АНУ Сирийн сөрөг хүчинд үзүүлэх тусламжаа хоёр дахин
нэмэгдүүлнэ
АНУ Сирийн сөрөг хүчинд үзүүлэх тусламжийнхаа хэмжээг
хоёр дахин нэмэгдүүлж 250 сая долларт хүргэхээр болсон тухай АНУ-ын Төрийн
нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ. Стамбул хотноо “Сирийн нөхөд” бүлгийн
уулзалтад оролцсон Ж.Керри “Сирийн сөрөг хүчинд зөвхөн эм бэлдмэл, хоол хүнс
бус, мөн бусад зүйлээр туслана” хэмээн онцоллоо. Вашингтон Сирийн босогчдод сум
үл нэвтрэх хантааз, хуягт техник, шөнийн дуран, харилцаа холбооны хэрэгсэл
нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай Америкийн хэвлэлүүдэд бичжээ. Сөрөг
хүчнийхэн зэвсэг нийлүүлэхийг хүссэн ч америкууд татгалзасан аж.
“Сирийн мөргөлдөөн хил хязгаараа давж, хөрш орнуудаа
заналхийлэх боллоо. Цус асгаралтыг зогсоох ёстой. Бусад улс орнууд хувь нэмрээ
оруулж, Сирийн сөрөг хүчинд үзүүлдэг тусламжийн нийт хэмжээг тэрбум долларт
хүргэх хэрэгтэй байна” хэмээн Жон Керри уриалав. АНУ Сирийн дүрвэгсдийн хоол
хүнсэнд дахин 25 сая доллар хандивлахаар болжээ. НҮБ-ын Дэлхийн хүнсний
хөтөлбөр энэ тусламжийг түгээх юм.
Цасан нурангид таван хүн амиа алджээ
АНУ-ын Колорадо мужийн ууланд сноубордоор гулгаж байсан
таван хүн амиа алдлаа хэмээн The Denver Post сонин мэдээлэв. Сноубордын
тамирчид цасан нурангид өртөн амь насаа алджээ. Нэг тамирчныг цасан дороос
гаргаж амийг нь аварчээ. Сноубордын тамирчид гулгахыг зөвшөөрсөн бүсээс гадна
байсан хэмээн цагдаагийн газраас мэдэгдэв.
Бостоны марафон дэр бөмбөг дэлбэлсэн этгээдийг
баривчилжээ
Бостоны марафоны үеэр бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж
байсан Жохар Царнаевийг баривчилжээ. Бостоны цагдаагийн газар энэ тухай албан
ёсоор мэдээлсэн байна. Зарим мэдээллээр, Царнаевийг шархдуулан баривчилсан
бололтой. Хоолойндоо шархадсан тэрбээр одоогоор ярьж чадахгүй байгаа аж.
Дөрөвдүгээр сарын 19-нд түүний ах Тамерлан цагдаа нартай
буудалцаж байгаад алуулсан юм. Жохар Царнаевийг бүтэн хоног эрж хайсны эцэст
Бостон дагуул хот Уотертауны нэгэн байшингийн ард завинд нуугдсан байхад нь олж
баривчилсан байна. ОХУ-ын Дагестанаас АНУ-д ирсэн, чечень үндэстэн ах дүү
Царнаевийг дөрөвдүгээр сарын 15-нд Бостоны марафон дээр халдлага үйлдсэн
хэргийн гол сэжигтнээр нэрлэж байна. Уг халдлагын улмаас гурван хүн амиа алдаж,
180 хүн шархадсан юм.
Ж.Наполитано дахин Италийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Италийн парламент улс орны өнөөгийн Ерөнхийлөгч Жоржо
Наполитаног дахин Ерөнхийлөгчөөр сонгожээ. Парламент улс орны Ерөнхийлөгчийг
сонгох гэж таван удаа оролдоод бүтэлгүйтсэний дараа Ж.Наполитано нэрээ
дэвшүүлэхийг зөвшөөрчээ. 87 настай Наполитано парламентын гишүүдийн олонхийн
саналыг авч чадсан байна.
Ийнхүү Жоржо Наполитано Италийн Ерөнхийлөгчөөр зургаа дахь
удаагаа сонгогдоод байна. Тэрээр Италийн улс төрийг хямралаас гаргах үүрэг
хүлээж байгаа аж. Зүүний төвийн лидер Пьерлуижи Берсани Италийн Ардчилсан намын
лидерийн суудлаа орхино хэмээн мэдэгджээ. Түүний нам сонгуульд ялсан ч Засгийн
газраа бүрдүүлж чадахгүй байгаа билээ.
Домогт хоккейчин Вячеслав Фетисов 55 хүрлээ
Зөвлөлтийн, Оросын суут хоккейчин, гавъяат дасгалжуулагч Вячеслав
Фетисов 55 нас хүрчээ. ЗХУ-ын шигшээ баг, ЦСКА-гийн ахлагч В.Фетисов Үндэсний
хоккейн лиг болон Олон улсын хоккейн холбооны Алдрын танхимд нэрээ мөнхөлж,
Олон улсын хоккейн холбооны Зуун жилийн билэгдлийн шигшээд багтаж байв.
Фетисов 1978, 1981,
1983, 1986, 1989, 1990 онд дэлхийн аварга, 1984, 1988 онд олимпийн аварга,
1977-1989 онд ЗХУ-ын аварга, 1981 онд Канадын цомын аварга, 1997, 1998 онд
Стэнлийн цомын аварга болж байв. Мөн арав гаруй удаа Европын аварга болжээ.
Нэрт хоккейчин 2008 оноос хойш Приморийн хязгаараас Холбооны зөвлөлийн
гишүүнээр сонгогдож, Биеийн тамир, спорт, олимпийн хөгжлийн хорооны даргаар
ажиллаж байна.
Ангараг дээр амьдрах хүмүүсийг бүртгэнэ
Голландын Mars One байгууллага
Ангараг гариг дээр шилжин суурьших сайн дурын хүмүүсийг мөдхөн бүртгэж эхлэх
гэж байна. Тус байгууллага Улаан гариг дээр хүмүүсийн колонийг бий болгохоор
зэхэж байгаа бөгөөд тэнд очсон хүмүүс эх дэлхий рүүгээ хэзээ буцаж ирэхгүй аж.
Учир нь Ангараг дээр суурьшсан хүмүүс бие махбодийн хувьд газрын таталцах
хүчтэй дахин зохицох чадваргүй болох ажээ.
Mars One компани
Ангараг дахь суурингийн хүмүүсийг сонгон шалгаруулахын тулд реалити-шоу зохион
байгуулах бололтой. Ангарагийг колоничлогчид шинэ нөхцөл байдалд амархан дасан
зохицох чадвартай, тэсвэр хатуужилтай, зохион бүтээгч, багаар ажиллах авъяастай
байх ёстой. Сонгон шалгаруулалтаас гарч ирсэн хүмүүсийг Ангарагийг байлдан
дагуулахад бүрэн бэлэн болгохын тулд бие, сэтгэлийн бэлтгэлд хамруулах ажээ.
Лондоны марафоны хамгаалалтыг 40 хувь нэмнэ
No comments:
Post a Comment