Wednesday, April 10, 2013


Зургийн тайлбар: Ли Ёо Сон


Ли Ёо Сон: Ким Чен Ун биднийг довтолж зүрхлэхгүй биз

Солонгосын дайн дуусаад 60 жил өнгөрөхөд 38-р өргөргийн хоёр талд 10 сая гэр бүл хуваагдаж салсан хэвээр байна. Улаан загалмайн нийгэмлэгийн буянаар салсан гэр бүлийн гишүүдийг уулзуулах ажил зохиож байсан ч Сөүл, Пхеньяны хоорондох хямралаас болж олон жилийн өмнөөс энэ уулзалт тасарчээ. Хоёр улсын хооронд харилцаа холбооны систем байхгүй тул хувь заяаны эрхээр салсан хүмүүс гэр бүл, хамаатан садныхаа талаар юу ч мэдэхгүй.
Эдүгээ 85 настай Ли Ёо Сон хоёр Солонгосын дайны үеэр эхнэр, хүүхдээ орхин өмнөд рүү зугтжээ. Тэр цагаас хойш тэрээр эхнэр, хүүхэдтэйгээ дахиж уулзаагүй юм. “Би айлын ганц хүү байсан болохоор эцэг эх минь намайг 25 хүрэхээс өмнө зугтаж, алуулахаас зайлсхийж, гэр бүлийнхээ овгийг аварч үлдэхийг шаардсан” хэмээн хойд нутгаас гаралтай хөгшин өгүүлж байна. Түүнийг 17 байхад нь эцэг эх нь үеийн охинтой нь гэрлүүлжээ. “Хойд нутагт амьдрал маш хэцүү байсан. Армийн цэргүүд ургацын 60 хувийг аваад явдаг байсан болохоор тариачид хоол хүнсээ нуух хэрэгтэй болдог байсан” хэмээн Ли Ёо Сон ярилаа.
Эргийн Хван Хае мужид тариачны гэр бүлд төрсөн Ли загасчны завиар өнөөдөр Өмнөд Солонгост харъяалагдаж байгаа Ионпеон арал руу зугтжээ. Хэдийгээр түүний хуучин гэр аравхан км-ийн цаана байдаг ч тэрээр хэзээ ч буцаж очиж, эхнэр, тэр үед найман настай байсан хүүтэйгээ уулзаж чадаагүй юм. Энэ их харамсалтай ч би тэднийгээ үргэлж сэтгэл зүрхэндээ хадгалж явдаг. Одоо тэд нарыгаа харвал танихгүй биз” хэмээн Хойд Солонгосын нутгийг алсаас саравчлан харж буй Ли Ёо Сон өгүүлэв. Тэрээр дайнд оролцож явжээ. Цэрэгт элсч, АНУ-ын цэргүүдэд сумыг нь зөөж өгч, шөнөөр зам харгуй гаргадаг байв. “Дайн бол хамгийн харгис, хүний ямар ч зан чанараас хол утга учиргүй зүйл. Анд найзууд чиний өмнө амиа алдахыг харах хамгийн хэцүү” хэмээн Ли хэлж байна.
Солонгосын хойг Японд эзлэгдсэн байх үед Ли Ёо Сон сургуульд жаахан явсан болоод хөдөө амьдардаг эцэг эхдээ туслахаар очжээ. “Тэр үед ардчилал, Хойдын коммунист дэглэмийн хооронд тэмцэл өрнөж байгааг би мэддэг байсан. Биднийг Ким Ир Сений төлөө тэмцэхийг уриалж, ухуулдаг байлаа” хэмээн тэрээр ярилаа. “Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун биднийг довтолж зүрхлэхгүй гэж бодож байна. Гэхдээ тэр их залуу болохоор үр дагаварыг нь тооцохгүй гоомой хөдөлж болох л юм. Тэд 2010 оны арваннэгдүгээр сард манай арал руу буудаж хоёр цэрэг, хоёр иргэний аминд хүрч байсан. Биднийг дахин буудах юм бол бид хариуг нь барьж магадгүй бүгдээрээ үхэж болох дайн дэгдэнэ. Гэхдээ тэд үүнийг хийхгүй байх. Яагаад гэвэл тэд ч бас амьдрахыг хүсч байгаа” хэмээн Ли Ёо Сон онцоллоо.
Ли Ёо Сон дайн дууссаны дараа хөдөө аж ахуйд ажиллаж, хойд нутгаас зугтаж ирсэн бас нэг бүсгүйтэй гэрлэж таван хүүхэдтэй болжээ. Тэдний нэг хүүхэд нь Ионпеон арал дээр Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэгт алба хашдаг бөгөөд эдүгээ байнгын бэлэн байдалд байдаг аж. Сөүлийн Засгийн газар 2200 хүнтэй арлаа хамгаалж үлдэхийн тулд Ли мэтийн ажилгүй, хөгшин хөвөө хүмүүсийг дайчилж иргэний бригад байгуулан өдрийн 40 мянган воны (27 евро) хөлстэйгээр цэвэрлэгээ, дахин ашиглах түүхий эдийн үйлдвэрт ажиллуулж байгаа аж. “Дайны цагийн байдалд ажилласаар байгаад сурчихаж. Одоо дайны түгшүүрээс айхаа больчихсон” хэмээн тэрээр өгүүлэв.
Өмнөд Солонгосын Засгийн газар Хойд Солонгосоос аравхан км-ийн зайд байдаг дээрх арлаас гадна 38-р өргөргийн хилийн цэргийн бүс дотор хоёр ч иргэний тосгоныг хадгалсаар байдаг. Цэрэггүй бүс дотор 200 оршин суугчтай Даэсон Донг (Эрх чөлөөний ард түмэн) хэмээх тосгон бий. Тус тосгоын иргэд 24 цагийн турш америк, өмнөд солонгос цэргийн хамгаалалтад байдаг. Дэлхийн хамгийн аюултай газар амьдардгийнхөө төлөө эдгээр иргэд татвар төлдөггүй, заавал хаах хоёр жилийн цэргийн албанаас чөлөөлөгдсөн байдаг аж. Гэвч 23.00 цагаас хойш гэрээсээ гарахыг хориглодог. Мөн Тонгилчон (Эв нэгдлийн ард түмэн) хэмээх Өмнөд Солонгосын дарангуйлагч Парк Чун Хи (өнөөгийн Ерөнхийлөгч, хатагтай Парк Ген Хёгийн эцэг)-гийн зарлигаар байгуулсан 500 оршин суугчтай тосгон бий. “Бидэнд үнэгүй байшин, трактор, ногоо тарих нэг га газар өгсөн” хэмээн Тонгилчон тосгоны иргэн Ким Сун Жо ярив. Амьдралынхаа ихэнх хэсгийг энэ тосгонд өнгөрүүлсэн 70 настай тэрээр “Бид түгшүүр дунд амьдарсаар байгаад айдас гэдгийг мэдэхээ больсон” хэмээн онцоллоо.

"АВС"

No comments:

Post a Comment