Tuesday, April 16, 2013




И.Титогийн төмөр авдарт 30 тн алт байж магадгүй

Социалист Югослав улсын лидер Иосип Броз Титогийн хувийн эд зүйлстэй төмөр авдрыг нээснээр түүний түүх хууль ёсны дагуу үргэлжилж байна. Титогийн өв хөрөнгө дотор 30 тн алт болон бусад үнэт эд зүйлс байж магадгүй хэмээн Сербийн Danas сонинд бичжээ. Тус сониныхон 1980 оны тавдугаар сарын 4-нд Иосип Титог нас барсны дараа албан өргөөнийх нь эд зүйлсийг дансалж цэгцэлсэн жагсаалтад дүн шинжилгээ хийсний дараа ийнхүү таамагласан байна. Экс удирдагчийн төмөр авдарнаас гарах үнэт зүйлсийн зарим хэсгийг дахин хэвэнд цутгаж Сербийн Үндэсний банкны алтан нөөцөд авна хэмээн ажиглагчид үзэж байна. Зарим хэсгийг нь дуудлагаар худалдах бололтой.
33 жилийн өмнө дансалсан эд зүйлсийн жагсаалт эдүгээ төмөр авдарт байгаа зүйлстэй бүрэн давхцахгүй байж болох ажээ. 1980 онд бүртгэж авсан дансаар, нийт 30 тн жин татах нунтаг болон цутгамал алт, 2600 ширхэг алтан зоос, алтан болон үнэт чулуун 149 эд зүйл, Каражоржевичийн хаант улсын үед хамаарах 13 одон, алт, бусад үнэт металлаар хийсэн 251 шагнал, пайз, 1300 ширхэг зоос, 18 ширхэг мөнгөн аяга тавагны иж бүрдэл, бэлнээр 26 мянган америк доллар, 36 мянган герман марк, 2200 дани крон байсан аж.
И.Титогийн төмөр авдарнаас юу гарч ирэхийг Серб орон даяар чих тавин хүлээж байна. Титогийн хувийн эд зүйлсийг ил болгож, дахин хуваарилах ажлыг Белградын нэгдүгээр үндсэн шүүх гүйцэтгэж байгаа хэмээн Сербийн Ерөнхийлөгч Томислав Николичийн томилсон тусгай комиссын гишүүн Оливер Антич мэдэгдлээ. Төмөр авдарнаас гарах өв хөрөнгийн нэг хэсэг нь түүний төрөл төрөгсдөд, нөгөө хэсэг нь улсын сан хөмрөгт орох бололтой.
Социалист Югослав улсыг 1945 оноос хойш ээлж халаагүй 35 жил удирдсан Иосип Броз Тито 1980 онд 87 насандаа Любляна хотод өөд болсон юм. Титог нас барангуут Югославын парламентаас томилсон комисс Белград дахь түүний өргөөний эд зүйлсийг тоолж данслан Үндэсний банкинд хадгалуулсан билээ. Тэр цагаас хойш экс удирдагчийн төмөр авдарт хэн ч хүрсэнгүй. Сербийн өмнөх эрх баригчид экс социалист удирдагчийн өв хөрөнгийг зүгээр л мартаж орхисон байж магадгүй. Эсвэл Титогийн төмөр авдар улсын чухал нууцтай холбоотой байсныг мэдээд энэ сэдвийг зориудаар босгож ирэхгүй “хав дарж” байсан хэмээн зарим нь үзэж байгаа аж.

No comments:

Post a Comment