Хятадын баруун хязгаарт бослого дэгджээ
Хятадын Шинжаан-Уйгурын автономит бүсэд хууль
сахиулах байгууллагын ажилтнууд болон нууц хөдөлгөөнийхний хооронд зэвсэгт
мөргөлдөөн болж 21 хүн амиа алдаад байна. Цагдаа нар тэдний орон гэрт нэгжлэг
хийх үеэр тулаан болжээ. Бослого гаргагчид нь хэн байсан талаар Бээжингийн эрх
баригчид дуугарсангүй. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, үндэстний цөөнх
болсон уйгурууд болон хятадуудын хооронд мөргөлдөөн болсон аж. Хятадын эрх
баригчдын дарамт шахалтад эгдүүцсэн уйгурууд лалын хэт даврагчдын нөлөөнд автах
нь улам их болоод байгаа юм.
Сүүлийн хэдэн жил бүс нутгийн уугуул иргэд болох
уйгурууд нэг бус удаа бослого дэгдээсэн Шинжаанд хямрал, хурцадмал байдал
хадгалагдсаар байна. Автономит бүс нутгийн Засгийн газрын мэдээллийн албаны
төлөөлөгч мэдэгдсэнээр, өнгөрсөн мягмар гаригийн зэвсэгт мөргөлдөөнд 21 хүн
амиа алджээ. Хятадын албаны эх сурвалжууд бүрэн бус мэдээлэл цацаж байна. Кашгар
тойргийн Бачу хошуунд цагдаа нар зэвсэг хадгалж байгаа гэх нэгэн айлд нэгжлэг
хийж эхэлсний дараа буудалцаан эхэлжээ. 15 цагдаагийн болон нийгмийн ажилтан
амь үрэгджээ. “Дээрмийн бүлэг”-ийн зургаан гишүүн алуулсан байна. Найман хүнийг
баривчлав. Засгийн газрын интернэт сайтад Шинжаанд болсон хэрэг явдлыг “Террорист
хүчирхийллийн хэрэг” хэмээн нэрлэжээ.
Уйгурууд Шинжааны хүн амын дийлэнх олонх буюу 80
орчим хувийг бүрдүүлж байсан билээ. Гэвч 1949 онд Маогийн коммунист зэвсэгт
хүчний хяналтад шилжсэний дараа Хятадын хан үндэстний урсгал Шинжаан руу
чиглэжээ. Бээжингийн Засгийн газрын саяхны баримтаар, эдүгээ уйгурууд Шинжааны
хүн амын 46, хан үндэстэн 40 хувийг бүрдүүлж байна. Шинжааны нийт хүн ам 22
саяаар тоологдож байна. 2009 оны долдугаар сард бүс нутгийн нийслэл Урумч хотод
сүүлийн жилүүдэд гараагүй томоохон үндэстэн хоорондын мөргөлдөөн болсон юм. Энэ
бослогын үеэр хятадууд голдуу 197 хүн амиа алдсан билээ. Үүний хариуд эрх
баригчид уйгуруудын амьдардаг байшин барилгыг нэгжиж, өргөн баривчилгаа
явуулсан юм. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр 20 орчим уйгур үндэстнийг 2009
оны бослогын хэргээр таван жилээс бүх насаар нь хорих хүртэл ялаар шийтгэжээ.
Тэднийг “Шашны хэт даврах үзэл, террорист хүчирхийллийг дэвэргэж, салан
тусгаарлах үзлийг өдөөсөн террорист үйлдлийг удирдсан, зохион байгуулсан”
хэмээн үзсэн байна.
Алс Дорнодын хүрээлэнгийн мэргэжилтэн Александр
Ларин “Шинжаан дахь үндсэрхэг, салан тусгаарлагч хөдөлгөөн Хятадын Засгийн
газрын байнгын толгойны өвчин болж байна. Эрх баригчид энэ үзлийг нухчин
дарахын тулд энхийн ч, хүчирхийллийн ч аргыг хэрэглэхэд хүрч байна. Тэд ард
иргэдийн амьдралыг сайжруулахаасаа илүү итгэл, үнэмшлийг нь хянах, хязгаарлахыг
эрмэлзэж байна. Уйгурууд гадуурхагдаж, хавчигдсан хэвээр байна. ЗХУ задрахаас
өмнө хэд хэдэн бүгд найрамдах улсад ийм нөхцөл байдал бий болчихоод байсан”
хэмээн ярилаа.
Гадаадад үйл ажиллагаа явуулдаг уйгуруудын
байгууллага Шинжаан дахь салан тусгаарлах үзлийг дэвэргэдэг нь нууц биш. Зарим
нь шууд терроризмд уриалж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Тэр тусмаа
Дорнод Туркестаны Лалын хөдөлгөөн хэмээх байгууллага Шинжаан дахь уйгуруудыг
Бээжингийн эрх баригчдын эсрэг шууд халдлага, дэлбэрэлт үйлдэхийг уриалж байна.
Гадаадад төвлөрч үйл ажиллагаа явуулдаг энэ хөдөлгөөнийг БНХАУ төдийгүй АНУ,
НҮБ алан хядагч байгуулага хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ.
No comments:
Post a Comment