Wednesday, April 10, 2013






Хойд Солонгос баллистик пуужин хөөргөхөд бэлэн болжээ

Хойд Солонгосын цэргийнхэн зүүн хойд хэсгийн Вонсан хотын орчимд “Мусудан” пуужингаа байрлуулж, босоо байдалд угсарч дууслаа хэмээн “Киодо” агентлаг Японы Батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан мэдээлэв. Японы тал хиймэл дагуулаас авсан сүүлийн үеийн зурагнууд дээр анализ хийсний үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ. Хойдууд бусад хөөргөх төхөөрөмжөө тороор далдалж нуусан хэмээн үзэж байна.
Пхеньян дөрөвдүгээр сарын эхээр 3-4 км-ийн тусгалтай “Мусудан” пуужин хөөргөхөөр бэлтгэж байгаа нь тодорхой болсон билээ. Мөн Хойд Солонгосын мэргэжилтнүүд пуужингаа түлшээр цэнэглэж дууссан тухай мэдээ түгж байна. Хойдууд ямар ч үед пуужин хөөргөхөд бэлэн болоод байгааг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бен Се мэдэгдлээ.

Галилей тэнгисийн гүнээс нууцлаг байгууламж олдлоо

Израильд байдаг Галилей тэнгисийн гүнээс нууцлаг чулуун байгууламжийг илрүүлжээ. Шовгор зүрхэн хэлбэртэй байгууламжийг боловсруулаагүй хүрмэн чулуу, бул чулуугаар босгосон байв. Нийт жин нь 60 мянган тн, өндөр нь 10 метр, диаметр нь 70 метр чулуун байгууламжийг ямар зорилгоор барьсныг археологчид судалж байна. Шууд харахад аварга пирамидыг санагдуулам энэ байгууламжийг оршуулгын зан үйлд ашиглаж байсан хэмээн зарим эрдэмтэн үзэж байна.

Иосип Титогийн хувийн сейфийг нээжээ

1980 онд нас барсан социалист Югослав улсын лидер Иосип Броз Титогийн хувийн эд зүйлсийг хадгалж байсан сейфийг нээжээ. Титогийн эд зүйлс Сербийн Үндэсний банкинд 30 жилийн турш хөндөгдөлгүй хадгалагдаж иржээ. Эдүгээ Сербийн Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс төрийн тусгай комисс сейфийг нээж байгаа аж. Комиссын гишүүд сейфэнд байгаа зүйлсийг арав хоногийн турш судалсны дараа олон нийтэд танилцуулах юм.
Иосип Броз Тито 1980 оны тавдугаар сарын 4-нд Люблянад 88 насандаа өөд болжээ. Түүнийг нас барангуут хувийн эд зүйлсийг нь битүүмжилж Үндэсний банкинд шилжүүлсэн аж. Титогийн эд хөрөнгийг өв залгамжлагчдад нь хуваарилах үүрэг хүлээсэн Белградын шүүхийн шийдвэрээр Титогийн сейфийг нээж байгаа юм.

Голланд-хүүхдэд хамгийн ээлтэй орон

НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан илтгэлд Голландыг хүүхдэд хамгийн ээлтэй орноор нэрлэжээ. Материаллаг байдал, эрүүл мэнд, боловсрол, амьдралын түвшин, мөн хүрээлэн буй орчин зэрэг үзүүлэлтээр хүүхдэд ээлтэй улс орнуудыг жагсаажээ. Харин хүүхдэд хамгийн ээлгүй орноор Румынийг нэрлэсэн байна. Тус улсад насанд хүрээгүй охидын дундах төрөлт, мөн өсвөр үеийнхний тамхидалт их байдаг аж. Үүнээс гадна, Румын дахь хүүхдүүдийн тал хувь нь хоол тэжээлийн дутагдалтай байдаг хэмээн илтгэлд онцолжээ.

П.Маккартни дахин тэргүүлэв

“Битлз” хамтлагийн гишүүн асан Пол Маккартни Их Британийн хамгийн баян дуучид, хөгжимчдийн жагсаалтыг дахин тэргүүллээ. Түүний хөрөнгө 680 мянган паундаар (нэг тэрбум орчим доллар) үнэлэгджээ. Сэр Пол 1989 оноос хойш энэ жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Уэббэр 620 сая паундын хөрөнгөөр хоёрдугаарт бичигдлээ. 520 сая паундтай Ирландын U2 хамтлаг гуравт оржээ.

Халаасны хулгайчид Луврын музейг хаахад хүргэв

Дэлхийд хамгийн алдартай Парисын Луврын музей ажил хаялтын улмаас хаагдаад байна. Музейн 200 орчим ажилтан ажил хаялтад оролцож, музейн аюулгүй байдлыг сайжруулахыг шаардлаа. Тэдний мэдэгдэж буйгаар, сүүлийн үед халаасны хулгайч нар Луврын музейн зочдыг төдийгүй ажилтнуудын амар заяаг үзүүлэхээ больжээ. “Жуулчид их цугладаг газар “урт гартнууд” байдаг нь хэвийн үзэгдэл. Луврын музейд халаасны хулгай харьцангуй гайгүй байсан ч сүүлийн жил хагасын дотор бүр гаарлаа” хэмээн музейн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэв. Луврын музей хавиар эргэлддэг зохион байгуулалттай хулгайч нар музейд үнэгүй нэвтэрч хулгай хийдэг бөгөөд цагдаа нар тэднийг хэд хоногийн дараа суллаад явуулчихдаг аж.
Луврын музей жил бүр арван сая зочин хүлээж авдаг. Парисын музей төдийгүй метронд ч хулгайч нар дураараа дургих болжээ. Хэдхэн хоногийн өмнө Парисын метронд хулгай хийдэг өсвөр үеийнхний толгойлогчдыг шүүх хурал Парист болсон байна. Нийт 22 хулгайч шүүхийн тогтоолыг хүлээж байгаа юм.

No comments:

Post a Comment