Sunday, April 21, 2013





Элисардо Санчес: Өөрчлөгдөж байна гэсэн хуурамч дохиог дэлхий дахинд өгөхөөс цаашгүй

Эдүгээ 69 настай Элисардо Санчес Кастрогийн дэглэмийн эсрэг 45 жилийн турш “хүчирхийллийн бус” аргаар тэмцэж байгаа эрх чөлөөний арлын хамгийн зартай тэрс үзэлтэн юм. Тэрээр Гаванын их сургуульд марксист гүн ухааны багш байсан цагаасаа л зүүний үзэлтэй сөрөг хүчний бүлгийг байгуулжээ. Куба дахь хүний эрхийн төлөө тэмцэж ирсэн нэртэй тэрс үзэлтэн Э.Санчес гурван удаа шоронд орж, найман жилийг торны цаана өнгөрүүлжээ. 1987 онд улс төрийн экс хоригдлуудын хамтаар Кубын хүний эрх, үндэсний эвлэрийн хороог байгуулсан байна. Элисардо Санчес гадаад руу аялах гэж сүүлийн 11 жилийн туршид 12 удаа оролдоод чадаагүй юм. Гэвч саяхан батлагдсан Кубын цагаачлалын шинэ хуулийн ачаар гадаадад айлчлах боломжтой болжээ. Тэрээр мөдхөн Испанид очиж, Кубад улс төр, иргэний эрх хэрхэн зөрчигдөж буй талаар илтгэл тавих гэж байна. “АВС” сонин Элисардо Санчестай утсаар холбогдож ярилцжээ.

-Куба дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дүгнэж хэлбэл...?

-Харамсалтай нь энд хүний эрхийн нөхцөл байдал маш муу байна. Ойрын үед сайжрах шинж ажиглагдахгүй байна.

-Венесуэльд Николас Мадуро үл ялиг давуугаар ялалт байгуулсан нь тэдний нефть болон мөнгөөр амьдарч байгаа Кубад өөрчлөлт шинэчлэлийг түргэсгэх болов уу?

-Венесуэльд болж буй үйл явдал Кубад нөлөөлөх нь зайлшгүй. Чавизмийн нөлөө өнөөг хүртэл хүний эрхийн талбар дээр чихгүй, нүдгүй байсаар ирлээ. Каракасын түрүүчийн ч, өнөөгийн ч Засгийн газрын хөтөлбөрт Куба дахь хүний эрхийн байдалд анхаарал хандуулсан зүйл байхгүй. Тэд олон жилийн турш Кубын тоталитар дэглэмийг дэмжиж ирсэн.

-Чавизм төгссөнөөр Кастризмийн төгсгөл ирэх үү?

-Толгойлогчид алга болоход үзэл суртал нь алга болдог. Энэ их аз юм даа.

-Каракасын Засгийн газрын ард Гаванын эрх баригчид байна уу?

-Тэд нэг нэгнээ дэмждэг нь эргэлзээгүй, гэвч ялгаа байна. Куба нь испани хэлт улсуудын дотроос иргэний, улс төрийн эрх хамгийн их зөрчигдсөн газар. Венесуэльд олон бэрхшээл, асуудал байгаа ч сонгууль явуулдаг, хэвлэлийн эрх чөлөөг зөвшөөрдөг нээлттэй нийгэм тэнд байсаар байна.

-Цагаачлалын шинэ хууль, эдийн засгийн болгоомжтой өөрчлөлтүүд... Куба улс хөдөлгөөнд орж буй шинж тэмдэг мөн үү?

-Кубад ямар ч шинэчлэл болоогүй, цагаачлалын ч, эдийн засгийн ч шинэчлэл болоогүй. Эдгээр нь их хязгаарлагдмал, оройтсон, гүнзгий биш өөрчлөлтүүд юм. Өөрчлөгдөж байна гэсэн хуурамч дохиог дэлхий дахинд өгөхөөс цаашгүй юм болж байна.

-Гэвч Цагаачлалын шинэ хуулийн ачаар сөрөг хүчний 20 гаруй зүтгэлтэн гадаад руу зорчоод байгаа биз дээ?

-Кубын бүх иргэнийг ямар нэг хязгааргүйгээр гадаад руу аялахыг зөвшөөрч, мөн гадаадад амьдардаг кубуудыг бүгдийг нь буцаж ирэхийг зөвшөөрвөл шинэчлэл боллоо гэж үзэж болох юм. Засгийн газар энэ талаар бодох ч үгүй байна.

-Ардчилал руу шилжих хэлэлцээг эрх баригчидтай хийхийг та дэмждэг үү?

-Эрх баригчид олон жилийн турш зуучлагчдыг хуурч ирсэн болохоор ийм яриа хэлэлцээ олигтой үр дүн авчрахгүй. Зүүний байна уу, барууны байна уу тэд огт авч хэлэлцдэггүй. Бид болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар дуугардаг, илчилдэг. Гэтэл биднийг үргэлж л Вашингтоны хөлсөөр, мөнгөөр хөдөлж байна гэж буруутгадаг, тэгж харьцдаг. Бид тийм хүмүүс биш ээ.

-Та Испанийн Засгийн газраас юу хүсч байна вэ?

-Үндсэн эрх чөлөөг хүндэтгэж, хүний эрх, ёс суртахуун, улс төрийн эрхийг дэмжсэн байр суурь баримтлаасай гэж хүсч байна. Гэвч Испани нь тивийн бусад улсын адилаар Европын холбооны хүрээнд ажиллахыг эрмэлздэг. Үүнийг би ойлгож байна.

-Кубын шинэ дэд Ерөнхийлөгч Мигель Диас-Канельд та аль хэр итгэж банйа даа?

-Бараг итгэхгүй байна. Кастрогийн дэглэм халдашгүй хэвээр байна. Түүнийг дэд Ерөнхийлөгчөөр томилсон нь тоталитар дэглэмийн бүрэлдэхүүнд олигтой өөрчлөлт авчрахгүй. Ах дүү Кастро ямар ч жинхэнэ шинэчлэлийг хүсэхгүй байна. Тэд өөрчлөлт, шинэчлэлийн талд зогсох боломж маш бага. Тэд угаасаа л шинэчлэгчид биш, эсрэг талын хүмүүс.

No comments:

Post a Comment