Бостонд
болсон халдлагад гурван хүний амь үрэгдлээ
АНУ-ын
Бостон хотод болсон олон улсын марафон гүйлтийн үеэр 20 секундын зайтай хоёр
дэлбэрэлт болж гурван хүний аминд хүрлээ. Зуу гаруй хүн шархдаж гэмтээд байгаагаас
17 хүний биеийн байдал хүнд байна. Жил бүр болдог Бостоны марафонд 500 мянган
хүн ирж оролцсон бөгөөд барианы зурхайн хажууд дэлбэрэлт болсон юм. Хоёр
дэлбэрэлтийн дараа цагдаа нар хөрш гудамжнаас дэлбэрч амжаагүй хоёр дэлбэрэх
төхөөрөмжийг илрүүлжээ.
Энэ
хэрэгт Саудын Арабын нэгэн иргэнийг сэжиглэн баривчилсан тухай мэдээ түгсэн ч
цагдаагийн газраас энэ мэдээллийг няцаалаа. Одоогоор баривчилсан хүн байхгүй, зөвхөн
хэдэн хүнийг байцааж мэдүүлэг аваад байна. АНУ-ын эрх баригчид Бостоны марафон
дээр болсон дэлбэрэлтийг алан хядах ажиллагаа хэмээн хүлээн зөвшөөрчээ.
Венесуэльд
сөрөг хүчнийхэн жагсав
Венесуэлийн
Сонгуулийн ерөнхий хороо эрх баригч намын нэр дэвшигч Николас Мадурог Ерөнхийлөгчийн
сонгуулийн ялагчаар зарласны дараа сөрөг хүчний нэр дэвшигч Энрике Каприлесийн
хэдэн мянган дэмжигч Каракасын гудамжинд эсэргүүцлийн жагсаал хийлээ. Н.Мадуро
50.75 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Э.Каприлес сонгуулийн дүнг хүлээн
зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, АНУ болон арабын орнууд түүнийг дэмжээд байна.
Жагсагчид сонгуулийн дүнг хуурамчаар гаргасан хэмээн үзэж дахин тоолохыг
шаарджээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн
байна.
Саудын
Арабт эмэгтэйчүүд автомашин жолоодохыг зөвшөөрнө
Эмэгтэйчүүдийг
автомашин жолоодохыг зөвшөөрдөггүй цорын ганц улс бол Саудын Араб билээ. Тус
улсын хаан Абдалла ибн Абдель Азиз ас-Саудын үеэл, тэрбумтан, хунтайж Аль-Валид
Бин Талал эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг зөвшөөрнө хэмээн мэдэгдлээ. “Эмэгтэйчүүдэд
автомашин жолоодох эрх олгосноор дор хаяж гадаадын 500 мянган жолоочийг ажлаас
чөлөөлнө. Энэ нь улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд нааштайгаар нөлөөлнө” хэмээн
хунтайж Бин Талал ярьжээ.
Австраличууд
Сирид байлдаж байна
Сирид
иргэний дайн дэгдээд хоёр жил өнгөрч байна. Ойрхи Дорнодын орон энэ хугацаанд суннит,
эсвэл шийт ахан дүүсээ дэмжихэд бэлэн байгаа гадаадын дайчдын соронз болон
хувирчээ. Сири дахь дайн байлдааны үйл ажиллагаанд оролцож буй мянга орчим
гадаадын дайчдын дунд хоёр зуун австрали хүн байна гэсэн мэдээлэл тархаад
байна. Ногоон тивийн иргэд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг
тулалдаж байгаа аж. Австраличууд “Аль-Нусрагийн фронт” хэмээх лалын бүлэгт
нэгдсэн бололтой. Тус бүлэг нь сүүлийн үед бүрэлдэхүүн, хүчин чадлаа үлэмж
нэмэгдүүлээд байгаа ажээ.
Далай
лам тува иргэдийг архидалттай тэмцэхийг уриалав
Түвдийн
оюун санааны лидер, XIV Далай лам Тувагийн ард түмэн болон тус улсын лидер
Кара-Оолд хандаж архидалттай тэмцэхийг уриалжээ. Далайн ламын уриалгыг “Мансуурлаас
ангид оюун ухаан” бүх дэлхийн лигийн тэргүүн Женишбек Назралиев гардуулж өгчээ.
“Архины
хамаарлаас ангижрахыг хүсч буй тува иргэд үүнийгээ гүйцээх хүч, дэмжлэгийг
олоосой гэж би залбирч байна. Архидалтын золиос болоогүй байгаа залуу хүмүүс
үүнээс ангид байгаасай гэж хүсч байна” хэмээн Далай лам илгээлтдээ онцолжээ.
Хятадын
лийрийн мод Гиннесийн номд бичигдлээ
Хятадын
Ганьсу муж дахь лийрийн цэцэрлэг үр жимсээ өгч буй хамгийн эртний жимсний модод
хэмээн Гиннесийн номд бичигдлээ. Хуанхэ мөрний хөндийд 600 га талбай эзлэх
цэцэрлэг нь Гаолань гацааны гол үзүүштэй газар болсон юм. Энэ цэцэрлэгт ургаж
буй лийрийн модод 430 жилийн настай аж. Ажилтнуудынх нь баталж буйгаар, уг
цэцэрлэгийн мододын 70 хувийг нь XVII зуунд
суулгасан ажээ. Лийрийн модод 300-400 жил насалсан ч үр жимсээ өгсөөр байгаа нь
гайхамшиг биш гэж үү.
Үр жимс өгдөггүй ч
үүнээс хавьгүй хөгшин модод бий. АНУ-ын Невадад 5200 жилийн настай сорлог нарс
мод байдаг. Энэ модыг жаахан байхад Эртний Египетэд пирамид барьж байсан бол, Ромын
эзэнт гүрэн мандан бадарч байхад аль хэдийнэ 3000 насалчихсан байжээ.
No comments:
Post a Comment