Алтан
цэцэг 1.7 сая долларын үнэтэй
Gold Expo үзэсгэлэн Токиод нээгджээ. Үзэсгэлэнд тавьсан
эд зүйлсийн нийт үнэлгээ 130 сая доллараар үнэлэгдэж байна. Бүх үзмэрийг цэвэр
алтаар хийжээ. Япон цайны өрөө, янз бүрийн гоёл чимэглэл, 120 кг-ийн цул алт
хүртэл байна. Үзэсгэлэнд тавигдсан эд зүйлсийг худалдан авах боломжтой.
30
гр жинтэй лууг 10 мянга, цайны аягыг 75 мянга, алтан утсаар оёсон хуримын
кимоног 500 мянган доллараар авч болно. Харин энэхүү 4.3 кг жинтэй алтан
цэцгийг 1.7 сая доллараар үнэлжээ.
Францын
иргэн барьцаанаас зугтаж чаджээ
2012
оны арваннэгдүгээр сард Афганистанд хулгайлагдаад байсан Францын 29 настай
гэрэл зурагчин Пьер Борги зугтаж чаджээ. Тэрээр тагтай нүхэнд хоригдож байсан ч
бие даан зугтаж чадсан хэмээн Афганистаны Дотоод хэргийн яамнаас мэдэгдлээ.
П.Борги уржигдар Вардак муж дахь Засгийн газрын цэргүүдийн хяналтад байдаг
шалган нэвтрүүлэх цэг дээр очсон байна. Дараагийн өдөр нь түүнийг нийслэл Кабул
хотод авчирч Францын элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ. Пьер Борги арваннэгдүгээр
сарын 28-нд Кабул хотод зэвсэгтэй дөрвөн этгээдэд хулгайлагдсан юм. Афганы эрх
баригчдын үзэж буйгаар, түүнийг гэмт бүлэглэлийн гишүүд хулгайлж, дараа нь “Талибан”
хөдөлгөөнийхэнд зарсан ажээ.
Персийн
буланд томоохон хээрийн сургууль болно
АНУ
болон түүний холбоотнууд тавдугаар сард Персийн буланд томоохон хээрийн
сургуулт хийхээр бэлтгэж байна. Тавдугаар сарын 6-30-нд Бахрейний тэнгист 30
орчим улс орны цэрэг, техник цуглаж далай, тэнгисийн ачаа тээвэрлэлтийн аюулгүй
байдлыг хангах сургуулилт хийх ажээ. Тухайлбал, худалдааны болон нефтийн хөлөг
онгоцнуудын аюулгүй байдлыг хангах, нефтийн боомтуудыг халдлагаас хамгаалах,
далайн миныг цэвэрлэх зэрэг сургуулилтад гол анхаарлаа хандуулах юм. Мина
цэвэрлэгч завь, цэргийн хөлөг онгоц, жолоочгүй хурдан завьнууд Персийн
булангийн хээрийн сургуульд оролцох ажээ.
Кэсон
цогцолбор ажлаа зогсоолоо
Хойд
Солонгос дахь үйлдвэрлэлийн чөлөөт бүс Кэсон үйл ажиллагаагаа зогсоожээ. Пхеньян
урьдчилан мэдэгдэж байсанчлан Хойд Солонгосын ажилчид өчигдөр ажилдаа ирсэнгүй.
Өмнөд Солонгос болон АНУ-тай харилцаа муудсаны улмаас ийм алхам хийсэн
бололтой.
Өмнөд
болон Хойд Солонгосын эдийн засгийн цорын ганц хамтарсан төсөл нь Кэсоны
үйлдвэрлэлийн бүс юм. Уг чөлөөт бүсийг 2004 онд нээсэн бөгөөд тэнд Өмнөд
Солонгосын 123 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Өмнөд Солонгосын 850, Хойд
Солонгосын 54 мянган иргэн Кэсон бүсэд ажилладаг ажээ.
Сири
НҮБ-ын шинжээчдийг хүлээж авсангүй
Сирид
химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг шалгахаар ирсэн НҮБ-ын шинжээчдийг Сирийн эрх
баригчид нутагтаа оруулахаас татгалзжээ. Дамаскийн тал гуравдугаар сарын 19-нд
Алеппо хотод болсон хэрэг явдлыг шалгахыг хүссэн ч НҮБ-ын мэргэжилтнүүд улс
орон даяар шалгалт явуулахыг хүссэн нь ийнхүү эрх баригчдын эсэргүүцэлтэй
тулгарчээ. Алеппо хотод сөрөг хүчний дайчид химийн зэвсэг хэрэглэж 25 хүний аминд
хүрсэн хэмээн мэдэгдэж байна. Харин химийн зэвсгийг Засгийн газрын хүчин
хэрэглэсэн хэмээн босогчид мэдэгдэж байгаа юм.
Тулаанд
130 хүний амь үрэгдэв
Пакистаны
баруун хойд хэсгийн Тирах хөндийд болсон тулалдаанд 100 орчим босогч, Засгийн
газрын 30 цэрэг амь үрэгдлээ хэмээн Исламабадын албаны төлөөлөгч мэдэгдэв. Талибуудын
мэдэлд ороод байсан энэ нутагт Засгийн газрын хүчин хяналтаа тогтоолоо хэмээн
орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Ширүүн тулааны улмаас Тирах хөндийд
амьдардаг 40 мянган иргэн орон гэрээ орхин дүрвэжээ.
АНУ-д
эмэгтэйчүүд эрчүүдээс бага цалин авсаар байна
АНУ-д
эмэгтэйчүүд эрчүүдээс бага цалин авсаар байгааг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах
Үндэсний төвийн судалгаа харуулав. Америк эмэгтэйчүүд эрчүүдээсээ 25 хувиар
бага цалин авч байна. Африк, латинамерик гаралтай эмэгтэйчүүдийн цалин бүр их
ялгаатай байгаа аж. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Үндэсний төв АНУ-д адил
тэгш цалингийн хууль батлагдсаны 50 жилийн ойд зориулж дээрх судалгааг хийжээ.
Нийгмийн бодлогод өөрчлөлт хийхийг ту төв Засгийн газарт хандан уриаллаа.
No comments:
Post a Comment