливариан хувьсгалын лидер Уго
Чавесийн удирдлага дор Эрх чөлөөний арлын эдийн засаг, улс төрийн гол холбоотон
болсон юм. Венесуэльд Кубын 40 мянган эмч ажиллаж, хариуд нь Каракас Гаванад
хөнгөлөлттэй нөхцөлөөр нефть нийлүүлж байгаа билээ.
Vodafone өөрийн хувиа 120 тэрбумаар зарахыг хүсч байна
Британийн харилцаа холбооны Vodafone компани АНУ-ын үүрэн телефоны томоохон оператор Verizon
Wireless-т эзэмшдэг хувиа 120 тэрбум доллараар зарахыг
хүсч байна. Энэ тухай “Ройтерс” агентлаг уламжлав. Vodafone
Verizon Wireless-ийн 45 хувийг эзэмшдэг. Харин хяналтын багцыг
Америкийн Verizon Communications корпорац эзэмшдэг аж. Тус корпорац өнгөрсөн
долоо хоногт Британийн компанийн хувийг 100 тэрбум доллараар худалдаж авах
санал тавьжээ. Гэвч Vodafone өөрийн хувиа 120 тэрбумаас доош үнээр өгөхгүй
гэсэн юм.
No comments:
Post a Comment