Гэлэнмаа сүмийн мөнгөөр казино тоглодог байжээ
АНУ дахь католик сүмийн гэлэнмаа, 68 настай Мэри Энн
сүмийн өргөлийн мөнгөөр казино тоглож алдсан гэдгээ шүүх дээр хүлээн
зөвшөөрчээ. Тэрээр 2006-2011 онд хоёр ч сүмийн өргөлийн мөнгийг хувьдаа завшиж
наргижээ. Мэри Энн 130 мянган долларыг казинод алдсан хэмээн мэдүүлж байна. Аудитын
шалгалт сүмд орж, өргөлийн мөнгө дутагдсаныг илрүүлсны дараа гэлэнмааг
баривчилсан байна. Тэрээр хамгийн багадаа зургаан сар хоригдож, учруулсан
хохирлоо төлөх хэрэгтэй болов. 2011 онд 65 настай гэлэнмаа Мария Торнтон мөн
сүмийн 850 мянган доллараар казино тоглосон хэргээр шүүхийн сандалд шилжиж
байсан юм.
Хятадын тал Хойд Солонгостой залгаа хилээ хаалаа
Хятадын эрх баригчид Хойд Солонгостой залгаа хилээр
жуулчдыг нэвтрүүлэхээ зогсоожээ. “Аялал жуулчлалын агентлагууд Хойд Солонгос
руу жуулчин илгээж болохгүй. Пхеньян гадаадын иргэдийг улс орноосоо гарахыг
шаардаж байгаа” хэмээн Хятадын хилийн албаны төлөөлөгч мэдэгдсэн байна. Харин
ажил хэргээр зорчиж буй хүмүүст Хойд Солонгосын хил нээлттэй байгаа аж. Өчигдөр
Хойд Солонгосын тал гадаадын иргэдийг Өмнөд Солонгосоос гарахыг сануулсан юм.
Мөн Пхеньян дахь гадаадын элчин сайдын яамны ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж
чадахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Францад ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөв
Францын парламентын дээд танхим ижил хүйстэн хосуудыг
гэрлэх, хүүхэд үрчлэхийг зөвшөөрсөн хуулийг дэмжин баталлаа. Хуулийн төслийг
179 депутат дэмжиж, 157 депутат эсэргүүцжээ. Шинэ хуульд хүүхэд үрчлэхтэй
холбоотой зохих өөрчлөлтүүдийг оруулсны дараа тавдугаар сарын сүүлчээс эхлэн
хүчин төгөлдөр үйлчилж эхлэх аж. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд ижил
хүйстний гэрлэлтийг хууль ёсны болгоно хэмээн сонгуулийн өмнө амлаж байсан
билээ.
Лам нар хонин сүргийг чононоос хамгаална
Шведэд хонин сүргийг чононоос хамгаалах ажилд лам нарыг
дайчлахаар болжээ.
Чоныг айлгаж үргээхэд төрөлхийн дайчин чанартай лам нар
тусална хэмээн үзсэн байна.
“Шведийн өмнөд нутагт чонын тоо толгой өсч, фермерүүдийн
хонийг идэх нь ихэслээ. Хонийг араатнаас
хамгаалахад лам нар чухал хувь нэмэр оруулна гэж бодож байна. Лам нар 150 кг
орчим жинтэй, төрөлхийн хамгаалах зөн сайтай, чонын эсрэг яаж тулахаа мэднэ”
хэмээн Сконе мужийн байгаль хамгаалагч Нилс Карлссон ярилаа. АНУ-д хонин
сүргийг харж хамгаалахдаа лам нарыг ашигладаг. Койот хэмээх чонотой газар хонин
сүргийн дотор лам нарыг оруулж, чоныг айлгахад ашигладаг ажээ.
Газар хөдлөлт гурван хотыг сүйтгэв
Ираны өмнөд нутагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж
Бушер мужийн гурван хотыг газрын хөрснөөс арчаад байна. 10 мянган хүнтэй Каки
хот хамгийн их хохирол амсчээ. Нийтдээ 50 мянган оршин суугчтай Хормуж, Кенган
хот ихээхэн сүйдсэн байна. Хормуж хот орчимд байдаг хоёр тосгон газартай
тэгшлэгджээ. Газар хөдлөлтөд 37 хүн амиа алдаж, 600 гаруй хүн бэртээд байна.
Дэлхийн хамгийн баян еврейчүүд хэн бэ
Forbes сэтгүүлийн израиль хувилбар хамгийн баян 150 еврейн жагсаалтыг гаргажээ. Oracle компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон 36 ьэрббум долларын хөрөнгөөр
жагсаалтыг тэргүүлсэн байна. Эллисоны эцэг нь итали-америк, эх нь еврей хүн юм.
Тэрээр Чикагод бага насаа өнгөрүүлж, дараа нь Калифорнид ирж суурьшаад Oracle компаний байгуулан баяжсан аж. Хоёрдугаар байрт мөрийтэй тоглоомын магнат, “Исраель
Хайом” сонины эзэн Шелдон Аделсон орлоо. Түүний хөрөнгө 25 тэрбум доллараар
үнлэгдэж байна. Нью-йорк хотын дарга Майкл Блумберг 22 тэрбумын хөрөнгөөрөө
эхний гуравт багтсан байна. Араас нь интернэтийн ертөнцөд гайхалтай амжилт олж
байгаа Google-ийн босс Сергей Брин, Ларри Пейж, Facebook-ийг санаачлагч Марк Цукерберг нар жагсчээ. Наймдугаар байрт Microsoft-ийн ерөнхий захирал Стив Балмер бичигдсэн байна.
Оросын тэрбумтан Михаил Прохоров 13.2 тэрбум, Роман
Абрамович 12 тэрбум долларын хөрөнгөөр баян еврейчүүдийн жагсаалтад дээгүүр
бичигджээ. 150 тэрбумтан еврей үндэстний 14 нь израиль хүн байна. Израилийн
хөлөг онгоцны үйлдвэрлэлийн магнат Сэмми Оферийн хүү Идан Офер израильчуудаа
хөрөнгө чинээгээрээ тэргүүлж байгаа аж. Түүний хөрөнгө 10 тэрбум доллараар
үнэлэгдэж байна. 150 баяны дийлэнх нь буюу 99 нь АНУ-д амьдарч байна. Еврей
баячуудын нэлээд хэсэг нь эрчим хүч, үйлдвэрлэлийн салбарт томоохон бизнес
эрхэлж байгаа аж. Зарим нь үл хөдлөх хөрөнгө, өндөр технологийн салбарт хөрөнгө
оруулж баяжсан ажээ. Зөвхөн цөөн хэдэн хүн өв залгамжлах замаар тэрбумтан
болсон юм. Баян еврейчүүдийн нийт хөрөнгө 667 тэрбум долларт хүрч байна.
No comments:
Post a Comment