Saturday, April 13, 2013








Японд газар хөдөлжээ

Японы Кобе хотод 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 22 хүн гэмтэж бэртээд байна. 15 км-ийн гүнд газар хөдөлснийг АНУ-ын Геологийн алба бүртгэж авчээ. Хэд хэдэн байшингийн дээвэр нурж, хананд нь цууралт үүссэн байна. Байгалийн гамшгийн улмаас төмөр замын хөдөлгөөн саатаж, Кансай олон улсын нисэх онгоцны буудал түр хаагджээ. 1995 онд Кобе хотод 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж зургаан мянга гаруй хүн амиа алдаж байсан юм.

Майк Тайсон 45 кг жин хаялаа

Нэрт боксч Майк Тайсон сүүлийн үед 45 кг жин хаяснаа ярьжээ. Тэрээр ногоогоор хооллогч болсны ачаар ийнхүү турсан байна. “Би амьдралаа өөрчилж, өөр хүн болохыг хүссэн учраас ногоогоор хооллогч болсон юм. Би хар тамхи татахаа больсон, гудамжаар тэнэж, шөнийн клубээр орохоо ч больсон. Одоо гэр бүлийнхээ сайн сайхны төлөө л бүхнийг хийж байна” хэмээн М.Тайсон Boxingscene.com-д ярьжээ. Майк Тайсон хэрхэн “төрөл арилжсан” талаар хэд хоногийн өмнө Опра Уинфри “Тэд хаана явна вэ” нэвтрүүлгээрээ үзүүлсэн билээ.

Дүрвэгсдэд агаарын бөмбөлөг хөөргөхийг зөвшөөрсөнгүй

Хойд Солонгосоос зугтаж ирсэн дүрвэгсэд Пхеньяны лидер Ким Чен Уныг шүүмжилсэн бичиг, ухуулах хуудастай агаарын бөмбөлөг хөөргөх гэсэн боловч Өмнөд Солонгосын цагдаа зөвшөөрсөнгүй. Өмнөд Солонгост амьдардаг дүрвэгсдийн автомашин хоёр улсын хил рүү явж байхад нь цагдаа нар зогсоожээ. Тэд Хойд Солонгосын дэглэмийг шүүмжилсэн агаарын бөмбөлөг хөөргөх гэж байсан аж.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахын тулд Хойд Солонгосыг яриа хэлэлцээнд уриалсан юм. “Тэдний хувьд яриа хэлэлцээний хаалга үргэлж нээлттэй” хэмээн Пак Гын Хе мэдэгджээ.

Иоанн Павелд хөшөө босголоо

Польшид Ромын пап лам II Иоанн Павелд зориулан аварга хөшөө бүтээлээ. Польш пап лам Карол Войтилад зориулсан хөшөөг Ченстохов хотын уулан дээр босгосон байна. Энд католик шашны алдарт Ясна Гура сүм байдаг аж. 14 метр өндөр, цагаан өнгөтэй энэхүү хөшөө нь II Иоанн Павелд зориулан босгосон хамгийн том хөшөө юм. Ромын католик сүмийг 27 жил удирдсан II Иоанн Павел 2005 онд нас барсан билээ.

Пакистанд автобус дэлбэлэв

Пакистаны Пешавар хотод автобусанд дэлбэрэлт болсны улмаас есөн хүн амиа алдаж, долоон хүн шархаджээ. Автобус хүн ихтэй зах дээр ирсний дараа дэлбэрэлт болсон байна. Халдлагад өртөөгүй жолоочийн хэлж буйгаар, тэсрэх бөмбөгийг автобусны суудал дор тавьсан бололтой. Дэлбэрэлтийн хариуцлагыг одоогоор хэн ч хүлээгээгүй ч Пешаварт байнга халдлага үйлддэг “Талибан” хөдөлгөөнийг хардаж байна. Пакистаны арми Хайбер хөндийг талибуудаас чөлөөлөхөөр долоо хоног байлдаж байна.

Билл Гейтс бэлгэвчийг сайжруулна

Тэрбумтан Билл Гейтс бэлгэвчийг сайжруулж, боловсронгуй болгохын тулд нэг сая доллар хандивлахад бэлэн байна. Сүүлийн хагас зуунд энэхүү “нэн хэрэгцээт зүйл” огт сайжирч төгс болоогүй хэмээн тэрээр үзэж байгаа аж. Бэлгэвчний загварыг сайжруулж, бат бөх чанарыг нь нэмэгдүүлэхийн тулд Билл Гейтс харамгүй хандив өргөнө гэдгээ хэлж байна. Тэрээр 2008 оноос хойш энэ асуудалд санаа тавьж 52 оронд 800 гаруй зээл өгсөн ч санасан үр дүнд хүрэхгүй байгаа аж.

Деннис Родман Ким Чен Унтай дахин уулзана

Америкийн сагсан бөмбөгч Деннис Родман ирэх наймдугаар сард Хойд Солонгост дахин очиж Ким Чен Унтай уулзахаар бэлтгэж байна. Хойд Солонгосын залуу лидер, НБА-гийн од хоёрын өмнөх уулзалт өнгөрсөн гуравдугаар сарын эхээр болж Ким Чен Ун түүнийг Пхеньяны удирдагчийн хувиар хүлээн авсан билээ.
Д.Родман “Айлчлал болтол зай ч байна. Бид цагийг зугаатай өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа” гэхээс өөр зүйл ярьсангүй. “Детройт Пистонс”, “Чикаго Буллз” багт тоглож байсан Родман Ким Чен Уныг хүндэлдэг, миний найз хэмээн ярьж байсан удаатай.
“Ким Чен Ун АНУ-тай дайтахыг хүсдэггүй. Тэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа. Б.Обама өөр рүү нь утасдаасай гэж тэр хүсч байна. Энэ үгийг намайг боломжоороо АНУ-ын Ерөнхийлөгчид дамжуулж өгөөрэй гэж хүссэн” хэмээн Деннис Родман ярьжээ. Д.Родман плей-оффийн тоглолтод самбараас бөмбөг авалтаар НБА-гийн түүхэнд тэргүүлдэг билээ.  

Балбын телевизийн хөтлөгч Гиннесийн номд бичигдлээ

Балбын телевизийн хөтлөгч Раби Ламичхан 62 цагийн турш эфирт нэвтрүүлэг хөтөлж аварга амжилтын Гиннесийн номд бичигдлээ. Тэрээр янз бүрийн зочдыг урьж “Будда Балбад төрсөн байх боломжтой юу” сэдвээр яриа өрнүүлжээ. Улстөрчид, сэтгүүлчид болон нэр алдартай хүмүүс Ламичханы нэвтрүүлэгт оролцсоноос гадна телевизийн эфир рүү олон хүн утсаар холбогдож санал бодлоо нэмэрлэжээ.
Аварга амжилтын Гиннесийн номын дүрмийн дагуу Раби нэг цаг нэвтрүүлэг хөтлөөд таван минутын завсарлага авч байлаа. 2011 онд Украины телевизийн нэвтрүүлэгч 52 цагийн турш эфирт нэвтрүүлэг хөтөлж өмнөх рекордыг тогтоож байжээ.

No comments:

Post a Comment