Sunday, April 21, 2013







Нигерийн арми, лалын босогчдын хоорондох тулаанд 185 хүн амь үрэгдэв

Нигерийн баруун хойд нутагт Засгийн газрын арми болон босогчдын хооронд ширүүн тулаан болж дор хаяж 185 хүн амиа алдаад байна хэмээн “АР” агентлаг мэдээлэв. Тулаанд эрсэдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй хэмээн армийн төлөөлөгч ярилаа. Түүний баталж буйгаар, лалын босогчид энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглажээ.
Сүүлийн жилүүдэд Нигерийн хойд болон зүүн хэсэгт лалын “Боко Харам” бүлэг идэвхтэй ажиллагаа явуулж, олон зуун хүний амь насанд хүрсэн халдлагууд зохион байгуулсан юм. Тэд Нигерид лалын шариатын улсыг байгуулахаар тэмцэж байна.

Парагвайд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо

Парагвайн Ерөнхийлөгчийн сонгуульд Консерватив намаас өрсөлдсөн бизнесмэн Орасио Картес ялалт байгуулжээ. Тэрээр ойрын өрсөлдөгчөөсөө 10 хувиар илүү санал авсан байна. Энэ тухай тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв. Либерал ардчилсан намын нэр дэвшигч Эфраин Алегре ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр эрх баригч намаас өрсөлдсөн ч ялалт байгуулж чадсангүй.

Амь үрэгдсэн хүний тоо 208-д хүрчээ

Хятадын Сычуань мужид болосн газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 208-д хүрчээ. Өнгөрсөн бямба гаригт 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт Сычуаньд болсон юм. 184 хүн амиа алдаж, 24 хүн сураггүй алга болоод байна. Байгалийн гамшгийн улмаас 11 мянга 826 хүн гэмтэж бэртлээ хэмээн “Синхуа” агентлаг мэдээлэв.

23 цагдаад тус бүр 156 жилийн ял оноолоо

Бразилийн шүүх “Карандиру” шоронд 13 хоригдлыг хөнөөсөн 23 цагдаад тус бүрт нь 156 жилийн хорих ял оноолоо. 1992 онд тус шоронд бослого гарахад цагдаа нар 13 хоригдлыг алсан юм. Тэр онд “Карандиру” шоронд нийтдээ 111 хоригдол амиа алдсан билээ. Цагдаа нарын өмгөөлөгчид энэ шийдвэрийг давж заалдана хэмээн мэдэгдэв. Учир нь Бразилийн хуулиар, 30-аас илүү жилээр шоронд хорихыг зөвшөөрдөггүй ажээ.

Афганистанд 74 эмэгтэй сурагчийг хордуулав

Афганистанд 74 эмэгтэй сурагч сургууль дээрээ хорт хийнд хордож бие нь мууджээ. Эмч нар ямар хийгээр хордуулсныг шалгаж байна. “Эмэгтэй сурагчид сургууль дээрээ хийнд хордсон. Үл таних хоёр этгээд хий цацаад зугтаасан” хэмээн сургуулийн эмч ярилаа. 2013 он гарсаар Афганд эмэгтэй сурагчдыг довтолсон дөрөв дэх тохиолдол нь болж байна. 2001 онд талибуудыг эрх мэдлээс зайлуулсны дараа эмэгтэй хүүхдүүд сургуульд явах эрхтэй болсон юм. Үүнд эгдүүцсэн талибууд эмэгтэй сурагчдыг довтолсон хэвээр байна.  

Гуантанамод өлсгөлөн зарласан хоригдлыг тоо 84-д хүрчээ

Гуантанамо дахь Америкийн цэргийн баазын шоронд өлсгөлөн зарласан хоригдлын тоо 84-д хүрээд байна хэмээн Sky News албаны эх сурвалжаас иш татан мэдээлэв. “166 хоригдлын 84 нь өлсгөлөн зарлаад байна. Таван хоригдлын бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн” хэмээн АНУ-ын албаны төлөөлөгч ярилаа.
Гуантанамо дахь өлсгөлөн хоёрдугаар сард эхэлсэн юм. Хоригдлууд шоронгийн нөхцөл муу байна, хуягууд хүндэтгэлгүй, харгис хэрцгий харилцаж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Зарим өмгөөлөгчийн мэдэгдэж буйгаар, Америкийнг цэргийн баазын шоронд ямар нэг хэрэгт буруутгагдалгүй 10 гаруй жил хоригдож байгаа хүмүүс байгаа ажээ.

No comments:

Post a Comment