Сирийн
Ерөнхийлөгч Башар Асад: Сирийн хувь заяаг өөр ямар ч улс орон шийдэх эрхгүй.
Туркийн
“Ulusal” телевиз Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай
уулзаж ярилцжээ.
-Ноён
Ерөнхийлөгч, Таныг алуулсан, эсвэл улс орноо орхин гарсан гэж дэлхийн хэвлэлүүд
бичиж байна. Та амьд, Сирид байгаа гэдэг баталгааг өгч чадах уу?
-Та
намайг харж байгаа биз дээ. Би энд, газар нутаг дээрээ байна. Би газар доорх
оромжид нуугдаагүй. Сирийн ард түмний хүсэл, зоригийг мохоох гэж л ийм цуу яриа
тарааж байгаа юм. Би Оросын цэргийн хөлөг онгоцонд, эсвэл Иранд амьдраагүй. Би
Сирид, үргэлж амьдарсаар ирсэн газар нутаг дээрээ л амьдарч байна.
-Арабын
нэгдлийн орнуудын сүүлчийн хуралдаан дээр танай орны суудлыг хасч сөрөг
хүчнийхэнд өгчихлөө. Тэнд Сирийн хууль ёсны байдлыг нээлттэй хэлэлцлээ. Таныг
хууль бус хэмээн үзэж сөрөг хүчнийг хууль ёсны гэж үзэж байх шиг байна?
-Арабын
нэгдэл өөрөө хууль ёсны биш гэдгийг хэлчихье. Арабын орнуудыг төлөөлдөг энэ байгууллага
арабын ард түмнийг төлөөлөхөө больчихсон. Арабын ард түмний хүсэл сонирхлыг
тусгалгүй, холбирсон байр суурь баримталсаар хууль ёсны байдал нь байхгүй
болчихсон. Тиймээс Арабын нэгдэл хэн нэгний хууль ёсны байдлыг үгүй хийж, нөгөө
нэгд нь өгч байх чадваргүй болчихсон.
-Сирид
сүүлийн хоёр жил зэвсэгт мөргөлдөөн өрнөж байна. АНУ, Франц, Турк болон Персийн
булангийн хэд хэдэн орон сөрөг хүчнийг дэмжиж, таныг огцрох ёстой хэмээн
мэдэгдэж байна. Та огцорч, эсвэл хэн нэгэнд эрх мэдлээ шилжүүлж өгөх тухай
бодож байна уу?
-Гадаадын
ямар нэг улс орон миний эсрэг дуугарахад санаа зовоод байх юм алга. Би бол Сирийн
ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч хэзээ албандаа орж, хэзээ албаа
орхихыг зөвхөн сири хүмүүс л шийднэ. Тэрнээс намайг огцрохыг шаардаж байгаа
гадаадын орнууд үүнийг шийдэхгүй. Эдгээр орнууд үнэхээр Сирид ардчилал бий
болгохыг сонирхоод байна уу? Үнэхээр Сирийн ард түмний урсгаж буй цусанд санаа
зовоод байна уу? Илэн далангүй байя. АНУ-аас эхэлье. Манай бүс нутагт Израиль
улс хэрхэн гэмт хэрэг үйлдэж байгааг тэд дэмжсээр ирсэн. Америкууд Афганистан,
Иракт олон мянган хүнийг алж, шархдуулж, шоронд хийсэн. Франц, Их Британи хоёр
АНУ-аар дэмжүүлж, халхалж Ливид олон хүнийг хөнөөсөн. Эдүгээ Туркийн Засгийн
газар Сирид цус асгарахыг дэмжээд сууж байна. Эдгээр улсууд Сирийн ард түмний
хувь заяанд санаа зовж байна гэж бодож байна уу? Сирийн Ерөнхийлөгчийн хувь
заяаг өөр ямар ч улс орон шийдэх эрхгүй.
-Сирид
болж буй мөргөлдөөнийг гаднаас дэмжиж байгаа хэмээн та хэлж байна. Гэвч биднийг
Дамаскт байхад дэлбэрэлт, буудалт сонсогдож л байна. Яагаад энэ бүхэн Сирид болж
байна вэ?
-Терроризмд
тусладаг улс орнуудын хүрээлэлд бид амьдарч байна. Мэдээж бүх улс орон
санаатайгаар үүнийг хийгээгүй. Ирак байна. Террористууд Сирид нэвтрэхийг тэд
эсэргүүцдэг ч тодорхой шалтгааны улмаас тэд хилээ бүрэн хянаж чадахгүй л байна.
Сирид террористуудыг илгээхийг дэмждэг хүчин Ливанд байна. Эсэргүүцдэг нь ч
байна. Турк бол эдгээр террористуудыг хаацайлж, Сири рүү илгээдэг. Мөн Иорданаар
дамжин орж ирж байна. Хэдэн мянгаараа орж ирсээр байгаа эдгээр террористуудтай бид
тэмцсээр байх болно.
No comments:
Post a Comment